НийгмийнНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Мэргэжилтэй болох, сурч боловсрох, хөгжих боломжийг хоригдлуудад бүрэн бүрдүүлжээ

-Байна уу, аав аа.

-Байна. Сайн уу, миний хүү.

-Сайн, сайн. Интернетийн хурд муу байгаа бололтой. Яагаад гацаад байгаа юм бол.

-Харин тийм ээ. Аав нь өнөөдөр хөдөөнөөс аймгийн төв орж ирээд. Тэгээд нэг төрлийнхөө охиныг гуйж байгаад фэйсбүүкээр нь холбогдож байна.

-Өө, за. Сайхан өвөлжиж байна уу. Ээжийн бие дажгүй юу.

-Дажгүй ээ. Ээж нь “Аймгийн төв орж хүүтэйгээ холбоо барих юм сан. Өдөр бүр л хүүтэйгээ ярьмаар санагдах юм. Даанч тэр фэйсбүүк энэ тэрийг нь ашиглаж мэдэхгүй юм” гээд үлдсэн.

-Хүү нь ямар нэгэн алдаа, зөрчил гаргалгүй, сайн хүмүүжиж байгаа. Суллагдаад гарахаараа дахиж алдахгүй ээ.

Ийм нэгэн яриа хаалттай энгийн дэглэмтэй хорих ангийн цахим уулзалтын өрөөнд үргэлжилнэ. Газрын хол, усны уртад амьдардаг тул хүүгээ эргэж чаддаггүй аав, залуу насны ааг омгийн гайгаар алдаж гишгэсэн хүү хоёрыг цахим ертөнц холбож байгаа нь энэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хорих ангиудад хэрэгжүүлж, олны талархлыг хүлээсэн ажлуудын нэг нь энэхүү цахим уулзалт. Бид хурандаа Б.Амардорж даргатай 427 дугаар хаалттай хорих ангид сурвалжилга хийхээр очсон нь энэ. Ажлын үзүүлэлтээрээ ШШГЕГ-ын харьяа анги, байгууллагуудаа өнгөрсөн жил тэргүүлсэн тус анги 90 гаруй албан хаагч, 250-иад хоригдолтой.

Бусад хаалттай хорих ангиудын адил хаалттай энгийн, хаалттай тусгай гэсэн хоёр зэрэглэлтэй. Тус бүртээ хоригдлын байр, гал тогоо, номын сан, шашны зан үйлийн бясалгалын өрөө зэрэг нь бусад ангиудын адил тусдаа. Бид 427 дугаар хаалттай хорих ангийг сурвалжлахаар очсон нь их учиртай. Тус анги дэргэдээ тоосгоны, дотроо гэрийн бүрээсний, нэхий, даавуун бүтээгдэхүүний, гар урлалын цехтэй.

Ингэснээр хоригдлууд ял эдлэхийн хажуугаар ажил хийн, цалингаараа бусдад учруулсан хохирлоо барагдуулах, хугацаанаасаа өмнө суллагдах, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрджээ. Үүний сацуу англи хэл, дуу хөгжим, иргэний боловсрол, бясалгал, архины шалтгаант зан үйлийг өөрчлөх нь зэрэг долоон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт явуулдаг. Хамгийн гол нь эдгээрээр дамжуулж хоригдлуудыг алдаагаа ухаарах, хүмүүжих, мэргэжилтэй болгох боломж олгож байгаа юм.

ОЁДЛЫН ЦЕХЭД 23 ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ОЁДОГ

Эхлээд бид 427 дугаар хаалттай хорих ангийн хаалттай энгийн зэрэглэлтэй байранд оров. Нэхий, даавуун бүтээгдэхүүний цех рүү ороход 10-аад хоригдол толгой өөд татах сөхөөгүй юм оёж суув. Тэд  хантааз, өвдгөвч, тохойвч, аяны мишок, хүүхдийн нэхий өлгийнөөс авхуулаад 23 төрлийн бүтээгдэхүүн оёдог юм байна.

Тэднийг ахлаж ажилладаг, хоригдол Г-гээс зарим зүйлийг тодруулахад “Энд хөдөлмөр эрхлэхийн давуу тал, ач холбогдол маш их. Өрөөндөө зүгээр сууж байхад юм, юм бодогдоно. Гэтэл энд тэгж элдэв юм бодох тэгэх сөхөө байхгүй. Завгүй байх, хөдөлмөрлөх сайхан. Хамгийн гол энд ажиллаад юм оёод, юм хийгээд сурчихаж байна. Суллагдахаараа оёдлын ажил хийнэ гэж цөөнгүй хоригдлууд ярьдаг. Бид бүтээгдэхүүнүүдийнхээ бүх загварыг өөрсдөө гаргасан. Зарим бүтээгдэхүүн 4-5 хос. Ихэнх хоригдол өр төлбөртэй. Олонх нь төлбөрийн чадваргүй байдаг шүү дээ. Энд ажилласан цалингаараа хохирлоо барагдуулахын төлөө л ажилладаг. Тэр хэрээр сулладагдах, гэртээ харих хоногийн тоо ойртдог.

Би 1990-ээд оноос хойш оёдлоор дагнаж ажилласан. Сурсан юм маань энд хэрэг болж байна. Би энэ цехэд 200 гаруй хүнд оёдол зааж, сургасан. Бүх зүйлийг нарийн, ширийнээс эхэлж заадаг. Бид гурван оёдлын, нэг хэрээсний, нэг даацын машинтай. Өдөрт цаанаас ирсэн захиалгын дагуу бүтээгдэхүүнээ оёдог. Савхин эдлэл илүү ажиллагаатай. Долоо хоногт барагцаагаар 250-иад улавч, 30-40 өвдгөвч, тохойвч оёдог. Албан шаардлагаар бус өөрийгөө хөгжүүлэхийн төлөө ажилладаг” гэлээ.

ХОРИГДЛУУД УРАН ЗОХИОЛЫН НОМ ТҮЛХҮҮ УНШИХ ДУРТАЙ

Бид дараа нь хаалттай энгийн зэрэглэлтэй хорих байрны номын санд оров. Тэд найман хоригдол сууж байв. Зарим нь ном, цөөнгүй нь сонин уншина. Хамгийн урд сууж байсан нэгэн хоригдол “Буг чөтгөртэй таарсан хүмүүсийн бодит явдал” гэдэг номыг их л төвлөрч уншиж байлаа.

-Буг, чөтгөр байдаг гэдэгт та итгэдэг үү?

-Нэг их итгэдэггүй ээ. Зүгээр л сонирхолтой санагдаад уншиж байна.

-Танд иймэрхүү зүйл тохиолдож байсан уу?

-Үгүй ээ. Хэд хоногийн өмнө нээрэн шөнө зүүдэлсэн, буг, чөтгөртэй таарлаа гээд. Энэ номыг уншсан эхний өдөр л дөө.

-Та ихэвчлэн ямар ном уншдаг вэ?

-Уран зохиолын бас ухаарал хайрласан ном. Заримдаа зүгээр л сонин уншдаг. Бас англи хэлний сургалтад тууштай суух дуртай. Монгол Улсад, дэлхийд юу болж байгаа талаар унших дуртай. Энэ номыг уншиж дуусчихаад сонгодог зохиолын ном уншина аа.

-Та өдөр бүр номын санд суудаг уу?

-Тэгдэг. Ухаарал хайрласан ном уншихаар уйлчих гээд байдаг юм.

Тус номын сангийн номын санчаар нь хоригдол Ч ажилладаг. Тэрбээр “Манай номын сан 1 200 гаруй номтой. Бас хоёр сонины дугаар өдөр бүр ирдэг. Сонингоос л сүүлийн үеийн бүх төрлийн мэдээлэл авдаг. Манайхан ихэвчлэн уран зохиолын ном уншдаг. Заримдаа шинжлэх ухааны ном сонирхоно.

Ажил багатай үед өдөрт 20 хоригдол үйлчлүүлдэг. Уншигчийн картандаа бүртгүүлчихээд дуртай номоо өрөөндөө унших боломжтой. Зарим нь уншихыг хүссэн номоо гэрийнхэндээ захидаг” гэсэн юм.

Тэд номын сангаа 20-иод цэцгээр чимжээ. Цэцэг дэлбээлж, улам томрохыг нь харах хамгийн сайхан байдаг гэнэ. Өдөр бүр цэцгээ усалж, тордох нь тэдний хамгийн хийх дуртай ажлуудын нэг нь.

ИХЭНХ ГЭМТ ХЭРЭГ АРХИНААС ҮҮДЭЛТЭЙГ ТЭД ОЙЛГОЖЭЭ

Тэндээс гараад бид “Архины шалтгаант зан үйлийг нөлөөлөх нь” сэдэвт сургалтад хамрагдаж буй өрөөнд оров. Тэнд 10-аад хоригдол суун, сэтгэл зүйчийнхээ үгийг анхааралтай гэгч нь сонсон, дэвтэртээ тэмдэглэнэ.

Сэтгэл зүйч нь “Тэгэхээр ихэнх гэмт хэгийг гол шалтгаан юунаас болдог вэ” гэж асуухад тэд дуу нэгтэйгээр “Архинаас” гэж хариулсан. Хоригдол Т “Би энийг эртхэн ухаарах минь яалаа. За, тэгж байгаад архи уухаа болино гэж бодоод л яваад байв. Гэтэл архи намайг өдрөөс өдөрт уусаар байсан юм билээ. Энэ сургалтад суусны өгөөжөөр л би үүнийг ойлголоо” гэсэн.

СҮСЛЭН, ЗАЛБИРАХ БОЛОМЖТОЙ ЗАН ҮЙЛИЙН ӨРӨӨ

Хаалттай энгийн хорихын нэг давхарт үүдэнд нь “Зан үйлийн өрөө” гэсэн хаяг хадсан нэгэн өрөө миний сонирхлыг ихэд татав. Тэнд нэг лам ном уншин, хоёр хоригдол залбирч байв.

427 дугаар хааллтай хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж “Хорих ангид төрөл бүрийн зан ааштай, шашин шүтлэгтэй хүмүүс орж ирдэг. Заримынх нь гэр бүлд ажил явдал гарах нь бий. Тэгэхэд энэ өрөөнд ном уншин, зул өргөх боломжтой. Хоригдлууд өдөр бүр энэ өрөөнд сүслэн залбирч, зул өргөх боломжтой” гэлээ.

Бид тэндээс гараад хаалттай чанга дэглэмтэй хорих ангийн байр руу оров. Тийш ороход хоригдлууд дор бүрнээ юм оён сууна. Унданд орсон, ажлын бус цагаар тэд юм оёж, шатар тоглож суудаг гэнэ.

ЭНД ТЭД 20 ГАРУЙ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ОЁДОГ

Бидний дараагийн орсон өрөө бол бүрээсний оёдлын цех. Тэнд олон хоригдол бүрээс оён, борви бохисхийх чөлөөгүй сууна. Тэдний нэг нь болох хоригдол М-тай цөөн хором ярилцав.

ХҮМҮҮЖИГЧ: СУЛЛАГДСАНЫХАА ДАРАА ЭНД СУРСНАА АШИГЛАЖ АМЬДАРНА

-Өмнө нь юм оёдог байсан уу. Энд ирээд сурсан уу?

-Яг ингэж мэргэжлийн түвшинд оёж чаддаггүй байсан. Энд ирээд л сурсан. Манай цехийнхний олонх нь энд хоёр жил оёж байна. Хамгийн удаан ажиллаж байгаа нь би. Бид энд гэрийн болон машины суудлын бүрээс зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн оёдог.

-Та бүгдийг нь оёж чадах уу?

-Чадна.

-Суллагдсаныхаа дараа оёдлын чиглэлээр ажиллах бодол бий юү?

-Байгаа. Бидэнтэй хамтардаг байгууллага маань сайн ажиллаж байгаа хоригдлуудыг суллагдахаар нь ажиллуулах сонирхолтой байдаг юм билээ. Гарсныхаа дараа өмнөх шигээ хэвийн амьдрах, ажил олоход хэцүү байдаг шүү дээ.

“Өө, шоронгоос гарч ирсэн юм байна. Чанга нөхөр байх нь. Яачих ч юм билээ” гэдэг хандлага нийгэмд байдаг шүү дээ. Тэгэхээр 427 дугаар хаалттай хорих ангитай хамтран ажиллаж байгаа байгууллага надад санал тавьбал би зөвшөөрнө.

-Та хохирогчдоо хэдэн төгрөгийн өртэй вэ. Одоогоор хэдийг нь барагдуулаад байгаа вэ?

-20 сая төгрөгийн өртэй. Одоогоор 1.5 саяыг нь барагдуулаад байна. Энд ажиллаж байгаа олонх хоригдол бусдад учруулсан хохиролтой, өртэй. Цалингийнхаа 70 хувийг өрөндөө шилжүүлээд, үлдсэнийг нь өөрөө авдаг. Бидэнд ийм боломж олгосонд хорих ангийн удирдлагад баярлаж явдаг.

-Залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Би дээд сургууль төгссөн, санхүүч мэргэжилтэй. Мэргэжлээрээ нэлээд хэдэн жил ажилласан. Энд ирээд эрх чөлөөгөө хасуулахаар хүн их зүйл ухаардаг, ойлгодог юм билээ. Янз бүрийн л юм бодогддог.

Залуучууд омголон зантай байдаг. Хэдхэн хормын сэтгэл хөдлөлдөө автан, омголон зангаасаа болж над шиг битгий алдаарай. Энд бид эвтэй байхыг хичээдэг ч заримдаа үл ойлголцох нь бий. Тэр бүхэнд хүлээцтэй хандахыг хичээдэг.

Б.СЕРИКБОЛ: Бид хоригдлуудад сэтгэл зүйн долоон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг

Бид 427 дугаар ангийн Нийгмийн ахлах ажилтан, сэтгэл зүйч Б.Серикболтой ярилцлаа.

-Жирийн иргэн, хоригдлын сэтгэл зүй ондоо байдаг уу. Хорих ял эдэлж байгаадаа  сэтгэлээр унадаг байх. Тийм үед сэтгэл санааг нь хэрхэн тогтворжуулдаг вэ?

-Хорих ял эдлэхийн онцлог бий. Бусад шийтгэлтэй харьцуулшгүй өөр. Олонх хоригдол хамгийн түрүүнд ялын хугацаанаасаа сүрддэг, айдаг. Хоригдлуудад тулгардаг хамгийн хүнд асуудлуудын нэг нь энэ. Тийм үеэ даван туулахад нь туслах, дэмжих нь бидний үүрэг. Хуулийн дагуу тухайн хоригдлыг 14 хоног тусгаарладаг. Энэ хугацаанд сургалт явуулж, зөвлөгөө өгдөг.

Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нь тодорхойлж, дахиж тэгж алдахгүй байх талаас нь ажилладаг. Хоригдлууд ял эдлэх явцдаа төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт хамрагдан, сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг. Манайд сэтгэл зүйн долоон төрлийн хөтөлбөрт хэрэгждэг. Хоригдол бүрийн сэтгэл зүйн онцлогт нь тохирсон хөтөлбөрийг шат дараатайгаар явуулдаг учраас ийм олон төрөл байгаа юм шүү. Архины шалтгаант зан үйлийг өөрчлөх, гэр бүлийн хүчирхийллийн зан үйлийг өөрчлөх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх зан үйлийг өөрчлөх гэх мэт олон төрөлтэй.

-Хүмүүжигчид ихэвчлэн ямар төрлийн хөтөлбөрийг сонирхдог вэ?

-Эдгээр үйлчилгээнүүд албадан болон сайн дурынх гэж ялгаатай. Гэмт хэрэг үйлдсэн хүн дургүйцвэл алинд нь ч суухгүй байж болно гэж ойлгож болохгүй. Мэдээж юуны түрүүнд ярилцдаг. Үнэн сэтгэлээсээ ярилцахаар тухайн хоригдол алдаагаа ойлгодог, өөрийгөө нээж ярьдаг. Сүүлийн үед “Архины шалтгаант зан үйлд нөлөөлөх” хөтөлбөрт хоригдлууд түлхүү хамрагдаж байна.

-Ямар үед ажлаараа хамгийн их бахархдаг вэ?

-Энд хүмүүжээд гарсан хүн дахиж алдахгүй, бусдаас дутахгүй амьдарч явааг нь харах сайхан. Суллагдсан хүмүүсийн зарим нь бидэнд захиа илгээдэг. Нэг өрөөнд хамт байсан хүмүүсээ эргэдэг. Ажлаараа бахархах зүйл олоон.

-Өнөөгийн залуус төв суурин газар ажиллахыг чухалчилдаг болсон. Улаанбаатараас төдийгүй Багануураас зайдуу газарт, ийм нөхцөлд ажиллах ямар байдаг вэ?

-Би өөрийгөө хүнд нөхцөлд ажилладаг гэж боддоггүй. Манайх Багануур дүүргээс 18 км зайтай. Би энэ ангид 10 жил ажиллаж байна. Манай гэр Багануур дүүрэгт байдаг. Тэндээс өдөр бүр ажилдаа ирдэг. Одоо бүр дасчихсаан. Ерөөсөө хэцүү санагддаггүй.

427 дугаар ангийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэсэг. Энд нэг их эмч, гурван сувилагч ажилладаг, 10 ортой. Олон улсын стандартын дагуу тусгаарлах өрөөг мөн тохижуулжээ.

Эмэгтэйчүүдийн зөвлөл, амралтын өрөө.

Өнгөрсөн жил тохижуулсан хурал, хүндэтгэлийн танхим.

Соёл, урлагийн танхимаа 2015 онд шинэчлэн, засварлажээ.

Спорт заалаа 2000 онд барьсан.

Тэд хоригдлуудын өрөө бүрт камер байрлуулж, ингэж хянадаг, нийт 99 камертай.

Хоригдлуудын хоолны цэс.

Эргэлтээр ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ хоригдлууд энэхүү шүүгээнд хадгалдаг.

Радиогийн өрөө. Эндээс тавьсан өгүүллэг, зар хорих ангийн бүх өрөөнд сонсогддог. Тэд өглөө, орой бүр хоригдлуудад Төрийн дуулал сонсгодог.

Хаалттай чанга хорихын байран дахь номын сан.

Бясалгалын өрөө.

427 дугаар хаалттай хорих ангийн авсан шагналууд.

427 дугаар ангийн хоригдлуудын хийсэн зарим бүтээл.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button