НИЙГЭМ

Г.Баатарцогт: Уханиас монгол оюутнуудаа авчирлаа гэж баярлахаас илүү шинжилгээ, тусгаарлалтанд нь санаа зовсон

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны нэгдсэн удирдлагад коронавирусийн халдварын голомт болох Ухань хотод хөл хорионд ороод байсан монгол оюутнуудыг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 1-нд эх оронд нь авчирсан билээ. Хүн бүхэн Ухань хотоос дайжин, халдвар авхаас урьдчилан сэргийлж буй өнөө цагт амь насаа үл хайхран монгол иргэдээ авчирсан МИАТ-ийн хамт олноор монгол түмэн их бахархаж байна.

МИАТ-ийн онгоцны даргаар Г.Баатарцогт, хоёрдугаар нисгэгчээр Б.Батманлай, Т.Эрдэнэ-Очир, инженер техникчээр А.Болд, тусгай томилгоогоор Т.Бат-Орших, Ж.Нямсүрэн, Б.Оргилбаяр, Б.Түвшинтөгс, Б.Чанцалням, Ц.Чинбаяр, хөлгийн үйлчлэгчээр С.Оюун, З.Мөнхдөлгөөн нар ажилласан.

https://www.youtube.com/watch?v=JKmQ4ajO0XQ&fbclid=IwAR1QUFMqeftZPXmjJS6ZsIC84W5ai1nZNj6ZvC3IY17cboXooo9Lfn2gb98

Уханиас монгол оюутнуудыг авч ирснийх нь дараа тэднийг ХӨСҮТ-д 15 хоногийн хугацаанд тусгай хяналтанд авч, тусгаарласан юм. Баатарлаг үйлийн эздийн төлөөлөл болгон МИАТ ТӨХК-ийн Нислэгийн хэлтсийн харьяа “Боинг 737” агаарын хөлгийн дарга Гансүхийн Баатарцогттой ярилцлаа.

БЭЛТГЭЛ АЖЛАА ТУХАЙН ӨДРӨӨ БАЗААГААД ОРОЙ НЬ НИССЭН

-Коронавирусийн голомт болох Уханиас  монгол оюутнуудаа авч ирсэн та бүхнээр монгол түмэн бахархаж байна. Тийшээ явах санааг анх хэрхэн гаргасан бэ. Та бүхэн багаа хэрхэн бүрдүүлэв?

-БНХАУын Хубэй мужийн Ухань хотод тусгаарлагдаад байсан Монголын 32 оюутан, нэг хүүхэд эх орондоо ирэх хүсэлт ГХЯ болон БНХАУ дахь Монол улсын Элчин сайдыг яаманд гаргасан гэж би ойлгосон. Тэдний хүсэлтийг харгалзан Гадаад харилцааны яамаар ахлуулсан Засгийн газрын харьяа яамд болон агентлагууд богино хугацаанд өндөр зохион байгуулалттай ажилласан. Уханьд байсан 30 оюутан, нэг хүүхдийн богино хугацаанд эх оронд нь авчирсан. Анх хүсэлт гаргасан оюутнуудаас хоёр нь тэнд өөрсдийн хүсэлтээр үлдсэн юм билээ.

МИАТ ТӨХК-ийн хувьд яамнаас үүрэг өгсөн даруй онгоц болон нисгэх багаа бэлэн байлгаж байсан. Монгол Улс БНХАУ-аас онгоцны зөвшөөрөл хүлээн бага зэрэг саатсан юм. Манай компанийнхан хагас цэрэгжилтийн системтэй болхоор хуваарийн дагуу эхний баг бэлэн байсан. Манай багийн хувьд нөөцөнд байсан юм л даа. БНХАУ-аас зөвшөөрөл гэнэт гарсантай холбогдуулан манай багийхныг гэнэт явуулахаар болсон. Бид бэлтгэл ажлаа тухайн өдрийнхөө өглөөнөөс хойш хийж орой нь хөөрсөн юм.

-Хүн бүхэн коронавирусээс сэргийлж, Уханиас дүрвэж байхад тийш очиход ямар байсан бэ. Ямар нэгэн халдвар авах вий гэж хэр их санаа зовсон бэ

-Мэдээж халдвар авах вий гэсэн бодол байсан.  Гэхдээ ГХЯ, ЭМЯ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас удаа дараа зөвлөмж өгч байсан. Мөн хувийн судалгаа, бэлтгэл сайн байсан болхоор коронавирусийн талаар ойлголт өндөртэй байсан л даа.

https://www.facebook.com/1533962450073588/videos/2694736450642584/?q=%D0%A3%D1%85%D0%B0%D0%BD%D1%8C%20%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%86&epa=SEARCH_BOX

-Ухань руу нисэхээр болоход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Бидэнд бэлтгэх хугацаа бага байсан болохоор гэр бүлийнхэнтэйгээ тухтай ярилцах зав, боломж манайхны алинд нь ч гараагүй ээ.

-Та бүхнийг улсаас томилсон уу. Эсвэл өөрсдийнхөө хүсэлтээр явсан уу?

-Бид хувиарын дагуу л явсан. МИАТ компанийн зүгээс асуухад нь бид зөвшөөрсөн юм.

-Та нислэгийн үеэр багийнхандаа юу гэж захиж, зөвлөж байв?

-Энэ удаагийн ажиллагааг ахалсан ГХЯ-ны гурван ажилтан, ХӨСҮТ-ийн хоёр тасгийн эрхлэгч, манай МИАТ компанийн долоон ажилтан нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Ямар ч нислэгийн үед Агаарын хөлгийн дарга тухайн нислэгийн урьдчилсан бэлтгэл замынн болон тухайн нисэх буудал, нөөц нисэх буудлуудын агаарын мэдээлэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан байдаг.

Энэ талаараа Бүхээгийн ажилтан болон инженер мөн нислэг төлөвлөлт инженерингийн хэлтсийн ажилчидтай харилцан мэдээлэл солилцсон. Тухайн нислэгт анхаарах болон сэргийлэх зүйлс дээр мэдээлэл болон зөвлөмж өгдөг байгаа. Уханийн нислэгийн хувьд онц халдварт вирус тархсан мөн Ухань хотын “Тянхэ” олон улсын нисэх буудал нь цэргийн хяналтанд байсан учир биднийг газардсаны дараа байдал яаж ч эргэж болзошгүй байсан.

Хамгийн гол нь бидэнд ЭМЯ болон Хилийн мэргэжлийн хяналтийн байгууллагаас олгосон хамгаалах хувцас, маскний зөв хэрэглээ болон тухайн нисэх буудалд буугаад агаарын хөлгөөс гарахгүй байх зөвлөгөө л өгч байлаа. Энэ ажиллагаа аль аль яам болон агентлаг мөн манай нисгэх багынхны хувьд анхны тохиолдол байсан юм.

ГАДУУР ГАНЦ Ч ХҮН, МАШИН БАЙХГҮЙ БАЙГААГ НЬ ХАРААД УХАНЬД НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД БАЙГААГ УЛАМ МЭДЭРСЭН

-Уханьд очиход нөхцөл байдал ямар байсан бэ. Хамгийн хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байв?

-Бид Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас төлөвлөсөн цагийн дагуу хөөрөөд ойролцоогоор 50 минутын дараа БНХАУ-ын агаарын зайд орсон юм. Тэгэхэд тэд манай нислэгийн зорилгыг урьдаас мэдэж байсан болхоор аль болох богино маршрут өгч байлаа. Ойролцоогоор хоёр цагийн дараа бид хамгаалалтын хувцасаа ХӨСҮТ-ийн эмч нарийн хяналтан дор бүрэн өмсөөд буух бэлтгэлээ хангаж эхэлсэн.

Биднийг ойртолт очиход Ухань хот эзгүй, гадуур ямар нэгэн хүн, машин байхгүй байхыг нь хараад үнэхээр л хүнд халдварт өвчин байна даа гэсэн бодол төрсөн.

-Уханиас Монгол оюутнуудаа аваад, эх орон руугаа буцаж явахад юу бодогдож байв?

-Онгоцоо, зорчигчдоо эсэн мэнд, осол зөрчилгүй, дүрэм журмийн дагуу Монголдоо авч ирэхийг хүүссэн. Үүнээс илүү тусгаарлалт, шинжилгээ зэрэг дараагийн үйл ажиллагаанд санаа зовж байв. Энэ тусгаарлалт манай улсын хувьд анх удаагийнх. Тийм болохоор манай багийнхан, оюутан, эмчлэгч эмч, сувилагч, асрагч нарт бүх зүйл шинэ байлаа.

-Уханиас ирсэн монгол оюутнууд та бүхэнд талархаж буйгаа илэрхийлсэн байх. Хамгийн сайхан урмын үгийг хэн хэлэв?

-Бид бүгд үүргийнхээ дагуу, ажлаа л хийсэн. Зөвхөн манай багийнхан төдийгүй Нисгэгч агаарын хөлгийн бүхээгийн бүх ажилтан, инженер , нислэгийг төлөвлөлт инженерингийн ажилтнууд иймэрхүү нислэгт бэлтгэлтэй байдаг.

БИД УХАНИАС ИРСНИЙ ДАРАА ХӨСҮТ-д 15 ХОНОГ ТУСГААРЛАСАН

-Та бүхэн Уханиас ирснийхээ ХӨСҮТ-д 15 хоногийн хугацаанд тусгаарлагдсан. Тухайн хугацаанд ямархуу байв. Халдвар илрэх вий гэж санаа зовсон уу?

-Бид ХӨСҮТ-д 15 хоног тусгаарлагдсан. Энэ завшаанийг ашиглаад ХӨСҮТ, Хилийн мэргэжлийн хяналтын байгуулагуудад талархсанаа илэрхийлье . Тус байгуулагууд мэргэжлийн өндөр төвшинд ажилласан. Бусад орны байгуулагуудтай харьцуулахад хамаагүй зохион байгуулалттай байсныг нь онцолъё, сэтгэгдэл өндөр байна.

-ХӨСҮТ-ээс гарсныхаа дараа гэртээ очоод хамгийн түрүүнд юу хийв?

-Тусгаарлалтаас гараад хамгийн түрүүнд хувийн ариун цэвэрээ сахисан (инээв). Биднийг ХӨСҮТ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу гэрт нь долоо хоног тусгаарлаж байна.

-Онгоцны нисэгч мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Ургах нарыг өндөр дээрээс хараад, зорчигч нараа зорьсрн газар нь ямар нэгэн саадгүй, сэтгэл дүүрэн хүргэж өгөөд гэртээ харих хамгийн сайхан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-02-18 15:02

Uneher saihan bn. Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button