НийгмийнНИЙГЭМУРЛАГЯрилцлага

Э.Энх-Эрдэнэ: Би зүрх сэтгэлийнхээ дуудлагаар бусдад туслаж яваа жирийн нэгэн залуу

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, дуучин, Соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнэ уран бүтээлээ туурьвихын хажуугаар сүүлийн жилүүдэд сайн үйлсийн аян зохион байгуулж, үеийн залуусаа манлайлан, үлгэрлэж яваа нэгэн.

Тэрбээр Дорнод аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангид алба хааж байхдаа хөлийнхөө есөн хурууг хөлдөөн, тайруулсан Ж.Баярцогтод туслах аяныг санаачлан зохион байгуулж, байртай болгосон. Мөн нугасны хавдартай Энхмарал охины эмчилгээнд туслах аяныг дэмжин гурван удаагийн хандивын тоглолт хийн, 10 сая төгрөг хандивласан юм.

Э.Энх-Эрдэнэ хамгийн сүүлд л гэхэд “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд, NTV телевизийн сэтгүүлч О.Болор-Эрдэнэ, дөрвөн хүүхдийн аав Т.Төгс-Эрдэнэ нартай хамтран сайн үйлсийн аян зохион байгуулж, бага насны гурван охинтой, хэвтэрт байдаг Г.Наранцэцэгийг байртай болгосон юм.

Амьддаа бие биенээ хайрлаж, алив бүхнээрээ бусдад харамгүй туслахыг амьдралынхаа гол зарчим болгосон түүнтэй ярилцлаа.

Ц.НАРАНЦЭЦЭГ ЭГЧИЙГ БАЙРТАЙ БОЛГОСОНДОО ХӨЛ ГАЗАР ХҮРЭХГҮЙ ШАХАМ БАЯРЛАЖ СУУНА

-Хэвтэрт байдаг ээжийгээ асардаг, 3-12 настай гурван охинд туслах аян амжилттай дуусаж, өчигдөр (уржигдар) байранд нь оруулсан. Эл аяныг хамтран зохион байгуулсан эрхмүүдийн нэг нь та. Том ажлын ард гараад өнгөрсөн шөнө сэтгэл амар унтав уу?

-Тэглээ. Олон хүний сайхан сэтгэлийн дэмээр энэ аян амжилттай боллоо. Наранцэцэг эгч, гурван охинтойгоо хамт байрандаа орон, баярлаж байхыг нь харах үнэхээр сайхан байсан. Өөрөө байртай болж байгаа юм шиг л баярлалаа. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Би өмнөх шөнө нь догдлоод нойр ер хүрээгүй.  Г.Наранцэцэг эгчийг, гурван охиныг нь байртай болгосондоо хөл газар хүрэхгүй шахам баярлаж сууна.

-Тэдэнд туслах аянд нэгдэх санаа танд хэрхэн төрөв?

-Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийнхэн өрх толгойлсон Г.Наранцэцэг эгчийн талаар анх мэдсэн юм билээ. Тэгээд NTV телевизийн сэтгүүлч О.Болор-Эрдэнэд хэлсэн гэсэн. Ээж нь хэвтэрт, бага насны гурван охин нь амьдралаа авч явж буй талаар О.Болор-Эрдэнэ сэтгүүлч сурвалжлага бэлтгэсэн юм. Тухайн сурвалжлага гарсан даруйд нь би мэдээгүй. Тэдэнд туслах санал хүмүүсээс их ирсэн л дээ. NTV телевизийн сурвалжлагыг фэйсбүүкийн чатаар над руу явуулсаар байсан юм. Тухайн сурвалжлагыг үзээд шууд туслахаар, монгол түмэндээ уриалахаар шийдэв. Тэгээд NTV телевизийн сэтгүүлч Б.Болор-Эрдэнэтэй, дөрвөн хүүгийн аав Т.Төгс-Эрдэнэтэй уулзаж ярилцаад, сайн үйлсийн аян хамтран зохион байгуулахаар болсон юм. Аянаа эхлүүлж, ээжийнх нь нэр дээр данс нээв. Тэгж явахад “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд Г.Наранцэцэг эгч, гурван охинд нь сар бүр сая төгрөг өгөхөө цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.

-Т.Ганболд тэдэнд хоёр өрөө байр бэлэглэсэн. Сая төгрөг өгөхөө амласных нь дараа түүнд санал тавьсан юм уу?

-Тэгсэн. Аваарт ороод, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмэгтэй, бага насны гурван хүүхдийн хамт гэр хороололд амьдрах ямар хэцүү билээ. Тиймээс тэднийг байртай болгохыг бид чин сэтгэлээсээ хүссэн юм. Тэгээд үүнийгээ Т.Ганболд захиралд хэлж, ятгасан. Т.Ганболд захирал эхэндээ “Бодож үзье” гэсэн. Дараа нь зөвшөөрөн, хоёр өрөө байр өгөхөө хэлэхэд нь ёстой магнайгаа хагартал баярлалаа.

Өнөө цагт хүмүүсийн дунд нэг өрөөсгөл бодол бий. Тэр нь бизнесмен, боломжийн амьдралтай хүн бусдад туслах ёстой гэдэг явдал. Бизнес эрхэлж буй хүмүүс асар их эрсдэл үүрч, олон хүний амьдралыг нуруундаа үүрч явдаг. Бизнес нь унана, босно. Тэглээ ч заавал бусдад туслах албагүй.  Т.Ганболд ах бизнес эрхлэгчдэд их сайхан үлгэрлэлээ. Үүнд нь их олзуурхаж байна. Сар бүр сая төгрөг өгье гэсэн амлалтаа ахиулж, өрх толгойлсон, гурван хүүхэдтэй эмэгтэйд баяр өгсөн Т.Ганболд захиралд баярлалаа.

-Тэдэнд Т.Ганболд захирал байр бэлэглэн, “Мөнгөн тавилга” ХХК тохижуулж өгсөн юм билээ. Тэгэхээр та бүхэн ямар бодит тусламж үзүүлсэн талаар зарим хүн гайхаж магадгүй.

-Хамаг юмыг нь Т.Ганболд, “Мөнгөн тавилга” ХХК бэлдээд өгчихөж, эд нар юу хийсэн юм бэ гэж зарим хүн гайхаж магадгүй. Тэгж бодвол бодог. Хамаагүй ээ. Хүмүүс тэгж бодох, ингэж тусалсныг мэдэх эсэх ерөөсөө сонин биш. Аян амжилттай зохион байгуулагдсан, бид зорилгодоо хүрсэн нь л чухал. Түүнээс биш бид тэдэнд хэрхэн туслаж, ямар бодит үр дүнд хүрснийг хүмүүс заавал мэдэх, олонд мэдүүлэх шаардлагагүй. Тэгээд ч тэгсэн, ингэсэн гээд ярихаар өөрийгөө рекламдсан болно.

АЯНЫ ХҮРЭЭНД 20 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЦУГЛАРСАН

-Хандивын аянд NTV телевизийн хамт олон, иргэн Т.Төгс-Эрдэнэ тэргүүтэй олон хүн нэгдсэн. Хамгийн гол нь зөвхөн таны бус тэдний ажлын үр дүн шүү дээ.

-За, яах вэ. Тэгвэл тэднийхээ гавьяаг тодотгохын тулд энэ талаар ярья. Энэ аяныг NTV телевизийн хамт олон, сэтгүүлч О.Болор-Эрдэнэ, Т.Төгс-Эрдэнэ, миний бие тэргүүтэй олон хүн хамтарч зохион байгуулсыг түрүүн би хэлсэн. Бидний эхлүүлсэн аяны үр дүнд 20 гаруй сая төгрөг цугларсан. Энэхүү мөнгөөр гэрийг нь бүрэн тохижуулж, зурагт, угаалгын машин, хөргөгч гэх мэт айлд хэрэгтэй бүхнийг авч өгөн, Г.Наранцэцэг эгчийг эмчлүүлсэн. Гурван охинд нь данс нээн үлдсэн бүх мөнгийг нь хийж өглөө. Бидний аяны үр дүн энэ. Хандиваар цугларсан мөнгийг хэрхэн зарцуулсныг NTV телевиз нэвтрүүлгээрээ дамжуулан дэлгэрэнгүй танилцуулсан. Үүнээс илүүг яриад яах вэ. Хүмүүс биднийг өөрсдийгөө магтаж байна, рекламдлаа гэж бодно. Ер нь тийм, ийм юм хийсэн гээд ярих муухай.

Хамгийн гол нь энэ аяныг зохион байгуулсан NTV телевизийн хамт олон, сэтгүүлч О.Болор-Эрдэнэ, Төгс-Эрдэнэ гэдэг залуу, Г.Наранцэцэг эгчид байр бэлэглэсэн Т.Ганболд захирал, “Мөнгөн тавилга” компанийн хамт олон, сайхан сэтгэлт монгол түмний минь буян юм шүү гэдгийг тодотгоё. Өчигдөр гэртээ хариад гүнзгий амьсгаа авсан. Ёстой сэтгэл тэнэгэр суулаа. Тэгээд маш олон хүн фэйсбүүкт сайхан сэтгэгдэл үлдээн, баярласнаа илэрхийлснийг хараад их урамшсан.

-Ер нь та хүмүүсийн шүүмжлэл, сэтгэгдэлд хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Би ёстой тоодоггүй. Уран бүтээлч хүмүүс бүр дөжирчихдөг шүү дээ. Би ч бас тэгсэн. Ер нь цахим орчинг их сайхан эерэг болгон, хуурамч хаягнуудыг цэгцлэх хэрэгтэй. Цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх. Гэхдээ бусдыг хүндлэх, үнэн, бодит мэдээлэл нийтлэх нь түүнээс илүү чухал.

БИ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ТУСАРХУУ, БУСДЫН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛИЙГ НЬ ДУУРАЙСАН

-Та олны хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг. Монгол түмэн дуулах дуртай олон сайхан уран бүтээл таны урын санд бий. Сайн үйлсийн аян идэвхтэй хийхэд тань юу нөлөөлөв?

-Нэг их айхтар нөлөөлсөн зүйл байхгүй ээ. Ээж минь хүмүүжлийн эрхлэгч, багш хүн бий. Аав минь их тусархуу, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй. Би аав, ээж хоёроо дуурайсан юм. Тэд минь намайг багаас бусдад туслахыг захиж, тусархуу болгон хүмүүжүүлсэн. Хөдөөнөөс жаахан сүү ирсэн ч хөрш айлтайгаа хуваагаад сүлчихдэг, хажуу хашааны эмээгийн ус, түлээг нь дөхүүлээд өгчих гэж захьдаг байсных нь ач л даа. Би багаасаа бусдад аль болох туслаж, дэмжсээр өдий хүрсэн. Оюутан байхдаа, дуучин болоод ч үүнийгээ болиогүй. Хамгийн гол нь бусдад чимээгүй туслахыг хүсдэг. Намайг ингэж тусласан гэж бусад хүнд битгий хэлээрэй гэж захина. Би бусдад үргэлж туслах сан, боломжоороо дэмжих сэн гэж боддог. Энэ сэтгэлийнхээ дуудлагаар л хөглөгдөж яваа жирийн нэгэн залуу.

Хариу нэхээгүй тус хамгийн сайхан, юу юунаас илүү үнэ цэнэтэй. Хэн нэгэн надаас тусламж хүсэхэд боломжоороо туслахыг хичээдэг. Ийм тусархүү сэтгэл монгол хүн бүхэнд бий. Би тэдний хандив өргөх сэтгэлийн гүүр нь болж яваа л төдий. Ингэж явахад урлагийн буян их бий. Дуучин Э.Энх-Эрдэнэ бусдыг хуурахгүй, худлаа ярихгүй гэдэгт хүмүүс итгэдэг юм. Тэр хэрээр бусдын итгэлийг хөсөрдүүлэх вий гэж үргэлж эмээдэг. Бурхны номонд “Түмэн олныг буян хурайлж дуудна гэдэг тоо томшгүй их буяны үйл” гэсэн байдаг. Хүмүүсийн илгээсэн сэтгэлийн хандивыг цуглуулаад, итгэл, сэтгэлийнх нь гүүр болох их сайхан.

-Зарим хүн бусдад таалагдах, өөрийгөө сурталчлахын тулд сайн үйлс хийгээд байх шиг. Түүнийгээ хэвлэлээр цацаад, тусласан зургаа цахим хуудсандаа нийтэлдэг хүн цөөнгүй. Та сая бусдад тусалснаа аль болох мэдэгдүүлэхгүй, нуухыг хичээдэг гэлээ. Энэ их чухал.

-Тийм шүү. Би хэн нэгэнд туслалаа гэж бодъё. Тухайн хүн намайг тэгсэн гэж огт дурсахгүй, хэнд ч хэлэхгүй байсан ч хамаагүй. Яагаад гэвэл би зорилгоо биелүүлсэн. Тухайн хүнд туслах л миний гол зорилго байсан учраас тэр. Анхандаа би бусдад тэгж чимээгүй туслаад, түүнээсээ сайхан кайф аваад яваад байлаа. Гэхдээ би бүх хүнд тусалж чадахгүй. Тэгэх ч боломжгүй. Зарим хүнд туслах гэхэд миний боломж хүрэхгүй байв. Тиймээс сайн үйлсийн аян зохион байгуулдаг, монгол түмэндээ уриалдаг болсон юм.

ЕСӨН ХУРУУГАА ТАЙРУУЛСАН Ж.БАЯРЦОГТЫГ БАЙРТАЙ БОЛГОСОН

-Цэргийн алба хааж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон Ж.Баярцогт гэдэг залууд та өнгөрсөн жил тусалж, байртай болгосон. Таны анхны хандивын аян бил үү?

-Тийм ээ. 2019 оны эхэнд л дээ. Шинэ жилээр соёл урлагийн арга хэмжээнүүдэд оролцон, урлагийн буяныг олонтой хуваалцъя, бусдад туслая гэж бодож байсан юм л даа. Тэгж явахад есөн хуруугаа тайруулсан Ж.Баярцогтын тухай нэвтрүүлгийг зурагтаар үзэв. Би өрөвдөхөөс илүү зүгээр л түүнд туслахыг хүссэн. Тэгээд гэр авч өгөхөөр шийдэв. Түүнээс илүүг өгөх боломж надад байхгүй шүү дээ. Гэр авах мөнгө бэлнээр нь өгөх гээд тэднийд очив. Тэгээд л ерөөсөө нэг мөсөн далайцтай тусалъя гэж бодоод бусдыг уриалсан юм. Анхандаа байр авч өгөх тухай бодоогүй ээ. Хашаа авч, байшин бариад өгье гэж зорьсон. Аян маань богино хугацаанд олныг хамарч, монгол түмэн их сайхан хүлээж авав. Ёстой олон хүн эрвийх дэрвийхээрээ тусласан. Тэгснийх нь үр дүнд, аяны хүрээнд 51.5 сая төгрөг цугларч, Баярцогтод байр авч өгсөн юм.

-Та сайн үйлсийн аяныхаа хүрээнд нийт хэдэн хүнд туслаад байгаа вэ?

-За, ёстой мэдэхгүй. Огт тоолж байгаагүй юм байна. Тэд болчихлоо гээд явах утгагүй шүү дээ.

-Нугасны хавдартай Энхмарал охинд туслах хандивын аяныг санаачлан, зохион байгуулсныг тань сайн мэднэ. Охины бие бүрэн эдгэрсэн үү?

-Эдгэрсээн. Одоо аав, ээжтэйгээ хамт энх тунх амьдарч байгаа. Энхмарал охинд туслахын тулд төрсөн нутаг нь болох Зүүнхараад хоёр удаа тоглолт хийн, бүх орлогоо хандивласан юм. Тоглолтынхоо үеэр зүүнхараачуудыг Энхмарал охинд туслахыг уриалсан. Гадаадад мэс засалд ороод эх орондоо ирэхэд нь би тосож амжаагүй. Хөдөө тоглолтоор явж байсан юм. Аав нь надтай уулзаж, талархсанаа илэрхийлсэн.

БИ СЭТГЭЛИЙНХЭЭ ДУУДЛАГААР БУСДАД ТУСЛАЖ ЯВАА ЖИРИЙН НЭГЭН ЗАЛУУ

-Сүүлийн үед сайн үйлс нэрээр иргэдийг залилах хэрэг нэлээд гарах болсон. Энэ хэрээр сайн үйлсийн аян зохион байгуулдаг, бусдад туслах чин сэтгэлтэй  хүмүүсийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл алдраад байх шиг. Танд иймэрхүү хандлага хэр их анзаарагддаг вэ?

-Тиймэрхүү хандлага анзаарагддаг. Би иргэн хүнийхээ үүргийг ухамсарлаж яваа жирийн нэгэн залуу. Ерөөсөө бусдад туслах сан, Монголын маань нэг ч болтугай хүн аз жаргалтай амьдраасай гэсэндээ л сайн үйлс хийдэг. Сэтгэлийнхээ дуудлагаар л бусдад туслаж яваа залуу. Сайн үйлс хийхэд, бусдад туслахад хань минь үргэлж, тусладаг дэмждэг. Энэ хүнд тусалъя, түүнийг тэгж дэмжье гээд л үргэлж хэлдэг. Адилхан үзэл бодолтой, тусархуу болохоор бүх юман дээр санаа нийлдэг.

-Та хоёр хүүхэдтэй юм билээ. Сайн дуучин, үлгэр жишээ залуу гэдгийг тань хүмүүс мэднэ. Та хэр сайн аав бэ?

-Сайн хань, сайн аав байхыг үргэлж хичээдэг. Ханиа, хоёр хүүхдээ хайр, халамжаар дутаахгүй юм сан, зөв үлгэрлэхийг чухалчилдаг. Манай хоёр хүүхэд туслах гэж буй хүндээ бэлэглээрэй гээд зураг зурж өгдөг. Нээрэн хүүхэд гэснээс би хоёр эрдэнээ монгол ахуй, нүүдэлчин соёлтойгоо ойр өсгөхийг чухалчилдаг. Тиймээс зуны амралт бүрээр хөдөө явуулдаг юм. Залуу хүний хувьд өнөөгийн нийгмийн талаар эмзэглэж явдаг нэг зүйлээ ярьчих уу?

-Бололгүй яах вэ?

-Би Монгол Улсын 21 аймаг, 330 сумаа бүгдийг нь бараг гурван удаа тойрсон. Тэгж явсан болохоор монголчуудын амьдрал ямар байгааг үнэхээр сайн мэднэ. Хөдөөнийхний амьдрал жилээс жилд дордож байна. Саяхан нэг телевизээр УИХ-д өрсөлдөх гэж байгаа бололтой нэг хүн “Хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн амьдрал сайхан байна. Ажлын байр хангалттай. Ноолуурны үнэ боломжийн, дутагдах гачигдах юм алга” гэсэн. Ерөөсөө сонгуулийн ажлаар аймагтаа ганц очоод үзэмжээрээ, өнгөцхөн дүгнээд л ярьчихаж байгаа юм. Гэтэл хөдөө харамсалтай нь тийм биш байгаа. Ажилгүйдэл, ядуурал ямар байгаа билээ.

Нэг суманд таван жилийн дараа очиход огт хөгжөөгүй байх энүүхэнд. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хөдөө орон нутгаар сайн явж, иргэдийн амьдрал ямар байгааг мэдрээсэй. Сонгууль дөхөхөөр л биелэх боломжгүй баахан мөнгө, элдэв зүйл амладгаа болиосой. Энэ жил л гэхэд намууд бие биенийхээ дээр гарахын тулд юу ч гэж амлахаас сийхгүй нь.

-Та Баянхонгор аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн. Сангаараа дамжуулан ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Нутгийн залуустайгаа хамтран Баянхонгор аймагтаа хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Төлөвлөсөн ажлуудаа сонгуулийн дараа, ирэх жилээс хийнэ. Ер нь манай сангийн ажлыг сонгуультай холбож, харлуулах хүн цөөнгүй. Тиймээс тийм бишээ нотлохын тулд ингэж байгаа юм шүү.

21 АЙМГИЙН 21 ШИЛДЭГ ДУУГ ДУУЛАН, ШИНЭЧИЛЖ БАЙГАА

-Та сүүлийн үед урлагаас ялимгүй хөндийрч, уран бүтээлээ идэвхтэй гаргахгүй байх шиг. Уран бүтээлдээ бүх анхаарлаа хандуулахгүй байгаатай нь холбоотой юу?

-Тийм ээ. Шинэ уран бүтээл гаргаагүй удаж байна. Өнгөрсөн онд нэг дуу гаргасныг эс тооцвол шинэ дуу өлгийдөөгүй хоёр жил болж. 2018 онд “Монголын үнэртэй салхи” дууг С.Жавхлан ахын зөвшөөрлөөр, Ш.Гүрбазар ахын тоглолтон дээр дуулсан. Түүнээс хойш нэг их айхтар уран бүтээл гаргаагүй.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргав?

-21 аймгийн 21 шилдэг дууг дуулан, шинэчилж байгаа. Пнограммын ажил 80 гаруй хувьтай. Манай нутгийн Батаа гэдэг ах 21 дарь эхийг бүтээж, Монголд анх удаа залах гэж байгаа юм. Энэ буянтай ажилд нь тоглох тоглолтод маань зориулж энэ дууг гаргаж байгаа юм л даа. Коронавирусийн халдварын улмаас тоглолт маань түр хойшилсон. Хөл хориог цуцалсных нь дараа тодорхой тов гаргана.

-Шинэ уран бүтээл гаргах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Уран бүтээл гаргахад овоо санхүү шаардана. Нэг мөсөн чанартай уран бүтээл гаргахыг зорьж байна. Санхүүгийн боломждоо “тушуулах” үе гарна. Шинэ уран бүтээл гаргах сан гэж бодоод, гацсан байдалд сууна.

“ЖАРГАЛЫН ДИВААЖИН МОНГОЛД”-доо ХАМГИЙН ИХ ДУРТАЙ

-Та аль дуундаа хамгийн их дуртай вэ?

-“Жаргалын диваажин Монгол”-доо. Энэ дуундаа хачин их дуртай.

-Монгол түмэн Э.Энх-Эрдэнийг хайрын тухай дуунуудаар нь илүү сайн мэднэ. Анхнаасаа зориудаар ийм стиль бүрдүүлсэн үү. Эсвэл санаандгүй юу?

-Яг зориод, бодлогоор хайрын дуу голчлон дуулсан гэвэл үнэнээс хол. Анх “Хайрласанд минь уучлаарай” дуу маань олонд хүрч, хит болсон. Ёстой хаана л бол хаана энэ дуу явдаг байлаа. Тэгээд хэд хэдэн дуу гаргахад хүмүүс хайрын тухайг нь онцлоод анзаарсан юм шиг байна лээ. Тэгээд л намайг хайрын тухай дуу түлхүү дуулдаг гээд бодчихсон юм. Хайрын тухай дуу гэснээс би жилийн өмнө нэгэн уран бүтээл гаргав. “Ханьтай хүнд хайртай л болчихгүй юм сан даа” гэдэг нэртэй. Клип нь их аятайхан болсон. Тэр дууны доор намайг ёстой навсайтал шүүмжилсэн байна лээ. Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт ямар их байгаа билээ. Хүмүүсийг ухаараасай, буруу алхам битгий хийгээсэй гэсэндээ энэ уран бүтээлийг гаргасан юм. Гэтэл намайг “Нууц амрагуудад зориулсан дуу гаргалаа” гээд навс балбасан, хэтэрхий нэг өнцгөөс харсан. Доорх сэтгэгдлүүдийг нь дуустал уншвал сэтгэлээр унаж үхэж ч магадгүй. Тэр дуу Youtube-д бий.

-Хүмүүсийн шүүмжлэл танд багагүй хүндээр тусаж. “Ханьтай хүнд хайртай л болчихгүй юм сан даа”-гаа өөрийнхөө цахим хуудсанд нийтэлсэн үү?

-Нийтлээгүй. Олон нийтэд ер цацаагүй.

-Зарим хүн “Зохиолын дуу урлаг биш. Хуучинсаг үзэлтэй, хөдөөнийхөн сонсдог” гэж шүүмжилдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Юм бүхэн хоёр талтай. Аливаа зүйлд авах, гээхийн ухаанаар л хандах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэнд зохиолын дуу таалагдахгүй байгаа бол өөрт хэрэгтэй зүйлээ л мэдэр. Нутгийн тухай дуу байлаа гэхэд мэдэрч сонсоод, нутгаа санагалзаж болно шүү дээ. Орчин үеийн урлаг, шинэ зүйлийг шүүмжлэх шаардлагагүй. Зүгээр л ойлгох гэж хичээ. Улс төрчдийг ч гэсэн нийтээр нь харлуулан, өнгөц дүгнэж болохгүй. Уулын мод урттай, богинотой. Төр түшиж яваа эрхмүүдийн дунд муу нь бий, сайн нь ч бий.

-Ойрын хугацаанд өмнөө тавьсан зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Үнэндээ тэгнэ, ингэнэ гэж ярьмааргүй байна. Би жирийн нэгэн залуу. Олны хандлагыг эерэгээр өөрчлөхийн тулд олон зүйл хийнэ. Ингэж хэлэхээр зарим хүн сонгуульд өрсөлдөх нь, улс төрд орох нь гэж бодох вий. Бүх юмны хамгийн дээд хэмжээ нь улс төр биш шүү дээ. Хэн ч сонгуульд өрсөлдөж болно. Хүмүүс тэгж өөрсдийгөө, зорилгоо битгий жижгээр хараасай.

-Хоёулангийнх нь ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Сэтгэл хөдлөн, ам халаад сэтгэлээ онгойтол сайхан ярилцлаа. “Eguur.mn” сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-27 21:58

Сайхан сэтгэлтэй, сайхан уран бүтээлчдээ их амжилт хүсч байна. Улам олон хүнийг баярлуулж яваарай. Сайн санааны үзүүрт тос.

Зочин
Зочин
2020-03-27 22:34

Ямар сайхан з�##�уу вэ. Өнөөдөр Монголд ийм сайн хүн бас байнаа. Буян нь дэлгэрэг.

Холбоотой мэдээ

Back to top button