Цахим "хавдар" буюу нийтэлсэн зургаар нь доромжлох эмгэг

Цахим орчин дахь ялгаварлан гадуурхах, үг хэлээр доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Ингэхдээ нийтэлсэн зургаараа шүүмжлүүлж, элдэв бусаар хэлүүлж, бусдын доромж үгний бай болж, сэтгэл зүйн асуудалтай болж буй иргэд нэмэгдэх шиг.
Дутуугийн комплекс гэх үү, стрессээ тайлах арга хэмээн нэрийдэх үү, эл гаж нөлөө цахим орчны "хавдар" болж, нас харгалзахгүйгээр энэ өвчнөөр өвчилцгөөж байна.
Хамгийн сүүлийн үеийн жишээ бол алдартай контент суваг болох "Nas Daily"-гийн манай улсад хийж буй контентод оролцсон фитнесс модель болон бусад охид нийтэлсэн зургаасаа болж, цахим орчинд доромжлуулж буй.
Хэдийгээр цахим орчим хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх талбар хэдий ч хуульд захирагддаг хэсэг. Гэлээ ч бусдыг элдэв үгээр хэлэхэээс гадна хүнийг секс объект болгож, доромжлох агуулга руу чиглэж буй.
"Монгол хүүхнүүд хямдхан, гадныхны өвөрт ордог эмэгтэй, наад хүн чинь бусадтай бэлгийн харьцаанд орж явдаг, биеэ үнэлдэг хүн" гэх мэт элдэв төрлөөр бичих нь нэмэгдлээ. Хүссэн нь ч доромжлон, хараах болжээ. Үүнийгээ ардчилсан нийгэмд өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр хэмээн ойлгодог. Огтхон ч тийм биш.
Цахим хэрэглээг зөв ашиглаж чадахгүй монголчууд бусдыг дээрэлхэх байдал нь бодит ертөнцөөс цахим руу шилжсэн нь энэ. Далд хэлбэрээр үргэлжилдэг, эл асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь зүй. Олон хүн ийм төрлийн хэргийг хуулиар шийдвэрлүүлсээр байвал аяндаа цахим орчинг зохистой хэрэглэдэг болох биз. Өмссөн хувцас, гадаад үзэмж, хэл яриа, нийтэлсэн зургаараа дээрэлхүүлсээр байж болохгүй.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр хэсэгт хүний нэр төр, алдар хүндэд хандсан худал мэдээлэл тараасан бол 450 мянгаас 1.3 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг буюу 20-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэл оноодог байна. Доромжилж байгаа иргэд энэ хуулийн дагуу бол шүүхээр шийдвэрлэсэн цагт Эрүүгийн гэмт хэрэгтэн болно гэсэн үг.
Бусдыг элдвээр хэлж, доромжилсныхоо хариуд Эрүүгийн хэрэгтэн болвол тухайн иргэн дахиад л хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй гэх уриа лоозонгоо савчаад эхэлнэ.
Харин доромжлуулж, хохирсон иргэн цахим орчинд элдвээр хэлүүлсэн тохиолдолд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хандахгүй гэсэн үг. Энэ бол огтхон ч цахим гэмт хэрэг биш. Тиймээс оршин суугаа газрынхаа харьяа цагдаагийн хэлтэст өргөдөл, гомдол гаргаж болдог.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заавал ингэж нүцгэн хүүхнүүд авахуулж Монголыг сeкс туризмын орон мэт харагдуулж байгаа нь онцгүй л юм
Гэхдээ энэ сурталчилгаа гэх юм уу контент ч юм уу арай л ёс зүйгүй бүдүүлэг контент болж байна. Энэ гадаад иргэн өөрөө ч эрүүл бус сэтгэхүйтэй хүн юмаа