Наадмын дараа намар: Бэлтгэх бололцоогүй өвөлжилтийг 54 хувьтай "бэлтгэжээ"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүрийн ээлжит өглөөний уулзалтаараа энэ удаад эрчим хүчний салбарыг сонгосон. Уулзалтын эхэнд салбарын сайд нь өвөлжилтийн бэлтгэл ажил 54 хувьтай явна гэж мэдээлсэн. Харин үүний араас салбарын төлөөллүүд тулгамдсан асуудлаа танилцуулсан. Ингэхэд,
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал "Бид нүүрсний тонн тутамд 5500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. “Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 48 хувьтай байна. Энэ онд 4.3 сая тонн нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөсөн ч манай жилийн хүчин чадал 4 сая тонн, жилийн захиалга 4.7 сая тонн хүрсэн. Үндсэндээ 15 хувийн ачаалалтай ажиллаж байна. Санхүүгийн хувьд дэмжлэг хэрэгтэй байгаа. Багануурын уурхайн хүчин чадлыг 6.5-7 сая тоннд хүргэх шаардлага бий "
Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд "Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар. Манай салбарт тулгамдсан асуудал олон бий ч би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна. 2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, илүү либерал болгомоор байна. ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна"
“Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү "Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын 2 жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна."
“ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар "Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна".
“УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан "Үерийн бүсэд энэ сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянах бүрэн боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна."
Төлөөллүүдийн тооцсон асуудлаас харахад энэ салбарт "уналт" нүүрлэжээ. Дулаан, эрчим хүчний 54-58 хувийг хангадаг төрийн өмчит компани нь хүний нөөцийн дутагдалтай, цахилгаан түгээх сүлжээ нь гамшигт бэлэн биш, "Багануур" ХК нь тонн тутамдаа 5500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байхад салбарын сайд өвлийн бэлтгэлээ талаас дээш хувь хангасан гээд "томорчихов" гэлтэй харагдаж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжилсүрэн ажил хийхгүй гэдгээ зарлачихсан биздэ хийж ч чадахгүй юм байна , сэтгэл ч байхгүй юм байна.Хийгээл идэх гэхээр томчууд мэдчих гээд шалтаг тооцон хугацаагаа дуусгахаас өөр гарц үлдсэнгүй.
Erchimkhuchnii saidiig khurdan eerchleechee, ene salbar ynasan deeree byyr ynalaa kheden too l yridag, akhmad , dund , zaluu injineryyd zendee , ter zasgiin gazaraas tomildogoo boli lhurdtai ajillaachee
Дулаан,цахилгааны үнэ нэмэх бэлтгэл.