УЛС ТӨР

Хар машин хакердах, мөнгө тараахыг завдсан үйлдлүүдийг ЗҮГЭЭР Л ӨНГӨРҮҮЛСЭН сурталчилгааны өдрүүд

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр дууслаа. Хуулиараа энэ өдөр олон нийтийн саналд нөлөөлөх үйл ажиллагаа, суртал ухуулга явуулах хориотой. Техник технологи, медиа сувгуудын үсрэнгүй хөгжлөөс үүдэж, сонгуулийн сурталчилгаа харьцангуй өмнөх жилүүдээс эрс өөрчлөгдсөн.  Энэ нь сайнтай, муутай олон үр дагавар шинэ тутам үүсгэж буй нь нууц биш.

УИХ-ын сонгуулийн сурталчилгааг бодвол орон нутгийнх харьцангуй нам жим болдог тогтсон жишиг бий. Гэвч энэ удаагийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өмнөх жилүүдийнх шиг нам жимхэн өнгөрсөнгүй. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр яг сурталчилгааны сүүлийн өдөр хэд хэдэн бичлэг, эргэлзээтэй баримт задрав. Тэдгээрээс товч нэрлэвэл,

НЭГ: МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Б.Гангамөрөн, н.Сэвжидмаа нарын хар машиныг хакердаж болох эсэх асуудлаар хийсэн уулзалтын бичлэг задрав. Холбогдох байгууллагаас  “Энэ бол залилан” гэх агуулгаар мэдээлэл хийж,уулзалтад оролцогсдыг хохирогч гэж тодотгосон сонин кэйс бүртгэгдэв.

ХОЁР: Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуулийн үеэр Ж.Батсуурь гишүүн архи тарааж, улмаар иргэний амь эрсэдсэн харамсалтай тохиолдол гарлаа. УИХ-ын гишүүн архи тараасан үйлдэл нь сонгогчдод шууд нөлөөлөх гэсэн оролдлогуудын нэгд зүй ёсоор орох билээ.

ГУРАВ: Увс аймагт Б.Чойжилсүрэнгийн хүмүүс бие даан нэр дэвшиж, Ч.Хүрэлбаатарын бүлгийнхэнтэй сошиалаар дамжуулан баахан үзэлцэв. Мөнгө тараасан, хуурамч албан бичиг үйлдсэн зэрэг хууль хяналтын байгууллага шалгахуйц олон хачирхалтай асуудал хөврөв.

ДӨРӨВ: МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ тэргүүтний мөнгө тараах замаар сонгогчдын саналыг авах, багуудыг хагалган бутаргах агуулга бүхий аудиа яриа мөн л дэлгэгдэв.

Хар машиныг хакердах боломжтой эсэхээр зориуд уулзалт хийсэн, бэлэг сэлт тараасан, аудиогоор мөнгө тараах үйлдэл нь илчлэгдсэн зэрэг маш олон баримтууд сошиал дээр дэлгэгдэв. Харамсалтай нь эцсийн нотломжгүй. Үүнийг сурталчилгааны цикл өдрүүдэд шалган тогтоож, эцэслэх боломжгүй. Гүтгэсэн байсан ч үнэн  байсан ч эцсийн үр дүндээ яах ч үгүй. Ийм нэг хүлээн зөвшөөрөхөд бэрхтэй нөхцөлд сонгуульдаж, улстөрчид нэгэн рүү баахан угаадас цацсаны эцэст сурталчилгаа нь өндөрлөв.

МАН нийслэл дээр хуваагдмал шинжтэй байсныг эс тооцвол суурь баазаа бүгдийг нь ажиллуулж, АН бусадтай нэгдсэн зовлонгоо даахгүй байсаар сурталчилгаагаа өндөрлүүлж, ХҮН харин элдэв муу мэдээ дуулгахгүй явсаар хаалтаа хийлээ. Сонгууль дөхөхөөр л талцаад хэрэлдэж эхэлдэг байдлаас Монголчууд үндсэндээ залхаж байна. Нөгөөтэйгүүр сурталчилгааны хуучинсаг байдал хэвээр яваа тул хэвлэмэл материалыг нь огт уншихгүй галд шатааж, хог дээр хөглөрүүлсэн ая дантай.

Эцэст нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ нэр төртэйгээр эдэлж, өөрийн чин хүслээр сонголтоо хийхийг уриалж байна. Үнэндээ мөнгө тараагсад таныг хэнд санал өгснийг огт мэдэх боломжгүй билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
10 сар 14, 2020 11:15

Songulu bolgonoor biy biynihee bugsig uhatsgaah ymdaa, ali n unen ali n hudal ym medegdehgui

Холбоотой мэдээ

Back to top button