П.Сайнзориг: Монгол Улс хөрөнгө оруулахгүйгээр АМНАТ авч үр өгөөжийг нь хүртэх чиглэлийг баримтлах ёстой
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2024.10.31/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа. 30 гаруй жил ярьж байгаа төсөл. Өнгөрсөн Засгийн газар энэ ажлыг бага зэрэг урагшлуулсан. Энэ ажлын хэлэлцээ цааш урагшлахад хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Гишүүд бүгд зарчмын хувьд бол дэмжиж байх шиг байна.
Энэ төсөл Оюу-Толгой төслийн дараагаар Монгол Улсад томоохон хөрөнгө оруулалт болж орж ирж байгаа төсөл болох юм. Гэхдээ төслийн багтаамжийн хувьд Оюу-Толгойтой харьцуулбал жижгэвтэр 5 тэрбум долларын эргэлттэй тодорхой хэмжээний валютын урсгал орж ирэх төсөл байгаа боловч ач холбогдлын хувьд маш өндөр.
Гадаад харилцаа, гурав дахь хөршийн эрх ашгийг Монгол Улсад оруулж ирэх ач холбогдолтой. Дээрээс нь НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн нэгтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болж өгч байна гэсэн үг. Гишүүд маань хоёр зүйлийг хольж яриад байна. Төслийн хүрээнд ураны олборлолтыг явуулахаас гадна цаашдаа энэ зүйлийг баяжуулж эрчим хүч гаргах нь тусдаа асуудал. Эхлээд ураны хэлэлцээ явж байж бид эхний ээлжид шар нунтаг олборлож, түүнийгээ экспортод гаргаж байж атомын цахилгаан станц барих асуудал нэг шат урагшилна. Бид одоо л шийдвэр гаргаж урагшлахгүй бол Монгол Улс хоцрох гээд байна. Төв азийн орнууд биднээс түрүүлээд гүйлээ. Тиймээс бид цаг алдалгүй хиймээр байна.
АМНАТ-ийг тогтоож байгаатай холбоотой цаашдаа хэлэлцээг аль болох 34 хувь эзэмшихгүйгээр, Монгол Улс хөрөнгө оруулалт оруулахгүйгээр АМНАТ авч үр өгөөжийг нь хүртэх чиглэлийг баримтлах ёстой.
Мэдээж дагуулж үнэгүй өгөх зүйлийг нь аваад бид цааш явж болно. Мөн ард иргэдийг зөв мэдээллээр хангамаар байна. Янз бүрийн юм ярьж, гений өөрчлөлттэй хурга ишиг барьж лайв хийдэг энэ зүйлсээс бид ангид байх ёстой. Том хөрөнгө оруулалтын эрх ашгийг бодож бид урагшлах ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайнзориг бол шударга сайн хуульч даа