Нийгэм мэдээ

Битүү шөлтэй өдрийн утга учрыг төрийн гурван өндөрлөг ингэж тайлбарлалаа

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. УИХ-аас энэ өдрийг 1992 оны Үндсэн хуулиа дээлэлж, айл өрх бүр хүндэтгэн залж тэмдэглэх тогтоол баталсан. Мөн УИХТГ-аас битүү шөл хийн иддэг байх санаачилга дэвшүүлсэн юм.

Иргэдээс түүвэр байдлаар сурвалжлахад өнөөдөр битүү шөл хийж идэхгүй хэмээн хариулж байгаа. Ямартай ч "Битүү шөл иддэг өдөр" гэж олны анхаарлын төвд орж ирсэн өнөөдрийн утга учрыг төрийн гурван өндөрлөг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлалаа.

Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ,

"Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс” хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэхээр заан, “1921 оны хувьсгалаас өмнө монголын эрх баригчдын гадаадтай байгуулсан гэрээ бичгүүд, зээлсэн мөнгө, өр төлбөр бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно, мөн гадаад улсуудтай харилцах, улс төрийн ба худалдааны гэрээ бичиг тогтоох, концесс ба монополын эрх олгох, устгах, улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах, цэргийн хүчнийг байрлуулах зэрэг явдлыг улсын дээд эрхийг барих газруудын эрхлэн шийтгэх зүйлс мөн” хэмээн тогтоохын зэрэгцээ, Анхдугаар Үндсэн хуулийн оршил хэсэгт “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах, Хаант Засгийг халж, цаашид Бүгд Найрамдах Засгийг тогтоон Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах”-аар заасан байдаг.

Мөн улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухалчлан үзэж байсан бөгөөд Үндсэн хуульд улсын орлого, зарлагыг төсөвлөсөн дансанд нэгтгэж, улсын төсвийг үр ашигтай захиран зарцуулах хатуу чанд сахилгыг тогтоож өгсөн байна.

Түүнчлэн улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

Хоёрдугаарт, Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

Тэгвэл ардчилсан гэгдэх барууны орнуудаас эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг 1944 онд Франц, 1948 онд Баруун Герман, 1971 онд Швейцар, 1974 онд Португал, 1975 онд Грек, 1976 онд Испани нээж өгсөн бол анхны бичмэл Үндсэн хуулийг баталсан АНУ хүйсээр үл ялгаварлан эмэгтэй, эрэгтэй хүн адил цалин хөлс авах тухай хуулийг 1963 онд баталж байсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Гуравдугаарт, Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан.

Тухайн үеийн нам, төрийн удирдагчид гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байсан аянгат цагийн амаргүй, эгзэгтэй үед улс төр, дипломат харилцаанд өчүүхэн боловч алдаа гаргахгүйг хичээж туйлын хянуур болгоомжтой хандан анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт ба эв хамт ёсыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлж явуулбал зохино.

Мөн цагийн байдлыг хянаж, ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчээр эсэргүүцнэ” хэмээн энх тайванч гадаад бодлого явуулахаа дэлхийн улс түмэнд анх удаа зарлан тунхаглаж байсан түүхтэй юм.

Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэд хэн нэгэн этгээд халдах аваас шууд эсэргүүцэн тэмцэнэ, ямар нэгэн буулт, яриа хэлцэл хийхгүй гэдэг жанжин шугамаа тууштай илэрхийлж чадсан байдаг.

Тухайн үеийн түгшүүрийн харанга дэлдсэн эгзэгтэй нөхцөл байдалд адгаж бачуурч, сандарч тэвдэлгүй, хийх алхмуудынхаа ээлж дарааллыг нарийн зөв тооцож, алсыг харсан байр сууриа тодорхойлж чадсан энэхүү гадаад бодлого нь цаг хугацааны олон сорилт, шалгуурыг амжилттай даван туулсан бөгөөд үүнийг Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 он хүртэлх түүхэн үйл явдлууд нотлон харуулдаг юм.

Хожим “баруунтан” хэмээн буруутсан тэр үеийн удирдагчид Зөвлөлт Орос Улстай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байсан түүхтэй.

Герман, Англи, Америк, Япон зэрэг орны элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж, Германд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, Франц, Герман улсад Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын 40 орчим хүүхэд, залуусыг сургахаар илгээсэн зэрэг нь тэрхүү бодлогын тод илрэл юм.

Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

Дан ганц Зөвлөлт Орос Улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хангалтгүй, бусад улс оронтой ч хэлэлцээр хийх ёстой, үлгэрлэвээс Швейцар лугаа адил төвийг сахисан улс болохыг эрмэлзэх ёстой гэсэн Жамсрангийн Цэвээн, мөн Монгол Улстай харилцахаас татгалзаагүй л бол дэлхийн бүх оронтой ойртон нөхөрлөх гэсэн Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Анандын Амар, Цэрэн-Очирын Дамбадорж, Наваандоржийн Жадамба зэрэг тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүдийн баримталж байсан байр суурь өнөөгийн Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогын үндэс суурийг тухайн үед томьёолж байсан гэж үзэж болох юм.

Дөрөвдүгээрт, Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

Энэхүү анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн бөгөөд энэ нь нэг талаасаа манай орны эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлээс улбаатай болсны нэгэн нотолгоо юм.

Анхдугаар Үндсэн хуулиар Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон нь манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь, өнөөгийн ардчилсан Монгол орны төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжиж байна.

Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна" гэж дэлгэрэнгүй тоочжээ.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үгэндээ,

"...1924 оны анхдугаар Үндсэн хуулийн утга агуулгыг орчин үеийн Үндсэн хуулиудын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудтай харьцуулан жишихийг урьтал болголгүй, уг баримт бичгийн Монголын ард түмний бүрэн эрхт засаглал, үндэсний эрх зүйн тогтолцооны цогц байдлыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцлон санах учиртай.

Анхдугаар Үндсэн хуулийн төр, эрх зүйн ач холбогдол нь хаант ёсыг ард түмний засаглал болгон сольж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан зарласанд оршино. Үүний зэрэгцээ монголчууд түүхэн хүнд бэрх цаг үед анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь энэ баримт бичгийн үнэ цэнийг улам тодотгож байна.

Анхдугаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино.” гэжээ. Энэ заалт нь монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, төрийн эрх мэдлийг ард түмний гарт тайван замаар шилжүүлж, эрх чөлөөтэй амьдрах эрхээ эдлэх Үндсэн хуулийн баталгааг бий болгосон эрх зүйн нотолгоо мөн.

1924 оны Үндсэн хуулиас өмнө Богд хааны зарлигаар гадаад улсуудын хуулийг орчуулж, үндэсний онцлог, уламжлал болон өрнө, дорнын төрийн байгуулалтын шинэлэг зүйлсийг хослуулахыг эрмэлзэж байсан нь түүхийн архивт баримт болон үлджээ. Үүний нэгэн жишээ нь Богд хаан 1914 оны 2 дугаар сарын 30-ны өдөр зарлиг буулгаж Улсын Дээд ба Доод Хурлыг байгуулж, дэлхий дахинаа янз бүрийн улсууд улсын хурал байгуулж, төлөөний хүн илгээн улсынхаа амьдралыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа тул Монгол Улсдаа ийнхүү байгуулж байгаа тухай дурдсан байдаг.

Энэхүү төлөөллийн байгууллагын ерөнхий тогтолцоог анхдугаар Үндсэн хуульд уламжлан шингээж Дөрөвдүгээр зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино.” гэж тусгасан. Ийнхүү ард түмэн засаглах эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох сонгуульт байгууллагын тогтолцоо нэвтэрсэн нь өнөө цагийн парламентын зарим шинжийг агуулж байв.

Нэгэн зууны тэртээх энэхүү Үндсэн хуулиар худалдаачид, ван, гүн, хутагт, лам нарын сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан зэрэг хожим хойно засаж залруулсан дулимаг заалтууд байсны зэрэгцээ орчин цагт бидний эдэлж буй олон үндсэн эрхийн суурь тавигдсаныг онцлон дурдъя. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, шашин ба төрийн үйл хэргийг тусдаа буюу шашин шүтлэгийн эрх чөлөөтэй байх, эрдэм боловсролд үнэ төлбөргүй суралцах эрх, хэвлэн нийтлэх, шүүмжлэх эрх чөлөө зэргийг хуульчилсан нь эдгээр эрхийн цаашдын хөгжилд түлхэц болсон нь дамжиггүй.

Ардчилсан Үндсэн хуульд буй ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх зохицуулалтын агуулга нь зуун жилийн өмнөх Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлцэх тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно.” гэж тусгалаа олж байсныг эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.

Үүнийг 1992 оны ардчилсан Үндсэн хуульд уламжлан авч хөгжүүлэн, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр агуулгыг нь хөгжүүлж байгалийн баялгийг одоо ба ирээдүй үеийн тусын тулд урт хугацааны, тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан ашиглах, үр өгөөжийг ард түмэн хүртэх, иргэдэд өмчлүүлснээс бусад баялаг төрийн нийтийн өмч байх баталгааг бүрдүүлээд байна.

Ийнхүү монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азид Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж тэргүүлж хөтөлсөн түүхтэй.

Монгол Улс энэ зуун жилийн хугацаанд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн гэдгийг цохон тэмдэглэе..." гэжээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 нас хүрч, иргэний үнэмлэх гардсан хүүхдүүд Иргэний андгай өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ,

"Монголчууд бид Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын Эзэнт гүрнийг байгуулсан баатарлаг түүхийн үргэлжлэл. Нөгөө талаар хоорондоо тэмцэлдэж, Их эзэн Чингис хааныхаа байгуулсан Монголын Эзэнт гүрнээ эвдрэлцүүлэн талцуулж, тусгаар тогтнолоо алдаж, Манж Чин гүрний эрхшээлд 200 гаруй жил тарчилсан гашуун түүх биднийх гэдгийг мартаж болохгүй. 100 жил гэдэг хувь хүнд урт хугацаа боловч улс орны хувьд түүхийн нэг л багц хуудас юм. Иргэн хүн улс орныхоо хөгжилд оролцож, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, өв уламжлалаа хамгаалан дээдэлснээр зуун алгассан ч түүхэнд мөнхрөн үлддэг.

Монголчууд 1924 оны энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиараа Ардын эрхийг тэргүүнд тавьж, Ази тив дэх хоёр дахь Бүгд Найрамдах Улс болсон төдийгүй эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг нээсэн дэлхийн анхдагч орнуудын нэг болсон. Үндсэн хуулиар байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар зааж, төрийн байгууллагуудыг ардчиллын үндсэн дээр сонгон байгуулах зарчмыг тусгаж, шашин шүтэх эрхийг нээлттэй үлдээж, шашны хэргийг төрийнхөөс тусгаарласан. Улмаар Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд  НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж, Монгол төрийн алтан соёмбот далбаа НҮБ-д мандсан. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосон, Ази тив дэх ардчиллын Баянбүрд болжээ” гэсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button