Олимпын аварга Имане Хелиф өөрийг нь эр бэлгийн хромосомтой гэсэн мэдээллийн эсрэг шүүхдэнэ
Энэ оны зуны олимпод эмэгтэйчүүдийн боскт өрсөлдсөн Алжирын тамирчин Имане Хелиф жендерийн асуудалтай холбогдон томоохон маргаан үүссэн. Гэсэн ч Олон улсын олимпын хороо түүнийг өрсөлдүүлэх шийдвэр гарган, Хелиф алтан медаль хожсон билээ. Тэгвэл Францын “Le Correspondent” агентлаг Франц болон Алжирын эмнэлгүүдийн баримтуудыг дэлгэж, Хелифийг XY буюу эрэгтэй бэлгийн хромосомтой хэмээн мэдээлсэн байна. Тэгвэл Хелиф эдгээр мэдээллүүдийн эсрэг шүүхдэнэ гэж мэдэгджээ.
Тэдгээр баримтууд дээр Хелиф бэлгийн хөгжлийн эмгэгтэй тул бага байхад нь эмэгтэй гэж хүйсийг нь буруу тодорхойлсон гэсэн байна. Одоогийн байдлаар тэдгээр баримтуудыг баталгаажуулаагүй байгаа юм. Хелиф зуны олимпын анхны тулаанаа Италийн боксчин Каринитай хийсний дараа хүйсийн маргаан эхэлсэн. Карини Хелифт 46 секундийн дотор ялагдсаныхаа дараа хамар нь гэмтсэн байна.
Олон улсын боксийн хороо Хелифийг эр бэлгийн хромосомтой тул өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулаагүй юм. Мөн тус хороо өнгөрсөн зургаадугаар сард Олон улсын олимпын хороонд захидал илгээж, бэлгийн хромосомын шинжилгээнд унасан тамирчныг өрсөлдүүлэхийг зөвшөөрөх нь бусад эмэгтэй тамирчдын аюулгүй байдалд эрсдэл учруулна гэсэн байна. Гэвч Олон улсын олимпын хороо арга хэмжээ авалгүй Хелифийг өрсөлдөхийг зөвшөөрсөн юм. Хелифийг эр бэлгийн хромосомтой гэдгийг илтгэсэн баримтыг дэлгэсэн тал дээр Олон улсын олимпын хороо мэдэгдэл хийхдээ “Имане Хелифийн амсаж буй хүчирхийлэлд харамсаж байна” гэжээ.
Эх сурвалж: Le Monde, Marca
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.