“Ой 2 сартай хүүхдийн нас барсан шалтгааны дүгнэлт 14-21 хоногт гарна”
Гурав хоногийн өмнө буюу аравдугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Буман жаалууд” гэх нэртэй өдөр өнжүүлэх газарт ой 2 сартай хүүхэд нас барсан хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар хахсаны улмаас нас барсан хэмээн үзээд буй.
Одоогийн байдлаар хүүхэд амь насаа алдсан тухайн газар нь хуулийн хүрээнд ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан тухай албаныхан мэдээлээд байна.
Угтаа зөвшөөрөлгүй хүүхэд асрах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд 200 мянган төгрөгөөр торгох заалт бий.
Харин хүүхдийн амь насаа алдсан шалтгаан, хүүхдийг харж хандаж байсан уг байгууллагыг дан ганц торгоод өнгөрөх үү, нэмж ямар арга хэмжээ тооцох нь анхаарал татаж байна. Иймээс тухайн хэргийн үйл явцын талаар ЦЕГ-аас тодрууллаа.
-Шүүх шинжилгээний хариунаас үүдэн хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан үйлдэл бүр дээр хэрэг үүсгэх боломжтой-
Ингэхэд “Ой 2 сартай хүүхэд “Өдөр өнжүүлэх газар”-т амиа алдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас шалгаж буй. Одоогоор нас барсан шалтгааныг тодруулахаар Шүүх шинжилгээний байгууллагаас нарийн шинжилгээ хийж байна. Хариу 14-21 хоногт гарахаар байгаа.
Хэргийн явцын тухайд мөрдөн шалгах алба руу өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Харин хууль бусаар “Өдөр өнжүүлэх” ажиллуулсан тус байгууллагад мөнгөн торгууль хийгээд шүүх шинжилгээний хариунаас үүдэн хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан үйлдэл бүр дээр хэрэг үүсгэх боломжтой” гэв.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нялх амьтанг задланд оруулаад ч яадаг ?