ЯРИЛЦЛАГА

М.Соёл-Эрдэнэ: Бусдад нөлөөлж, үлгэрлэхийн тулд төрсөн өдрөөрөө Хот тохижилтын газарт ажилласан

Уншигч та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ. Хамгийн дурсамжтай, содон төрсөн өдөр тань хэзээнийх вэ. Хүн бүхэн төрсөн өдрөө дурсамжтай, сонирхолтой, утга учиртай тэмдэглэхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл нэгэн залуу төрсөн өдрөөрөө Хот тохижилтын газарт ажиллажээ. Түүнийг Мөнхбатын Соёл-Эрдэнэ гэдэг.

24 настай тэрбээр ТҮК-ийн нэгэн ажилтны “Залуучууд биднийг дорд үзэн, маш хүндэтгэлгүй харилцдаг” гэсэн гарчигтай ярилцлагыг нь уншсан гэнэ. Тэгээд залуусдаа, нийгэмдээ зөв үлгэр дууриал үзүүлэх, нөлөөлөхийн тулд эхлээд Хот тохижилтын газарт ажиллаж, жаргал, зовлонг нь биеэрээ мэдрэхийг хүсчээ. Төрсөн өдрөө өвөрмөц, үнэ цэнэтэй, утга учиртай тэмдэглэсэн М.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.

БИ ӨӨРИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН ЭМЧ БАЙХЫГ ХҮСДЭГ

-Төрсөн өдрөөрөө Хот тохижилтын газарт ажилласан тань сонирхол татаж байна. Энэ санаа танд хэзээ төрөв?

-Би аль болох өөрийнхөө хэмжээнд нийгмийнхээ эмч байхыг хүсдэг. Бухимдалтай байгаа өнөөгийн нийгэмд эерэг мэдээлэл, энерги түгээж, бусдад туслаж явахыг эрхэмлэдэг. Гуравдугаар сарын 26-нд ТҮК-ийн Лхагвасүрэн гэдэг ажилтны ярилцлагыг уншсан юм. Залуучууд ТҮК-ийнхний ажилд хүндэтгэлгүй, дээрэнгүй ханддаг, хамгийн дорд, ядуу хүн цэвэрлэгч хийдэг гэсэн андуу ойлголттой явдаг тухай ярьсан байна лээ. Тэр ярилцлагыг уншаад надад их хүнд туссан. Учир нь залуучууд гэдэг тодорхойлолтонд би багтаж байгаа шүү дээ. Тэгээд л ядаж найз нөхөд, гэр бүлийнхэндээ шаардлага тавихын тулд эхлээд ТҮК-ийнхны ажил ямар байдгийг биеэрээ мэдрэхийг хүссэн. Тэгж, ингэж болохгүй, хогоо хогийн саванд хий гээд зүгээр нэг ярих ондоо. Тэрийг өөрөө эхлээд үйлдлээрээ харуулж, бусдад үлгэрлэх чухал шүү дээ. Тиймээс би ТҮК-д нэг өдөр ажиллахаар шийдсэн юм. Ээжид хэлэхэд дуртайяа зөвшөөрсөн.

Долоо хоногийн дараа автобусанд явж байгаад ТҮК-д ажилладаг нэг эгчтэй санамсаргүй таарав. Түүнд энэ бодлоо хэлж, хэнээс зөвшөөрөл авах учиртайг асуулаа. Тэгээд Цэрмаа гэдэг хүнтэй холбогдон, зорилгоо хэлэхэд эхэндээ ёстой халгаагаагүй. Халгаагаагүй гэхээсээ илүү надад итгээгүй байх.

Анхнаасаа төрсөн өдрөөрөө ажиллая гээд онцлов уу. Зөвшөөрсөн хугацаа нь тэгж таарав уу?

-Анхнаасаа төрсөн өдрөөрөө ажиллая гэж бодсон. Төрсөн өдрөөрөө ТҮК-ийн нэг хүний оронд ажиллаад, цалинтай амраахыг хүссэн юм. Тэгвэл илүү сайхан санагдсан л даа. Гэтэл Цэрмаа эгч зөвшөөрдөггүй ээ. “Зам цэвэрлээд явж байхад чинь аваар осол гарвал хэн хариуцах вэ. Болохгүй ээ” гэсэн. Тэгэхээр нь гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн.

20 ГАРУЙ ХОНОГ ГУЙСНЫ ЭЦЭСТ ЗӨВШӨӨРҮҮЛСЭН

Хэр удаан гуйв?

-20 гаруй хоног гуйсан. Дунд нь 4-5 удаа утсаар холбогдон, “Нөгөө залуу байна аа. Танайд нэг өдөр ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гээд л гуйгаад байлаа.

-Тэгэхээр Хот тохижилтын газарт нэг өдөр ажиллахыг чин сэтгэлээсээ хүсчээ. Зөвшөөрөхгүй гэнгүүт нь больчихож болох байсан шүү дээ.

-Харин тийм ээ. Ёстой олон хоног гуйсан. “Би цэргийн алба хаасан, хянамгай, сайн ажиллаж чадна аа” гээд чаргууцалдаад байсан (инээв). Миний төрсөн өдөр энэ жил бямба гаригт тохиолоо. Хагас сайн өдөр ТҮК-ийнхэн амардаг юм билээ. Тиймээс би нэг өдрөөр урагшлуулж, баасан гаригт ажилласан. Тэгээд постоо төрсөн өдрөөрөө нийтэлсэн юм.

-Хот тохижилтын газарт ажилласан нэг өдөр хэрхэн өнгөрөв?

-Өглөө 06.00 цагт ажил нь эхэлдэг юм билээ. Өглөөгүүр, замын хөдөлгөөн багатай үед арай амар юм билээ. 09.00 цагаас хойш замын хөдөлгөөний ачаалал нэмэгдээд ёстой чардайлгадаг юм байна лээ. Жолоочид энд тэндгүй дуут дохио дуугарган, бухимдаад л. Гудамжаар дүүрэн хүн. Хогоо хогийн саванд хийгээд, соёлтой явдаг иргэн олон бий. Эсрэгээрээ соёлгүй, ТҮК-ийнхэнд хүндэтгэлгүй ханддаг, хогоо хаа таарсан газраа хаядаг хүмүүс ч байдаг юм билээ. Би баруун дөрвөн замаас Нарны гүүр давтал зам дагуух хогийг цэвэрлэсэн, Нармандах гэдэг эгчтэй хамт ажилласан.

ХҮМҮҮСИЙН ДОРД ҮЗСЭН ХАНДЛАГА, НЭГ СОНИН ХАРДАГ НЬ ХЭЦҮҮ САНАГДСАН

#24 #MambaMentality #24 #KobeBryant Өнөөдөр би #24 нас хүрлээ. #24foreverӨнөөдрөөс яг нэг сарын өмнө энэ ахын…

Posted by Соёл-Эрдэнэ Менхбат on Saturday, April 25, 2020

-Хамгийн хэцүү нь юу байв?

-Хүмүүс нэг их сонин хараад байдаг юм билээ. Юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ. Дорд үзсэн хандлага, “Залуу хүн байж өөр олигтой ажил хийхэд яадаг байна аа” гэж байгаа юм шиг санагдсан. Надад тэгж л анзаарагдсан. Замын хажуугаар хогийн саваа түрээд явж байхад жолооч нар хажуугаар аймар хурдтай өнгөрдөг юм билээ. Зарим нь шүргэчих шахна. Тэр нь эхэндээ ёстой хэцүү байсан.

Цэвэрлэж, цэвэрлэчихээд эргээд харахад хэн нэгэн хог хаяж байхыг харах үнэхээр хэцүү юм билээ.

Ер нь өнөөгийн залуучууд боловсролтой, стиллэг болж байгаа нь сайшаалтай. Цахим хуудсандаа ч гэсэн гоё, гоё пост оруулаад, тэгэх, ингэх хэрэгтэй, Монгол хүн ийм байх ёстой, улсаа ингэж хөгжүүлье гээд л ярьдаг. Гэтэл бүгд түүнийгээ үйлдлээрээ харуулж чаддаг бил үү. Эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ, Монгол хүн ямар байх ёстой вэ гэж нэг их том зүйлийг бодоод хэрэггүй. Зүгээр л гадуур явахдаа хогоо, тамхины ишээ хогийн саванд хийгээд, бусдын ажил, хөдөлмөрийг хүндлэхээс л эхэлнэ шүү дээ.

ХАМТ АЖИЛЛАСАН ЭГЧ “МИНИЙ ДҮҮ ЗУРГАА ДАРУУЛЧИХСАН ЮМ ЧИНЬ ОДОО ЯВАХ УУ” ГЭХЭД НЬ ИХ ГАЙХСАН

Жирийн нэгэн залуу сайн дураараа хот цэвэрлэхэд ТҮКийнхэн хэрхэн хүлээж авав?

-Их гайхаж байна лээ. “Зөв бодолтой, зөв хандлагатай мундаг залуу байна. Ингэж тусалж буйн чинь цаад зорилго юу вэ. Яг яагаад энд ажиллаж байгаа юм бэ” гэж гайхаад байсан.

Коби Брайантын зурагны өмнө Нармандах эгчтэй хамт зургаа авхуулав. Зүгээр л дурсамжтай санагдаад авхуулсан байхгүй юу. Тэгсэн чинь эгч “Одоо миний дүү явах гэж байна уу. Зургаа даруулчихсан юм чинь” гэсэн. Би гайхаад “Үгүй ээ. Өнөөдөр ажлын цаг дуустал ажиллана” гэсэн. Нармандах эгч гайхсанаа “Хүмүүс чинь бусдад лаг харагдахын тулд л бусдад тусалдаг юм биш үү. Чамайг зургаа авхуулчихаад л явах байх” гэж эгч нь андуу боджээ, уучлаарай” гэсэн.

Цайны цагаар тэр бригадынхан нэг газар цугларан, унд уудаг юм билээ. Тэндээ хоолоо хийж идэн, амардаг юм билээ. Хөлсөө арчаад сууж буй ТҮК-ийн ажилчид үнэхээр бахархмаар санагдсан. Ярьж байгаа зүйл, бодол нь их сайхан гэгээлэг. Өдөржин борви бохисхийх чөлөөгүй ажилласандаа түүртсэн шинжгүй, жинхэнэ хөдөлмөрийнхөө үр шимээр амьдардаг хүмүүс юм билээ. Өнөөгийн нийгэм ямар бухимдалтай, стресстэй билээ. Яг энэ бүхнийг биеэрээ мэдэрч, ажлаараа туулж яваа хүмүүс чинь ТҮК-ийнхэн шүү дээ. Тэгэхэд ажлаасаа цааргалж, шантарсан зүйл огт анзаарагдаагүй.

Та энэ үйлдлээрээ бусдад хэрхэн нөлөөлж чадав. Гэр бүлийнхэн, найз нөхөд нь юу гэсэн бэ?

-Ээж “Миний хүү мундаг байна” гэсэн. Цөөнгүй найз минь “Ийм гоё нөлөөллийн зүйл хийвэл хэлээрэй. Нэгдье. Гадуур явахдаа хог хаядаггүйгээ дадал болгоно оо” гэж хэлсэн.

Өмнө нь төрсөн өдрөө ингэж өвөрмөц тэмдэглэж байсан уу?

-Нэг удаа 8000 гаруй эцэг, эхэд байгаль хамгааллын чиглэлээр өдөрлөг зохиож байсан. Ер нь төрсөн өдрөөрөө ямар нэгэн утга учиртай зүйл хийе, бусдад туслая гэж бодож явсаар өдий хүрсэн юм.

Төрсөн өдрөөрөө ТҮКд ажилласан таны гол зорилго юу вэ?

-Өвлийн хүйтэнд бид гадаа жаахан зогсоход хэчнээн даардаг билээ. Тэгэхэд тийм хүйтэнд ТҮК-ийнхэн өдөржин тэгээд гадаа ажилладаг гээд бод доо. Тэд үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Гудамжинд тоомжиргүй хаясан ганцхан тамхины иш цэвэрлэж буй ажилтанд ямар хүндээр тусдагийг, ажилд нь хэр их хүндрэл учруулдгийг би биеэрээ мэдрэхийг хүссэн юм.

ОЙРЫН ХУГАЦААНД ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛД ТУСЛАСАН ЯМАР НЭГЭН АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Тийм зүйл хийх сэн, ингэж туслах сан гээд төлөвлөсөн зүйл бий юү?

-Ер нь зөндөө бий. Ойрын хугацаанд Хүүхдийн төв сувиллын хүүхдүүдэд тусласан, тэдэнд чиглэсэн ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна. Яг юу хийх вэ гэдгээ бодоод л сууна.

ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛАА ДЭЛХИЙД ТАНИУЛАХ, ТҮГЭЭХ МӨРӨӨДӨЛТЭЙ

Өнөөгийн залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Монгол залуучууд үнэхээр мундаг болсоор байгаа. Боловсролтой, стиллэг, хөдөлмөрч гээд тодотгох зүйл олон. Гэхдээ хамтраад, багаар ажиллах тал дээр суралцах зүйл бидэнд их бий. Тэгэхээр багаар ажиллах чадвараа л улам хөгжүүлэх хэрэгтэй болов уу.

-Таны хамгийн том зорилго юу вэ?

-Би Монголын өв соёл, уламжлалыг дэлхийд таниулах, түгээхийг хүсдэг. Ямар ч хэлбэрээр байж болно. Видео контент, цуврал нэвтрүүлгээр ч юм уу. Монголынх гэхээр л дээр үеийн, хуучинсаг, мияа гэдэг ойлголт зарим залууст байдаг юм билээ. Гадаадынх, хөгжилтэй орнуудын бүх зүйл нь сак гэдэг хандлага их анзаарагддаг. Гадаад руу л явбал бүх зүйл сайхан болох юм шиг бодолтой яваа залуус олон. Гадаад явах боломж надад ч бий. Би зүгээр л эх орондоо амьдарч, хөдөлмөрлөөд, өв, уламжлалаа ирээдүй хойчдоо өвлүүлэхийг хүсдэг. “Eguur.mn” цахим сайт. Бидний ярилцлагыг хүмүүс цахимаар уншина. Тиймээс сошиал орчинд ч мөн стрессгүй байя, эерэг байцгаая гэж уриалъя.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button