Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

“Boeing”-ийн онгоцны эрэлт буурвал АНУ-ын ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлнө

Товч агуулга: АНУ-ын “Boeing” компани нэгэн цагт улсынхаа аж үйлдвэрлэлийн ур чадварыг харуулсан аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанараараа өндөр нэр хүндтэй үйлдвэрлэгч байсан. Тэгтэл сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн онгоцнууд нь осолтой холбоотой мэдээнд их дурдагдах боллоо. Мөн үүн дээр нэмэгдэн тус компанийн тухай шүгэл үлээсэн хүн нас барсан байдалтай олдсон нь гал дээр тос нэмсэн явдал байв.


2018 оноос хойш хэд хэдэн томоохон үйл явдал өрнөсөн нь “Boeing” компанийн нэр хүнд, үйл ажиллагаанд цохилт болсон. Тухайлбал 2018, 2019 онд Boeing 737 Max загварын хоёр онгоц осолдож, 346 хүн амь үрэгдсэн юм. Үүний дараа цар тахал тохиож, тус компани олон тэрбум ам.доллар алдагдал хүлээсэн.

Тэгвэл 2024 он гарснаас хойш 737 загварын онгоц нь хэд хэдэн ослын улмаас дахиад л хэвлэлүүдийн нүүр хуудас дээр нийтлэгдэх болжээ. Энэ жил гарснаас хойш ”Boeing”-ийн эргэн тойронд болсон үйл явдлуудыг жагсаавал:

2024 оны нэгдүгээр сарын 5

АНУ-ын “Alaska Airlines” Boeing 737 Max 9 загварын онгоц АНУ-ын Орегон мужийн дээр нисэж явахдаа лацдаж хаасан хаалга нь цөмөрч онгойсон явдал нэгдүгээр сард гарсан юм. Тус онгоц нисэх буудал руу эргэн зорчиж, яаралтай буулт хийсэн.

Азаар зорчигчийн амь нас эрсдээгүй юм. Хэрэв онгоц илүү өндөрт нисэж явсан бол хаалга цөмөрсний улмаас үүсэх соролтын хүч зорчигчдыг авч одох магадлалтай байсан гэж мэргэжилтнүүд хэлсэн байдаг.

Зургийн эх сурвалж: CBC

Уг явдлын дараа АНУ-ын Агаарын тээврийн захиргаа, Холбооны нисэхийн захиргаа 737 Max 9 загварын бүх онгоцонд яаралт үзлэгт оруулах тушаал гаргасан юм.

Осол гарснаас нэг өдрийн дараа буюу хоёрдугаар сарын 6-нд Үндэсний тээврийн аюулгүй байдлын газраас явуулсан мөрдөн байцаалтын хариу урьдчилсан байдлаар танилцуулагдсан байна. Урьдчилсан шалгалтаар хаалгыг нь лацдаж хаасан “Alaska Airlines” компанийн онгоц өнгөрсөн аравдугаар сард "Boeing"-оос гарахдаа лацны дөрвөн боолт дутуу байсан гэдгийг илрүүлжээ.

2024 оны гуравдугаар сарын 09

“Boeing”-ийн үйлдвэрлэлийн стандартын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж шүгэл үлээсэн тус компанийн ажилтан асан АНУ-д нас барсан байдалтай олдсон юм.

62 настай Жон Барнетт “Boeing” компанид 32 жилийн турш ажилласныхаа дараа 2017 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө “Boeing”-ийн эсрэг үүсгэсэн шүүхийн хэрэгт шүгэл үлээгчээр мэдүүлэг өгч байсан.

Өмнөд Каролина мужийн Чарлестон бүсийн шүүхийн эмч Барнеттыг нас барсан хэмээн өнгөрсөн 11-ний өдөр зарлажээ. Тус мэдэгдэлд Барнеттыг гуравдугаар сарын 9-нд өөртөө санаатайгаар учруулсан шархнаасаа болж амь үрэгдсэн, цагдаа нар шалгаж байгаа гэсэн байна.

Жон Барнетт, зургийн эх сурвалж: The Post Millenial

2019 онд тэрээр “BBC” агентлагт тус үйлдвэрийн ажилчид дарамт шахалтад орсон тул стандартын бус эд ангиудыг зориудаар суурилуулж эхэлсэн гэж хэлсэн юм. Мөн Барнетт яаралтай тохиолдолд дөрвөн хүчилтөрөгчийн маск тутмын нэг нь ажиллахгүй байх эрсдэлтэй асуудал илрүүлсэн гэсэн хэмээжээ.

Тэр нас барсан өдрөө шүүхийн өмнө нэмэлт асуултад хариулах ёстой байсан ч хүрэлцэн ирээгүй юм. Ийм учраас албаны хүмүүс түүнийг шалгахаар байрласан зочид буудалд нь очиход Барнетт машин дотроо амьсгал хураасан байдалтай олдсон байна.

“Boeing” компани түүнийг нас барсны дараа мэдэгдэл хийхдээ “Ноён Барнетт нас барсан гэдгийг сонсоход харамсалтай байна. Түүний гэр бүл, найз нөхдөд эмгэнэл илэрхийлье” гэсэн юм.

2024 оны гуравдугаар сарын 11

Чили улсын “LATAM Airlines” компанийн Австралийн Сидней хотоос Шинэ Зеландын Окланд руу нисэж явсан 787 загварын онгоц нислэгийн дундуур гэнэт огцом унаж эхэлсэн байна.

Зургийн эх сурвалж: CNN

Азаар онгоц осолдолгүйгээр Окланд хотод газардсан юм. Үүний улмаас хэд хэдэн зорчигч бүхээгийн тааз руу шидэгдэж, 50 хүн бэртжээ. Бэртсэн хүмүүсээс 12 нь эмнэлэгт хүргэгдсэнээс нэгийнх нь биеийн хүнд байсан аж. Үлдсэн зорчигчдод яаралтай тусламжийн ажилтнууд газар дээр нь тусламж үзүүлжээ.

Одоогийн байдлаар онгоц гэнэт унаж эхэлсэн шалтгаан тодорхойгүй байгаа. Энэ талаар Шинэ Зеландын Тээврийн ослыг мөрдөн шалгах комисс ажиллаж байгаа юм.

Бусад жижиг ослууд

Гуравдугаар сарын 4-ний өдөр “United Airlines”-ийн Boeing 737 загварын онгоц хөөрснөөс хэсэг хугацааны дараа хөдөлгүүр нь шатсан тул Техас мужийн Хьюстон хотод яаралтай буулт хийжээ. Тус компани мэдэгдэл хийхдээ онгоцны хөдөлгүүрт  нисэхийнх нь өмнө нисэх буудал дээр байсан хуванцар хөөс орсон гэсэн байна.

АНУ-ын Орегон мужийн Портланд хотод гуравдугаар сарын 6-ны өдөр “Alaska Airlines” компанийн Boeing 737-800 загварын онгоцны бүхээгт утаа тогтсон тул яаралтай буулт хийжээ.

Гуравдугаар сарын 7-нд “United Airlines” компанийн Boeing 777-200 загварын онгоц Сан Франциско хотоос нисэх үед дугуй нь салж унасан байна. Үүний улмаас тус онгоц Лос-Анжелес хотноо газардсан юм.

Зургийн эх сурвалж: CTV News

Гуравдугаар сарын 8-нд Хьюстон хотод “United Airlines” компанийн Boeing 737 Max загварын онгоц нислэгийн зурвасаас гарсан байна.

Эдгээр ослууд ямар нөлөө үзүүлэх вэ

Эдгээр ослууд нь нислэгийн тасалбарын үнийг хөөрөгдүүлнэ гэж “R.W. Mann & Company” нэртэй фирмийн ажилтан Роберт Манн хэлжээ. “Airline Reporting Corporation”-ийн мэдээлснээр хоёрдугаар сард АНУ-д онгоцны тасалбарын үнэ 6 хувиар нэмэгджээ.

Зарим тохиолдолд онгоцны тасалбар 10 хүртэл хувиар нэмэгдэх магадлалтай гэж Манн тооцоолсон байна. Сүүлийн хэдэн сар бүртгэгдсэн ослуудын улмаас “Boeing” компанийн борлуулалт буурах нь ойлгомжтой.

Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк “Boeing” нь АНУ-ын хамгийн том онгоцны экспортлогч учир тус компанийн үйлдвэрлэсэн онгоцны эрэлт буурвал АНУ-ын ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

Эх сурвалж: CNN, Al Jazeera, CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button