СПОРТ

Хонгор нутгийн ховор амжилтын эзэн Ө.Пүрэвсүрэн

Өнөө цагт олонх тамирчин нийслэлд бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж явна. Үүний сацуу орон нутагт амьдран, тэндээ бэлтгэл хийн амжилт гаргаж буй олон тамирчин бий. Тэдний нэг нь Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн.

С.Мөнхдуулдах дасгалжуулагчийн шавь тэрбээр 2020 он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртэн, бага дэлхийн аварга гэгддэг И.Ярыгиний нэрэмжит “Алтан гра при”-д үзүүрлэв. Ө.Пүрэвсүрэн үүнээс гадна 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, өсвөр үеийн Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медальт, УАШТ-ий өсвөр үеийн ангилалд тав, залуучуудын хошой аварга, “Mongolia open”-ы хүрэл, “Байгаль опен” тэмцээний алтан медальтай. “Eguur.mn” энэ удаа түүнийг онцоллоо.

УАШТ-ээс МЕДАЛЬ ХҮРТСЭН КЛУБИЙНХЭЭ АНХНЫ ТАМИРЧИН

20 настай тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн клубийнхээ анхны тамирчин. 2018 онд хүрэл медаль хүртэхдээ анхдагч болсон юм. Тэгэхдээ нийт гурван барилдаан хийжээ. Хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдорт дийлдсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө ялжээ. Насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд анх удаа оролцож байгааг хэлэх үү, нас, туршлагаар илүү тамирчидтай өрсөлдөхдөө өөрийгөө ер голоогүй гэнэ. Энэ тухайгаа “Тэр жил медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан ч заавал түрүүлнэ гэж бодоогүй ээ. Багшийнхаа зөвлөсний дагуу барилдаж чадаагүй нь миний гол алдаа. Боломжоо бүрэн ашиглаж, төлөвлөсөн барилдаан, зэхсэн мэхээ хийж чадаагүй. Б.Шоовдор эгчтэй учраа таарлаа гэж бэргээгүй ч 10:0-ээр ялагдсан болохоор цаашид бүр их хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэйг ухаарсан юм. Барилдааныг нь шимтэн үзэж, үлгэрлэж явдаг эгч нартайгаа өрсөлдөхөд гоё санагдсан. Насанд хүрэгчдийн ангиллын анхны амжилтаа УАШТ-д гаргасандаа их бэлгэшээсэн” гэсэн юм.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-ээс ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН

Ө.Пүрэвсүрэн түүнийгээ гурван жил дараалан баталж, эгч нартайгаа өгөө аваатай барилдана гэдэг амаргүй. Энэ жил УАШТ-ий 62 кг-д өрсөлдөхдөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор тэргүүтэй шилдгүүдтэй өрсөлдсөн юм. Өнөө жилийн УАШТ-ий оны дараахан болсон тул Баянхонгор шинэ оноо угтаад л  нэгдүгээр сарын 1-ний өглөө үүрээр Улаанбаатар хотын зорьсон гэнэ.

Багаасаа бөхийн спорт сонирхож, мундагчуудын барилдааныг шимтэж өссөн тэрбээр 2011 онд сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж чадаагүй ч чөлөөт бөх сонирхлыг нь ихэд татжээ. Улмаар тэр жилээ С.Мөнхдуулдах багшаар чөлөөт бөх заалган, өдий хүртэл, суралцаж явна. Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэхэд зарим эцэг, эх дургүйцдэг. Харин түүний гэр бүлийнхэн анхнаас нь дэмжжээ.

Энэ талаар “Өвөө маань сумын заан цолтой болохоор аав, ээж хоёрт илүү ойр санагдсан байх. Чөлөөт бөхийн дасгал, техникийг сурах амаргүй. Шантармаар, больё гэмээр үе зөндөө тохиолддог. Хэрвээ бууж өгвөл зорилго минь зөвхөн мөрөөдөл болж хувирах тул гүрийгээд л байгаа” хэмээн өгүүлсэн. Ө.Пүрэвсүрэн бэлтгэл хийгээд удаагүй байхдаа Орхон аймагт болсон олон хотын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, анхны амжилтаа гаргасандаа их урамшжээ.

Баянхонгорт аймагт чөлөөт бөхийг хөгжүүлэхийн тулд “Байдрагийн хүчтэн” клубийг байгуулж, С.Мөнхдуулдахыг дасгалжуулагчаар томилсон, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ц.Нацагдорж агсантай 2017 онд уулзахад “Клубийн маань тамичид овоо болж байна. Тамирчдаа харахаар барилдаж явсан үе маань өөрийн эрхгүй нүдэнд харагддаг юм, мөн ч сайхан шүү. Зарим нь аль хэдийнэ амжилт гаргаад эхэлсэн. Би энэ охиныг их тоогоод байгаа. Мэдрэмжтэй, хөдөлмөрч, мундаг охин” гэсээр Ө.Пүрэвсүрэнг онцолсон юм.

ӨСВӨР ҮЕИЙН УАШТ-д ТАВАН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН

Насаараа чөлөөт бөхтэй амьдралаа холбож, цөөнгүй шилдгийг бэлтгэсэн хашир бөх эндүү таньсангүй. Ө.Пүрэвсүрэнгийн амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар дараа жилийнх нь буюу 2014 оны өсвөр үеийн УАШТ-д түрүүлж, улсын аварга болжээ. Аварга болох амархан, аварга цолоо хамгаалах хэцүү гэдэг. Тэгвэл тэрбээр улсын аваргад таван жил дараалан түрүүлж, хосгүй амжилтын эзэн болсон. Түүнээс өмнө ийм амжилт үзүүлсэн бөх нүдний гэм. Түүгээр ч үл барам залуучуудын ангилалд эгч нартайгаа өрсөлдөн, мөнгө, хүрэл медаль хүртэн, олны анхаарлыг татжээ. Түүнд мөн С.Ёшидагийн нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медалиас гадна “Asashoryu cup”-ын хоёр түрүү бий.

ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ҮЗҮҮРЛЭВ

Ө.Пүрэвсүрэн 2015 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн дэвжээнээс медалийн оосроос атгаад алджээ. Дараа жил нь мөн эл амжилтаа давтсан байна. Улмаар 2017 онд Азийн аварга болж, өмнөх хоёр жилийн “шарх”-аа нөхжээ. Тэрбээр Азийн дэвжээнд Төрийнхөө дууллыг эгшиглүүлснээ үргэлж дурсах дуртай. “Үнэхээр их баярласан. Азийн аварга болохдоо гурван барилдаан хийсэн. Хэсгийн аварга төлөө Энэтхэгийн бөхтэй барилдах хамгийн амаргүй нь байлаа. Шагналын тавцанд зогсож байхдаа “Бүр их хичээж байгаад олимпод түрүүлэн, энэ сайхан мэдрэмжийг дахин мэдэрнэ” гэж өөртөө амлан, багшаараа үнэхээр их бахархсан. Баярт мэдээгээ гэрийнхэндээ дуулгах сан гэж яарсан ч тухайн үед чадаагүй” хэмээн дурсав, Ө.Пүрэвсүрэн. Тэрбээр өнгөрсөн жил 19 насандаа 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д үзүүрлэсэн юм.

Хаа хол Баянхонгор аймагт амьдардаг түүнд тэмцээний зардал, бэлтгэл гээд саад, бэрхшээл тулгарахыг алийг тэр гэх вэ. Тэр бүхнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийнхаа Чөлөөт бөхийн холбооны тэргүүн О.Тойвгоо нарын дэмжлэгээр дажгүй зохицуулчихдаг гэнэ.

С.ЁШИДА ШИГ ТАМИРЧИН БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ

Ө.Пүрэвсүрэн олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшида шиг бөх болохыг мөрөөддөг юм билээ. Тэрбээр 2017 онд түүний нэрэмжит тэмцээнд оролцохдоо домогт бөхтэй уулзаж, тэр ч бүү хэл хамт бэлтгэл хийжээ. С.Ёшидаа түүнд хөл авах мэх заан, заавар зөвлөгөө өгсөн нь зүүд мэт л санагдсан гэнэ.

С.Мөнхдуулдах дасгалжуулагч шавиа “Их хөдөлмөрч, хөөрхөн ааштай. Бэлтгэл тасалж, алгуурлаж байхыг нь би лав үзээгүй. Тэг, ингэ гэсэн заавар, зөвлөгөөг ягштал биелүүлнэ. Бид хоёрт тэмцээн, бэлтгэлийн үеийн олон сайхан дурсамж бий. Энэ жилийн УАШТ-д эгч нартайгаа сайн барилдсан. Үүнээс илүү яах вэ. Ирээдүйд шавиасаа их том зүйл хүлээдэг. Чадна гэдэгт нь итгэдэг” хэмээн дүгнэсэн.

“АЛТАН ГРАН ПРИ”-гаас АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЭВ

Ө.Пүрэвсүрэн хэдхэн хоногийн өмнө болсон И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-д үзүүрлэн, тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн. Бага дэлхийн аварга гэгддэг, чансаа өндөртэй тэмцээний шигшээд шалгарна гэдэг яах аргагүй өндөр амжилт, ирээдүйд юм дуулгах нөөц, боломж байгаагийнх нь илрэл.

Ийм нэгэн тамирчин Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны гаргасан жимээр Хонгор нутагт торнин, ирээдүйд олимпын аварга болох мөрөөдлөөрөө жигүүрлэж явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x