"Эцсийн бүтээгдэхүүнийг нутагтаа үйлдвэрлэх зорилго өвөртөлж байгаа"

Жилд 2000-3000 тн ноос угаах хүчин чадалтай үйлдвэрийг Дундговь аймагт барьж, долоодугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар тоног төхөөрөмжөө угсарч байгаа аж.
Тодруулбал, тус аймгийн “Их-Онь” ХХК тус ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Ингэхдээ өөрийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэ жилдээ багтаж хонь, тэмээний ноос, ноолуур угаах, ирэх жилээс самнах үйлдвэр барихаар төлөвлөн ажиллаж буй. Энэ талаар тодруулахаар тус аймгийн засаг даргын орлогч М.Анхбаяртай холбогдлоо.
-Тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил ямар шатандаа явж байна?
-Барилгын ажил ерөнхийдөө дууссан гэж хэлж болно. Одоогоор угсралт явагдаж байгаа. Саяхан барилгын газрыг сунгах тал дээр хамтарч дэмжин ажилласан юм.
-Хэзээ ашиглалтад орохоор төлөвлөж байна?
-Одоогоор тодорхой тов байхгүй, гэхдээ ойрын хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж буй.
-Орон нутгийнхаа хэмжээнд үйлдвэрлэлээ явуулах төлөвлөгөөтэй байгаа юу. Угаасан ноосоо хэрхэх вэ?
-Эхний ээлжид орон нутгийнхаа хэмжээнд ноос ноолуураа угаана. Энд угаасан ноосоо гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Иргэдээс ямар байдлаар авах төлөвлөгөөтэй байна?
-Иргэдийн гар дээрээс ямар нэгэн дамжлагагүйгээр авах зохицуулалтыг хийж ажиллаж байгаа.
Энэ ажлын хүрээнд 200-250 сая төгрөгийн өртөгтэй ноос хүлээн авч, хяргах, угаах зэрэг бэлтгэл ажлыг гүйцэтгэдэг цэгийг байгуулаад байна. Тус цэг манай аймгийн хэмжээнд гурав байдаг. Ирэх жилээс тоог нь олшруулах төлөвлөгөөтэй байгаа.
-Ноос угаахаас өөр үйлдвэр барих уу?
-Эхний ээлжид ноос угаах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дараагаар нь бусад шатны үйлдвэрүүдийг барьж байгуулж эцсийн бүтээгдэхүүнийг нутагтаа үйлдвэрлэх зорилго өвөртөлж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.