"Snowdrop" кинонд тоглосон Пак Сүрён 29 насандаа таалал төгслөө

Мюзикл киногоороо олны танил болсон жүжигчин Пак Сү Рён энэ сарын 11-ний өдөр нас баржээ. Тэрээр 29 настай байсан юм.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлийн OSEN агентлагийн мэдээлснээр түүнийг шатнаас унаж нас барсан хэмээжээ. Шатнаас унасны дараагаар эмнэлэгт хүргэгдэж, яаралтай тусламж авсан хэдий ч тархи нь үхэжсэний улмаас амьсгал хураасан байна.

Театрын албаныхны мэдээлснээр Пак Сү Рёны ар гэрийнхэн нь гэнэтийн ослоор дотны нэгнээ алдсан ч түүний өгөөмөр сэтгэлийг бодолцон, эд эрхтнийг нь хандивдажээ.
Түүнийг маргааш буюу 13-ны өдөр оршуулах юм байна.

Тэрээр анх 2018 онд "Ким Жүн Үгийн эрэлд" мюзиклээр дебют хийж байсан юм.

Мөн JTBC телевизийн "Snowdrop" драмад тоглосон байна. Тухайн үед гол дүрийн жүжигчин Жун Хэ Интэй авахуулсан зургаа нийтэлж, "Коллежийн эмэгтэй оюутнуудын сүүлийн зураг авалтын дараа ч тэр биднийг дэмжиж, санаа тавьж байсан. Уг нь бол маш жижигхэн дүр шүү дээ. Өөр уран бүтээлээр уулзана гэж найдаж байна" хэмээн бичиж байжээ.

Дараа нь кино багийнхантай зургаа даруулж, "Энэ бол миний амьдралын анхны драма" хэмээн бичжээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.