Амь эрсэдсэнийх нь дараа л гэнэт ухаардаг, хүүхдэд ээлгүй Монгол

Сүх далайтал үхэр амар. Харин энэ үг өдгөө “Хүүхэд эндтэл, хэн нэгний амь эрсэдтэл төрийн байгууллагынхны санаа амар” гэж өөрчлөгдөх нь. Ямар нэгэн аваар осол гарч, хэн нэгэн амь насаараа хохирсны дараа л алдаагаа ойлгодог, тэгэх, ингэх ёстой байсан юм гэж гэнэт ухаардаг урагшгүй төрийн алдаа өчигдөр дахин давтагдлаа. Үүнийх нь гороор дөрвийн дөрвөн бяцхан зүрх зогсон, дөрвийн дөрвөн гэр бүл хагацал амссан нь даанч харамсалтай. Хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяраа тэмдэглэн, аав, ээжтэйгээ хамт аз жаргалаар бялхаж явах байсан Монголын дөрвөн ирээдүй өөд болсон нь бүр ч харамсалтай. Хөөрхий тэд “Дэнжийн 1000”-аас тоглох газар хайж явсаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очин, усны халианд живсэнийг нь бодохоор зүрх шимширч байна.
Үүнд хэн буруутай вэ. Хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулсан эцэг, эх буруутай. Мэдээж хэн ч үр хүүхдээ эндүүлэхийг хүсэхгүй, муу муухай яваасай гэж бодохгүй. Гэхдээ “Дэнжийн 1000”-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8-12 насны 10 хүүхэд очиход мэдээгүй нь даанч хариуцлагагүйнх. 10 хүүхдийн нэгнийх нь ч аав, ээж үрээ үгүйлж, гялс хайж олоогүйг нь зөвтгөх аргагүй.
За, нөгөө талаар үүнд шууд төр буруутай. Бөөрөнхийлөлгүй хэлбэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан буруутай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” компани зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулан, тохижилтын ажил хийж байсныг НМХГ, Хотын дарга С.Амарсайхан мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тэгсэн мөртлөө шуурхай арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоогоогүйнх горыг дэндүү хатуу амслаа. Арай ч дээ. “Үйл ажиллагаагаа зогсоо” гэсэн албан бичиг өгсөн болчихоод өнгөрсөн мэргэжлийн хяналтынхны ажилдаа хайнга хандсаных нь гор. НМХГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ хэлснээр хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт “Хан талст” компани дээр очин, хууль бус, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буйг нь мэдсэн мөртлөө тодорхой арга хэмжээ аваагүй, тэнд ямар нэгэн аваар, осол гарахаас урьдчилан сэргийлэхийг шаардаагүй, толгойг нь илээд өнгөрснийг юу гэж ойлгох вэ.
Одоо тэгээд “Хан талст” компанийг торгосон болоод, матрын нулимс унагаагаад өнгөрөх биз. Түүгээр эцэг, эхчүүд яах юм бэ. Тэглээ гээд дөрвийн дөрвөн бяцхан зүрх босоод ирэх юм уу. Ер нь Монголын төр хүүхдэд халтай. Үүнийг олон жишээгээр баталж болно. Хүүхэд амь эрсэдсэнийх нь дараа алдаагаа гэнэт ухаардаг, бяцхан үрсэд халтай төр байхаа хэзээ болих вэ. Ийм эрсдэлтэй нийгэмд амьдруулахын тулд төр байдаг юм гэж үү. Хууль зөрчсөнийг нь мэдсэн мөртлөө толгойг нь илээд өнгөрснийх нь горыг иргэд амсан, алдрай үрс амиа алдсаар байх уу. Монголын төр төр шиг байдаг бол дөрвийн дөрвөн бяцхан зүрх хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяраа тэмдэглэн, цайлган инээд цацруулан гүйх байлаа. Харамсалтай нь, тэд Монголд төрсөн, монгол хүн болж мэндэлсэн...
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xvvxded eelgvi nowshn tor ymdaa vnexr xaramsalt.