Нийгэм мэдээСурвалжилга

Сурвалжилга: Үеийнхэн дундаа өмссөн пүүзээрээ гадуурхагдсан хүүхдүүд, өөрсдийгөө гэмтээх нь ихэсжээ

Өнөө цагт өсвөр насны сурагчид буюу 14-16 насныхан нэгнээ өмссөн пүүзээр нь ялгаварлан гадуурхдаг болжээ. Анги танхим, дугуйлан, секцэд өмссөн хувцас тэр дундаа өмссөн пүүзээр нь эрэмбэлэн жагсааж ялгаварладаг болсон байна.

Энэхүү ялгаварлан гадуурхалтад өртсөн сурагчдын кейс болон сургуулийн багш, сэтгэлзүйч нартай хийсэн ярилцлага, сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна.

Кейс нэг:

-Намайг дөхөөд очихоор л "Нөгөө хямдхан бацаан ирж байна, явъя" гэдэг-

"Би ... сургуулийн есдүгээр ангид суралцдаг. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээд байдаг. Сагсан бөмбөгийн бэлтгэл байнга хийдэг болохоор зааланд өмсдөг пүүз хамгийн чухал. Гэвч заримдаа өмсөж байгаа пүүз нь нэр төрийн баталгаа болдог.

Сагсны шигшээ үе дотроо бэлтгэл хийдэг, өнгөрсөн жилээс эхлээд миний пүүзийг чанаргүй, хулхи гэж голоод дээрэлхэж эхэлсэн. Миний пүүзийг шаланд чахруулж дуугаргаж үзнэ, базна, тэгээд хулхи байвал бөөнөөрөө гадуурхаж эхэлнэ.

Намайг дөхөөд очихоор л "Нөгөө хямдхан бацаан ирж байна, явъя" гэдэг. Хэдий насаар чацуу ч гэсэн шоглоом хийж байгаа маягаар бацаан аа, хүүхэд ээ, хүүе хулхи аа гэж дууддаг. Эхэндээ энэ байдлыг тэсээд гарчихна гэж бодсон. Гэхдээ удах тусам сургуульдаа, хичээлдээ, секцдээ явах хүсэлгүй болж эхэлсэн".

Өсвөр насныхан нэгнийхээ пүүзний оригиналь эсвэл "хулхи"-ийг юүтүб болон рийл бичлэг дээрх зөвлөмжийг ашиглан шалгадаг. Пүүзийг мушгиад үзэхэд ул нь бамбалзаж байгаа эсэхээр нь оригинал болох хулхийг нь ялгадаг жишиг тогтжээ.

Кейс хоёр:

-Ангид сууж байхад толгой руу тоглоомоор цохино, босох үед дэгээдэж унагаана, заримдаа цүнх нуучихсан байдаг байсан-

Сургууль, нэрээ нууцлахийг хүссэн

"Би ... дүүргийн ... сургуулийн 10а ангид сурдаг. Би ангидаа таван хүүхэдтэй нийлдэг байсан юм. Сүүлд нь манай ангид нэг эрэгтэй хүүхэд шилжиж ирснээс хойш миний өмссөн хувцсыг шүүмжилж эхлэсэн.

Би нэг пүүзээ их удаан өмссөн. Үнэндээ би пүүзээ маш цэвэрхэн гамтай арчилж өмсдөг. Гэтэл нийлдэг найзуудаас маань нэг нь надаас "Танайх ядуу болохоор чамд өөр пүүз байдаггүй юм уу" гэсэн. Найзаасаа ийм үг сонсоно гэж огт бодоогүй, сонсоод чихэндээ ч итгээгүй, юу гэж хариулахаа мэдэхгүй хий дэмий л урдаас нь инээгээд зогсож байсан.

Бага багаар найзууд маань надаас зайгаа барьж эхлэсэн. Намайг явсны дараа тэд цугладаг болж, байхгүйд хөгжилдөж, дөхөөд очихоор л царай нь хувьсхийдэг байсан. Ангид сууж байхад толгой руу тоглоомоор цохино, босох үед дэгээдэж унагаана, заримдаа цүнх нуучихсан байдаг байсан.

Энэ байдал надад үнэхээр хэцүү санагдаж эхэлсэн учраас аав ээж хоёроосоо гуйж байгаад өөр сургууль руу шилжсэн. Одоо шинэ сургуульд маань хуучин сургуулийнх шиг асуудал байхгүй учраас сэтгэл их амар тайван байгаа.

Надад шоолуулж, шоглуулах хамгийн дарамттай байсан. Яг юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан үхмээр санагддаг байсан" гэж эх сурвалж маань нэмэлтээр өгүүллээ.

Кейс гурав:

-Фэйсбүүк групп чатанд "Манай ангийнхны өмссөн пүүзний үнэ" гэж ихээс нь бага руу жагсааж, зурагтай нь явуулдаг-

"Би зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд. Миний бодлоор өмсөж байгаа пүүз, барьж байгаа утас бол хүний хэрэглээ. Гэхдээ манай нөгөө ангийн хэдэн хүүхдүүд болон манай ангийнханд утас болон пүүз нь хамгийн чухал зүйл юм.

Надад ахын хуучин пүүзийг өмсөх, хажуугаар нь ээжийнхээ авч өгсөн пүүзийг өмсөх сонголтууд байдаг. Тийм болохоор намайг "хуучирсан, хулхи" гэж дууддаг. Манай ангийн хөвгүүдийн групп чатад "Манай ангийнхны өмссөн пүүзний үнэ" гэж ихээс нь бага руу зурагтай нь явуулдаг. Энэ нь бараг уламжлал болоод тогтчихсон. Хамгийн үнэтэй пүүз нь 600 орчим мянга, хамгийн хямдхан нь 80-90 мянган төгрөг.

"Өнчин болохоор хямдрал хайгаад л явж байна уу" гэх мэт уйлмаар муухай үгсийг хэлдэг. Би ингэж хэлүүлснээс хойш хичээлээ тасалдаг байсан. Өглөө хичээлдээ явлаа гэж гараад өдөржин дэмий тэнэж байгаад харьдаг байсан. Сүүлд нь энэ байдал илчлэгдээд асуудал үүссэн.

Сургууль, анги, нэрээ нууцлахийг хүссэн

14-16 насныхан 500 мянгаас дээш үнэлгээтэй пүүзийг илүүд үздэг. Гадаадын болон дотоодын инфлюнсерүүдийг дуурайх үзэгдэл элбэг байдаг бөгөөд аав, ээжээрээ үнэтэй пүүз авхуулахыг гуйдаг байна. Хүүхдүүд тухайн жилдээ гарсан шинэ загварын пүүзнүүдийг авах сонирхолтой байдаг ба заримд нь оригиналь л пүүз байвал үйлдвэрлэгдсэн он нь хамаагүй гэх хандлага түгээмэл байдаг байна.

2023 онд хүүхдүүдийн хамгийн их сонирхдог таван пүүз

  1. Air Jordan 3 Reimagined “White Cement”
  2. Off-White x Nike Air Force 1 Low “Grey”
  3. Travis Scott x Air Jordan 1 Low OG “Olive”
  4. Air Jordan 1 High 85 “Black White”
  5. Аir Jordan 1 High Spider-Man: Across The Spider-Verse

Есдүгээр ангийн АУБ, Эрүүл мэндийн багш : Нийгмийн аль ч цаг үед ялгаварлалт байсаар ирсэн. Сурагчид гэлтгүй багш нар ч нэгнээ ялгаварладаг

-Та боловсролын салбарт хэддэх жилдээ багшилж байгаа вэ?

-Би боловсролын салбарт 20-иод жил ажилласан. Нэгнээ амьдралын түвшин, өмссөн хувцсаар нь ялгадаг энэ үйлдэд аль ч нийгмийн, ямар ч цаг үед байсаар ирсэн. Ихэвчлэн 8-9 дүгээр ангийн хүүхдүүд дунд байдаг.

-Хүүхдүүд нэгнээ юунаас болж ялгаварлан гадуурхдаг гэж бодож байна вэ?

-Томоожоогүй, юмсыг хараахан бүрэн ойлгож сураагүй байгаа хүүхдүүдийн бахдалын сэтгэл ханамж нэгнээ ялгаварлаж илэрхийлэгддэг гэж боддог. Энэ нийгэмд сурагчид гэлтгүй багш нар дунд хүртэл нэгнээ өмссөн хувцсаар нь дүгнэх ялгах хандлага байдаг. Энэ нь тухайн хүний ухааны цар хүрээг харуулж байгаа хэрэг хэдий ч бид өөрсдөө хүүхдүүдэд буруу үлгэр дууриаллыг үзүүлдэг. Бусдыгаа дээрэлхдэг хүүхдийн сэтгэл зүй нь 100 хувь гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалдаг. Ээж нь юм уу аав нь дэргэд нь хэн нэгний өмссөн зүүснийг өөлж, гоочилдог бол хүүхэд тэр байдлыг маш хурдан сурна. Мөн гэр бүлийн дотоод асуудал, зөрчилдөөн их байдаг бол түүнийгээ ил гаргаж, тайтгаруулах гэж хэн нэгнийг дээрэлхдэг байж ч болох юм.

-Ялгаварлалыг хэрхэн багасгах вэ, сурагчдад энэ зүйлийн хор уршгийг хэрхэн ойлгуулах вэ?

-Ялгаварлалыг зогсоохын тулд ЕБС-ийн сурагчдад форм өмсүүлдэг. Биеийн тамирын хичээлд нэг үеийн хоёр анги яг адилхан загвартай хослол захиалсан ч нэгнийх нь өнгө нь арай өөр байх үед нөгөө ангийн өмсгөл гоё, манай ангийнх муухай гэж голох жишээтэй. Намайг сурагч байх үед тамирын хичээлд бүх нийтийг ижил хувцастай болгож, цагаан кет гэх үү дээ, тиймэрхүү гутлаар жигдрүүлдэг байсан. Бид одоо нэгдсэн жигдэрсэн гутал хувцастай болгоё гэхээр эцэг эхчүүдээс санал гомдол ирдэг. Шагайгүй гутал өмсвөл хүүхэд хөлөө бэртээнэ, мөнгө төгрөг хурааж жигдрүүлж болохгүй зэрэг шүүмжлэлд өртдөг.

Ялгаварлан гадуурхалтын хор уршгийг хүүхдүүд цаг хугацаа өнгөрөх тусам ойлгож эхэлдэг. Ахлах ангийн хүүхдүүд дунд нэгнээ ялгаварлах үзэгдэл бага шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийг томоожтол хүлээхийн хажуугаар суртал ухуулга хийдэг болох хэрэгтэй. Соён гэгээрүүлж, ялгаварлалтын хор уршгийн талаар бага ангиас нь эхлэн ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна.

Манай улсад үе тэнгийнхний дээрэлхэлт OECD-ийн дунджаас дээгүүр, Азийн дунджаас арай бага түвшинд байна. Үүнээс үзэхэд нийт хүүхдүүдийн 21.3 хувь нь ил болон далд хэлбэрийн үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж байдаг тухай PISA-гийн судалгаа гарсан байна.

Бид сургуулийн сэтгэл зүйчтэй уулзаж ялгаварлан гадуурхалтад өртөж буй болон үйлдэж буй хүүхдийн сэтгэл зүйн талаар ярилцлаа.

Сургуулийн сэтгэл зүйч Г.Ганцэцэг: Ялгаварлан гадуурхалтад өртсөн сурагчдад ихэвчлэн ганцаардлын мэдрэмж төрдөг

-Сургуулийн сэтгэл зүйчээр ажиллаад хэр удаж байна вэ, таны ажиллаж байгаа хугацаанд хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар ярилцах гэж орж ирдэг вэ?

-Сургуулийн сэтгэлзүйч хийгээд хоёр жил болж байна. Хүүхдүүд ихэвчлэн нэгэндээ дээрэлхүүлсэн, шоглуулсан, ганцаардал мэдэрч байгаа тухайгаа ярихаар орж ирдэг.

-Хүүхдүүд нэгнээ өмссөн хувцсаар нь ялгаварладаг, энэ юунаас шалтгаалдаг гэж бодож байна вэ?

-Ээж, аавын үлгэр дуурайлал. Хүүхдийнхээ дэргэд тэр тийм юм өмссөн, энэ ингэсэн гэх харилцан яриануудаас үүдэж хүүхэд хүнийг өмссөн хувцасаар нь дүгнэж эхлэдэг. Мөн одоо үед хүүхдүүд сошиал платформуудыг маш сайн ашигладаг. Өөрийн дуртай хүнийг дагаж, түүн шигээ болохыг хүсдэг хүсэл ихтэй. Үүнээсээ болоод өөрийгөө болон бусдыг голох, гадна үзэмж чухал гэдэгт итгэж нэгнээ ялгаварлан гадуурхдаг.

-Гадуурхалтад өртсөн хүүхдийн сэтгэл зүй ихэвчлэн ямар байдаг вэ, мөн ямар тусламж үзүүлэх хэрэгтэй вэ?

-Гадуурхагдсан хүүхэд маш хурдан муугаар өөрчлөгддөг, дуу муутай болно, олон дунд байхаас зайлсхийнэ, үргэлжийн санаа зовсон, өөртөө сэтгэл дундуур байгаа мэдрэмж авдаг. Мөн байнгын ганцаардлын мэдрэмжтэй.

Ийм төрлийн хүүхдүүд ихэвчлэн маш дотогш чиглэлтэй болчихсон байдаг учраас өөрийгөө илэрхийлэхдээ тун тааруу. Тиймээс аль болох дотор нь нуугдсан мэдрэмжүүдийг ил гаргаж, ярилцах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа тааварлахын аргагүй байдаг учраас гадуурхалтаас үүдэн өөрийгөө бэртээж, гэмтээж магадгүй учир, гэр бүлийнхэн болон багш нар онцгойлон анхаарах хэрэгтэй.

-Сая гадуурхалтад өртсөн хүүхдийн сэтгэл зүйн тухай ярьсан бол одоо эсэргээрээ, ялгаварлан гадуурхаж байгаа хүүхдийн тухайд?

-Гэр бүлийн хүмүүжил энд их нөлөөлдөг. Олон шалтгаанаас үүдэн ялгаварлан гадуурхалтыг үйлддэг. Багаасаа олны төвд байсан хүүхэд том болсон ч энэ мэдрэмжээ авахын тулд хэн нэгнийг дээрэлхэж, түүгээрээ олны хараанд өртөхийг эрмэлздэг. Мөн хүүхдийн бахадсан, шинэ зүйлээ хэн нэгэнд харуулж сэтгэл хөөрлөө дарах гэсэн оролдлогууд, аль эсвэл өөртөө сэтгэл дундуур байдаг хэдий ч түүнийгээ бусдад мэдэгдэхийг хүсдэггүй гээд маш олон төрлийн сэтгэл зүйгээс шалтгаалдаг. Ямар ч төрлийнх байсан бид гадуурхалтын хор уршгийг сайтар ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна.

-Таны сая дурдсанчлан гадуурхалтыг хэрхэн яаж багасгах вэ, энэ зүйлийн хор уршгийг хүүхдүүдэд хэрхэн ойлгуулах вэ?

-Томчууд бид нөлөөлж, үлгэрлэх хэрэгтэй. Ялгаварлан гадуурхалт сайн зүйл биш, түүний хор уршгийн талаар нөлөөлж, ойлгуулах хэрэгтэй. Одоо үеийн хүүхдүүдэд нөлөөлье гэвэл багаас нь ойлгуулах ба цахим орчинд энэ талаар ярьж, хор уршгийг нь таниулах зүйтэй гэж бодож байна. Хүүхдүүдийн үзэх дуртай юүтүбэр аль эсвэл дуртай алдартнууд уриалга гаргаж, хор уршгийг нь ойлгуулж, эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд ярих яриагаа зөв сонгох гээд биднээс маш их зүйл шалтгаална.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлчийн тэмдэглэл:

  1. Сурагчид оригиналь пүүз өмсөхийг ихээр хүсдэг ба 500 орчим мянган төгрөгийн пүүзийг авахуулахыг эрмэлздэг
  2. Ялгаварлан гадуурхалт нийгмийн аль ч цаг үед ил болон далд хэлбэрээр байсан ба хүүхдүүдэд нөлөөлөх хамгийн ойрын хүмүүс бол эцэг эхчүүд юм
  3. Гадуурхалтад өртсөн хүүхдийн сэтгэлзүй маш эмзэг учир өөрийгөө бэртээж, гэмтээж болзошгүй. Тиймээс хүүхэдтэйгээ сайн ярилцаж, ойлголцож байх хэрэгтэй
  4. Боловсролын системд багаас нь эхлэн ялгаварлан гадуурхалтын хор уршгийн талаар нөлөөлж, ойлгуулах хэрэгтэй байгаа аж

Бүх зүйл эрчимтэй хөгжин өөрчлөгдөж байгаа өнөө цаг үед, нийгмийн аль ч цаг үед байсан ялгаварлан гадуурхалт бидний дунд одоог хүртэл байгаад эмзэглэм. Нийгмээс халж, арчиж хаях ёстой асуудлын нэн тэргүүнд тавигдах зүйл учир бид өөрсдөөсөө эхлэн шинэчлэгдэж, цаашлаад нөлөөлөх хэрэгтэй. Гэнэн томоогүй хүүхдийн хийж буй үйлдэл хэдий ч алс хэтдээ маш их хор хөнөөлтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хөрш
Зочин хөрш
12 сар 7, 2023 08:00

Бид нэг ийм тэнэг зүйлийг хүсээд байсан одоо тэрэндээ хүрч байх шиг байна. Байд�##� энэ хэвээрээ үргэлжлээд байв�##� удахгүй улсаараа сөнөх аюул ойрхон байна даа. Энэ наймаачдын сэтгэхүйгээр бүгдийг үнэлж тэнэгтдэг зангаа засах гэж хичээхгүй бол явахгүйнэ дээ Монголчуудаа.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 09:32

анайх ядуу болохоор чамд өөр пүүз байдаггүй юм уу" гэсэн. Найзаасаа ийм үг сонсоно гэж огт бодоогүй сонсоод чихэндээ ч итгээгүй, юу гэж хариулахаа мэдэхгүй хий дэмий л урдаас нь инээгээд зогсож байсАН
АХ НЬ хүний хаяж байсан пүүз аваао өмсөөд өдий зэрэгт хүрсэн
Хичэээлээ сайн хийгээд Зорилгынхоо төлөө явахад 10 жилийн дараа инээж байсан найзаасаа илүү гарнаа

Зочин
Зочин
12 сар 7, 2023 09:37

Эцэг эх эмээ нар нь эдийн шун�##�тай хоорондоо тэнэгтдэг үе шд. Тэхээр эх нь хээр �##�аг бол унага нь шийр �##�аг гэж их Үнэн үг.

нар
нар
12 сар 7, 2023 09:53

Сургууль дээр нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар нь ажлаа хийхгүй байнаа, Зүгээр ц�##�ин аваад байхаар энэ т�##�аар хүүхдүүдэд сург�##�т ороочээ.

Баярлалаа
Баярлалаа
12 сар 7, 2023 12:18

Хувцас хунар, хөрөнгө чинээ бол түр зуурынх шүү. Эрдэм номондоо шамдаад, сурч боловсорч мэргэжилтэй болбол ирээдүйд хичнээн ч үнэтэй пүүз авч чадна шүү. Зорилгоо тодорхой болгож түүнийхээ төлөө зүтгээрэй.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 12:45

ЭНЭ ТЭНЭГ ҮЗЭГДЭЛ 20 ИОД ЖИЛИЙН ӨМНӨ Ч БАЙСАН , ОДОО БҮР ХҮЧЭЭ АВЧЭЭ ... Монголын гэр бүл, бүх шатны боловсролын тогтолцоонд ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ ОРХИГДСОН ТУЛ түүний үр дагавар нийгмийг бүхэлд нь бохирдуулсаар, хүн хэмээх амьтан улам зэрлэгшсээр байгааг анзаараач , ЯЛГАВАРЛАХ ҮЗЭЛ ХЭНИЙ Ч ХУВЬД ХАМГИЙН АЙМШИГ ШҮҮ ДЭЭ ...

Хоосон толгой
Хоосон толгой
12 сар 7, 2023 14:17

Толгой нь хоосон хүмүүс л гадна т�##�ын зүйлст их анхаардаг, жишээлбэл хувцас, царай зүс гм. Тэгээд ч жинхэнэ баячууд нь хэнд ч юуг ч батлах шаардлагагүй учир энэ зэргийн жижиг асуудлаар хөөцөлддөггүй, харин мөн чанарыг эрхэмлэдэг. Английн хаан 1 п�##�ьтогоо 30 жил өмсөөд хүүдээ бэлэглэн үүгээрээ бахархдаг.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 16:02

Дэлхий дээрх үнэгүй үнэтэй бүх пүүз Азийн орнуудад хийгдэх ба 10000 ширхэг нь 50 -100 хан юань гэтэл Монголд орж ирээд 30000-3 ая төгрөг хүртэл зарагддаг. Болохгүй бол брэндийн пүүзийг нь хямдаар оруулж хямдхан шиг зарж буян болох юмсан. Брэндийн араас бүү хөөцөлдөөсэй. Түүний оронд номын санд суу.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 16:11

85 USD. Burberry Shangri-la Central Towert 3,8 сая гаруй төгрөгочоод үзэцгэ. Асуув�##� бид брэнд гэнэ. Яг ижил. Брэнд гэдэг нь тухайн үйлдвэрлэгч эсвэл латент эзэмшигч, зарах эрхтэй компанийг л хэлнэ. Шошгоны үнэ төлж гут�##� өмсөөгүй гэж гутрах нь хамгийн тэнэг асууд�##� болно. Дэлхийн баячууд нэгдэн брэнд хөөдөггүй юм. Хамгийн ядуу сэтгэлгээтэй хүн л хамаг мөнгөөрөө брэнд авч өмсөнө. Монголоор дүүрэн хэдэн тэрбумын өртэй хүний нүдэнд брэнддэж харагдсан хүний хүүхдүүдийг бүү дуурай. Харин ч эцэг эх чинь өргүй , шаардлагатай хувцас хэрэглэлийг бэлдэх чад�##�тайд нь баярлаж яв хүүхдүүд ээ. Одоо дунд сургууль их сургуульд брэнд өмсөхийг хуулиар хоригло. Д�##�дуур л тэргудвел шингэсэн үнэтэй хувцсаа өмсөнө биз

Зочин
Зочин
12 сар 7, 2023 16:17

Setgeldel deeree zurag video oruulj boldog bol bodit buh uneniig ni end oruulaad uneng oilguulaad uguh yumsan

Судлаач иргэн
Судлаач иргэн
12 сар 7, 2023 18:12

Энэ тэнэг сэтгүүлч байхгүй шахуу асуудлыг дэгсдүүлж харинч их муухай юм дэлгэрүүлж байна даа...сэтгүүлчид өөрсдөө ямарч болвсролгуй ёс суртахуунгүй оркууд байгаа

Irgen
Irgen
12 сар 8, 2023 11:56

Сурагчийн дүрэмт хувцасанд гут�##� буюу ботинкийн стандартыг оруулах хэрэгтэй юм биш үү. Зөвхөн биеийн тамирт пүүз өмснө бусад үед дүрэмт хувцас ботинк өмсүүлэхээр журам гаргах

Холбоотой мэдээ

Back to top button