У.Дамбийсүрэн: Шагайн харваа залуужиж байна

Үндэсний их баяр наадмын шагайн харваан асарт зочиллоо. Наадмын үйл явцтай холбоотой тодруулга авахаар шагайн харваан салбар хороон гишүүн, шүүгч У.Дамбийсүрэнтэй товч ярилцав.
-Шагайн харваан үйл явц хэрхэн үргэлжилж байна вэ?
Одоогийн байдлаар шигшээ найман харваачаас тунаж үлдсэн дөрвөн баг алт, мөнгө, хүрлийн төлөө өрсөлдөж байна. Шигшээ дөрөвт: Төв аймгийн н.Энхбат ахлагчтай баг, Өмнөговь аймгийн н.Түвшинжаргал ахлагчтай баг, Улаанбаатар төмөр замын н.Болд ахлагчтай баг, Апу ХХК-ийн н.Ямааган ахлагчтай багууд шалгарсан.
-Наадмын зохион байгуулалт ямар болж байна вэ? Өмнө жилийн шагай харваагаас ямар онцлогтой явагдаж байна?
-Энэ жилийн наадам урд жилээс илүү өргөн хүрээнд хамарч байгаа нь мэдэгдэж байна. Харваачдын тоо нэлээдгүй нэмэгдсэн. Нийт 96 багийн 800 гаруй харваачид харавсан. Энд улсын болон аймгийн цолтой 377 харваачид бий. Үүнийг дэлгэрүүлбэл Монгол улсын Үлэмж дархан хоёр, Монгол улсын Даяар дуурсах мэргэн хоёр гэх мэт нэрлэж болно.
Ер нь шагай харваа өргөжихийн хажуугаар их залуужсан байна. Шагайн харваан наадгай монгол түмэнд түгэн дэлгэрч, шагайгаараа тоглож нааддаг уламжлал эргэн ирж байгаа юм байна гэж харж байна. Монголын шагай харваа Юнескод бүртгэгдсэн. Монгол өв уламжлалаа тээн үргэлжлүүлж байгаа залууст талархалтай хандаж байна.
Мөн харваачдын ур чадвар эрс дээшилсэн байгааг хэлэх хэрэгтэй. Барагтаа алдаа гаргахгүй байна. Өмнө нь гурван үе тоглодог байсан бол одоо хоёр эргээд л бүх асуудал шийдэгдэх болж байх шиг. Мөн оноо тэнцэх тохиол их гарч байна.
-Харваачдын нас залуужсан байна гэж дүгнэж болохоор байна?
-Тийм. Улсын баяр наадмын шагайн харваанд оролцож буй хамгийн ахмад хүн н.Дагвадорж гэж аймгийн арслан хүн бий, 68 настай. Харин хамгийн залуу нь 10 жилийн сурагч, н.Өнөржаргал.
Манай шагай харваа зөвхөн монголд ч биш Солонгос, Герман гэх мэт орнуудад нэвтэрснийг хэлэх нь зүйтэй. Салбар хороод энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа.
М.ТЭНГИС
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.