Богд уулыг бохирдуулагчдыг торгоод л толгойг нь илээд байх уу

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 4, 5 дугаар саруудад хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн 42 иргэн, аж ахуй нэгжид холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээг тооцон ажиллалаа гэж мэдээллээ.
Тодруулбал, илэрсэн зөрчлүүдийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулж, нийт 120 сая төгрөгийн торгууль, шийтгэл оногдуулжээ.
Түүнчлэн цаашид хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчныг бохирдуулсан газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, газар ашиглах эрхийг цуцлах саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн ажиллахаа анхааруулжээ.
Тус газраас удаа дараа ийн ажиллаж, анхааруулсаар ирсэн. Гэвч бодит байдал ямар байгааг дээрх зургуудаас, өмнөх мэдээллүүдээс нь харж болно. Эгэл жирийн ард иргэд Богд уулыг дархан цаазат газар хэмээн сүрдэж, сүсэглэж залбирч явдаг. Харин эрх мэдэлтнүүд, тэдний холбоо сүлбээ бүхий хүмүүс энэ хормой, бэлгүй үүрлэж дураараа дургиж байна.
Ашиг сонирхолтой этгээдүүдэд өнөөдрийн торгуулийн хэдэн төгрөг юу ч биш. Тэгэхээр торгож тоглож, толгойг нь илсээр л байх уу. Эсвэл эзэн улс нь газар нутгаа мэдэж, тусгай хамгаалалттай газраар нь байлгах уу...
Б.БАЯРТ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зайсангүүрнээс баруун тийш 200м туул голын урд эрэг дагуу туулын бургасанд гэр хороолол нэмэгдсээр л байна даа