В.Отгонбаяр: "Хариутай бол бариутай" зэрэг тогтсон хандлага нь дээрэлхэлтийн суурь шалтгаан болдог

Хүүхдүүд сургуулийн орчинд нэгнээ дээрэлхэх, зодож танхайрах, тэр бүү хэл мэс халааслан явж, бусдыг хохироох үйлдэл гарсаар буй. Иймд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Ахлах дэслэгч В.Отгонбаяртай ярилцлаа.
-Үе тэнгийн дээрэлхэлтэд юуг хамааруулж ойлгох вэ, ямар орчинд, хэрхэн үйлдэгдэж байна вэ?
-Үе тэнгийн дээрэлхэлт нь бусдыг бие махбод, оюун санаа, сэтгэл санааны хувьд хорлох зорилгоор санаатайгаар давтан үйлддэг зан үйлийг хэлнэ. Дийлэнхдээ сургуулийн орчинд үйлдэгддэг хүчирхийлэл бол дээрэлхэлт юм.
Монгол улсад өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь бусдад дээрэлхүүлдэг. Дээрэлхэлт нь зөвхөн зодож цохих хэлбэрээр илэрдэггүй. Хэн нэгнээс зориудаар нүүр бууруулах, харилцахгүй байж ганцаардуулах, мөнгө нэхэх, нууцыг нь задална гэж сүрдүүлэх зэрэг сэтгэл зүйн дарамт учруулах, бие бялдар гадаад үзэмжээр нь хочлох, доромжлох, цуу үг тараах зэрэг хэл амаар дээрэлхэх тохиолдол ч бий.
Харин сүүлийн үед хуурамч хуудас нээж, бусдыг доромжлох таагүй сэтгэгдэл үлдээх, онцгүй гарсан зургийг нь нийгмийн сүлжээнд тараах зэрэг цахим дээрэлхэлт хүүхэд, залуусын дунд түгээмэл болсон.
-Хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж буй шалтгаан?
Үе тэнгийн дарамт дээрэлхэлтэд дээрэлхүүлэгч, дээрэлхэгч, гэрч гэсэн гурван тал байдаг. Хүүхдүүд гаднах төрх, гарал угсаа, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага, биеэ авч яваа байдал, гэр бүлийн амьдралын төвшнөөс хамаарч үе тэнгийнхэндээ дээрэлхүүлэх, байнгын дарамтад өртөх магадлал их байдаг.
Эдгээр хохирогчид сэтгэцийн эрүүл мэндийн хувьд доройтохоос гадна хүндэрсэн нөхцөлд архи, тамхи, мансууруулах бодист донтох хичээлдээ явах хүсэлгүй болж, сургууль завсардах, амиа хорлох гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зан үйлийг хийх болон гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болох магадлалтай болдог.
БШУЯ-наас Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байна. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна.
Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдийн тухайд, ахлах ангийн хүүхэд 47.6, багш 15 хувийг эзэлдэг байна.
Хүчирхийлэлд өртөх, дээрэлхэлтийн хохирогч болох олон шалтгаан бий. Зарим тохиолдолд томчууд ч үе тэнгийн гадуурхал, дээрэлхэлтийг өдөөх тохиолдол бий. Тухайлбал, урлаг, спортын тэмцээн уралдаан, хүүхдүүдийг бие биетэй нь уралдаж, өрсөлдүүлэх хандлага зэрэг нь өөрийн болоод бусдыг хүүхдийн бие, сэтгэлийг шархлуулж байдаг.
-Хэрэв үе тэнгийн дээрэлхэлтийн хохирогч болвол хэрхэх вэ?
-Сурагчид дарамтлуулж шоовдорлуулсан боловч хэнд хандахаа мэдэхгүй байсан гэсэн судалгаа байна.
Тэгвэл энэ нөхцөлд юун түрүүнд сэтгэл санаагаар унахгүй тайван байх, дээрэлхэлтийг тэвчиж, түүнээс айж, ичих, нууцлах хэрэггүй, эцэг эх, ах эгч, багш нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хандах, тусламж зөвлөгөө авах хэрэгтэй талаар хүүхдүүддээ сайн хэлж, ярьж ойлгуулж өгөх хэрэгтэй. Найзтайгаа зөвлөлдөж болох ч тэд мэдлэг, туршлага бага тул буруу зөвлөгөө өгөх магадлалтай.
Бусдад хэлж байгаа нь хов зөөж бусдыг асуудалд оруулж байгаа хэрэг огт биш бөгөөд харин ч өөрийнхөө аюулгүй байдлын төлөө цаашлаад тухайн хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлж байгаа чухал алхам юм. Иймд насанд хүрсэн хүнд хандах нь үр дүнтэй, биеэр уулзаж хэлэхэд хэцүү бол захиа бичиж ч болно, Хүүхдийн 108 дугаарын утсанд хандаж, зөвлөгөө авах, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн мэргэжилтэнд хандаж зөвлөгөө авч болно.
Үе тэнгийн дээрэлхэлтийг хуульд зүйлчилж өгөөгүй, гэмт хэрэгт тооцогддоггүй учир цагдаагийн байгууллагад бүртгэгддэггүй. Ер нь дээрэлхэлт бол ёс зүй, хүмүүжил, төлөвшил, харилцааны асуудал юм. Тэгэхээр Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэгт заасан эрх үүрэг, хариуцлагын хэм хэмжээнд яригдах асуудал. Тухайлбал: МУ-ын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан байдаг.
-Энэ төрлийн хэрэг үүдэн гарахад нөлөөлж буй хүчин зүйлийн тухайд?
-Дээрэлхэлт бий болгож буй суурь нь гэр бүлийн хүмүүжил гэж хардаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ найз нөхөдтэйгөө яаж харилцах талаар болон бусдыг ялгаварлахгүй байх зэргийг сургах хэрэгтэй. Түүнчлэн сургуулийн орчинд дээд ангийн ах, эгч нар нь дүү нартайгаа эелдэг харилцаж, үлгэрлэдэг байвал зүйтэй. Уг нь сургууль орчмын гадуурхлыг арилгах боломжтой. Хүүхдүүдэд бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сургавал үе тэнгийн дээрэлхэлт багасах магадлалтай юм.
Нийгмийн тогтсон хандлага нь дээрэлхэлтийн суурь шалтгаан гэж хардаг. Хов зөөж болдоггүй, эрэгтэй хүүхэд тэсвэртэй байх хэрэгтэй, хариутай бол бариутай зэрэг хандлага нь үе тэнгийн хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлдөг. Ямар нэг дарамтад өртсөн үедээ хэн нэгэнд хэлж, хандаж чадахгүй хүүхэд олон бий. Ялангуяа багш гадуурхаж, доромжилсон тохиолдолд сурагчид цааш хэнд ч хэлдэггүй. Мөн хүүхдүүд бие биеэ дээрэлхэхэд багш нарын хандлага нөлөө үзүүлдэг. Тухайлбал, нэг багш сурагчаа хүүхдүүдийн дэргэд “тэмээ” гэж хочиллоо гэж бодоход хүүхдүүд тухайн сурагчийг “тэмээ” гэж дуудаж эхэлдэг.
Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооход эцэг, эхчүүдийн оролцоо чухал нөлөөтэй. Хүүхдийнхээ сэтгэл зүйн төлөв байдлыг таньж, ойлгож, тэдэнтэй ярилцах нь хүүхдийнхээ бие, сэтгэл, эрүүл мэндийг хамгаалах нь чухал юм.
Гэтэл ихэнх ээж, аавууд хүүхдээ бусдад дээрэлхүүлж, гадуурхагдаж байгааг нь мэддэггүй бөгөөд мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй байна. Түүнчлэн сургуулийн орчинд өрнөж буй асуудал асран хамгаалагчид хамааралгүй мэт авирлах тохиолдол ч байдаг талаар нэгэн сургуулийн ахлах ангийн багш "Хүүхдүүдийн дунд өмссөн хувцас, өнгө мөнгө, авьяас чадвараар нь бие биеэ хэмлэх, элдэвлэх тохиолдол олон. Зарим тохиолдолд сул дорой, хичээл сурлага тааруу нэгэн дээрэлхүүлдэг бол заримдаа бийлэгжүү, сурлага, спортын авьяастай нь гадуурхагддаг. Үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооход эцэг, эхчүүдийн оролцоо чухал нөлөөтэй. Хүүхдийнхээ боломжит хэрэглээг үе тэнгийнх нь хүүхдүүдийнхтэй ижил түвшинд байлгаж, сайн ярилцаж, ойлголцдог байх нь чухал" гэсэн юм.
-Энэ төрлийн гэмт үйлдлийг хэрхэн зогсоох боломжтой вэ?
-Дээрэлхэлтийг зогсооход хүүхэд, эцэг эхчүүд, багш нарын хамтын ажиллагаа маш чухал. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ анги удирдсан багштай харилцаа холбоотой байж асуудал гарсан үед хүүхдийн нууцыг чандлан хадгалж, асуудалд тохирсон арга хэмжээ авах, холбогдох үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэнд нь зуучлан өгөх нь чухал юм. Зарим эцэг эхчүүд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зөвхөн сургууль дээр гардаг учир сургуулийн хамт олон энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг. Гэвч энэ нь зөвхөн сургуулийн асуудал биш үүнийг зогсооход сургуулийн удирдлагууд, багш нар, сурагчид, эцэг эхчүүд болон олон нийт өөр өөрийн зүгээс санал санаачилга гарган хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрэх боломжтой.
Үе тэнгийнхний дээрэлхэлт нь далд, давтагдаж, даамжирч улмаар хүүхэд амь насаа хорлох хүртэл эрсдэл дагуулдаг учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар, олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоо чухал байна. Түүнчлэн багш, эцэг эхчүүд хүүхдүүдтэй харилцахдаа анхаарал, болгоомжтой байж, тэднийг бие биеэ гадуурхаж, үзэн ядахад хүргэх үйлдэл гаргахгүй байх нь зүй. Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд улсын хүүхэд залуучуудын аюулгүй байдлын бодлогын түвшинд анхаарах зайлшгүй шаардлагатай юм.
-Саяхан 13 настай хүүхэд хутгалуулсан. Мөн King tower хотхонд 11 настай хүүхдийг бүлэглэн зодсон гэх хэргүүд гарсан үүнд тайлбар өгөөч, чухам юунаас болов?
-Энэ асуудлууд цагдаагийн байгууллагад шалгалтын шатанд явагдаж байгаа учир тодорхой тайлбар өгөх боломжгүй юм. Урьдчилсан байдлаар үл ойлголцол, харилцааны асуудалтай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж буй.
-Цагдаагийн байгууллагаас энэ үйлдлийг таслан зогсоох үүднээс ямар нөлөөллийн ажил зохион байгуулж байна?
-Цагдаагийн байгууллага нь хүүхэд гэмт хэрэг үйлдэж, хохирч байгаа шалтгаан нөхцөлийг байнга судалж, нөхцөл байдалд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
- Энэ онд хүүхдийг цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөв мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Цахим соёл”,
- Эрсдэлт нөхцөлд байгаа болон хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал”,
- Нэгдсэн үндэстний байгууллагын “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд “Би ... байна”, “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай”,
- Сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Хичээл эхэллээ”,
- Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор “Нуугдмал”,
- Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэрэмжлүүлье”,
- Хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор “Хүүхэд таныг хамгаалъя” зэрэг урьдчилан сэргийлэх, нөлөөллийн, соён гэгээрүүлэх ерөнхий арга хэмжээг улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан.
Мөн цагдаагийн байгууллагын хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль, эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалтыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Харин төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхийн оролцоог дэмжих, хамтран оролцох, сургууль орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” эргүүлийг ерөнхий боловсролын 514, “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг ерөнхий боловсролын 415 сургууль дээр ажиллуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбай, олон нийтийн газар эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, аливаа эрсдлээс хамгаалах, эмзэг цэгүүдэд хяналт тавих, ахмад настны хөдөлмөрийг дэмжих зорилготой “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг санаачлан, сүүлийн дөрвөн жил хэрэгжүүлж байна.
Үүнээс гадна их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох, чиглэлээр нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалт, нөлөөллийн ажлыг 209 мянга гаруй сурагч, 24 мянган оюутанд 1417 удаа зохион байгуулсан.
Нөлөөллийн хүрээнд насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас 15 зорилтот нэвтрүүлэг, 169 төрлийн шторк, 237 төрлийн постер бэлтгэн төв, орон нутгийн 55 телевиз, 18 сонин, сэтгүүл, 33 цахим хуудас, 8175 цахим группт байршуулах зэрэг ажлыг зохион байгуулан хүүхдийг аливаа осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Эцэст нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага, хүүхдийн асуудал хариуцсан байгууллагаас гадна иргэн, хувь хүн бүрээс эхлээд байгууллага, аж ахуй нэгж, цахим, хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, үүрэг хариуцлага маш чухал тул хамтран ажиллах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг хүсэж байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
О.Онон гуай, цагдаагийн хурандаа цолтой хүнийг ахлах дэслэгч болгож цол бууруулдаг нь юу вэ? Албан туша�##�ыг нь буруу бичсэн бололтой. Сурв�##�жилга авахдаа өөрөөс нь сайн асууж байх нь зүйтэй.
Хариутай бол бариутай биш, бяруутай юмшүү дээ. Одоо ч бяруу гэж мэддэг хүн цөөрч дээ, хөөрхий !
Хүүхдийн эрх гэнчийг хэтрүүлснээр сүүлийн үед хүүхдийн,тэртусмаа охидуудын хүмүүжил үгээр илэрхийлэхийн аргагүй доройтжээ.
Энэ нь цаашид даажирсаар 1970 оны хятадын хүүхэд з�##�уучуудын дунд буй болсон улаан хамга�##�агчид гэгчдийн төвшинд хүрэхэд маш ойртоод байна.
Сурагчдын хичээлийн гэрийн да�##�гавар багаснаар хүүхдүүд гадуур сэлгүүцэж,хэрүүл зодоон хийх,гэмт хэрэгт холбогдох нь үлэмж ихээр нэмэндэх хандлагатай байна.
Тийм учраас хүүхэд з�##�уучуудын хүмүүжил,ёс суртахуунд онцгой анхаарах шаардлагатай болжээ.
Хэдийгээр боловсролтой боловч ёс сурахуунгүй бол ямар аюултайг өнгөрсөн жилүүдэд УИХ-ын зарим гишүүд,сайд,дарга нарын үйлдсэн гэмт хэрэг бэлхнээ харуулж байна.
Мэдээж овоо босгоогүй бол шаазгай суудаггүй