26685 ААН, байгууллага QR код үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулжээ

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлсэн. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан билээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26685 аж, ахуй нэгж, байгууллага QR код үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулжээ.
Иргэд явсан газар бүртээ QR кодыг уншуулснаар тухайн иргэний зорчих хөдөлгөөний түүх мэдээллийн санд үүсэх юм. Эрсдэл гарсан тохиолдолд иргэдийн мэдээллийг цахимаар цаг алдалгүй шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх давуу талтай.
Гэсэн ч зарим байгууллага иргэдийн мэдээллийг гар аргаар бүртгэх тохиолдол гарч байгаа аж.
Ингэснээр мэдээллийн сан үүсгэхгүй учраас эрсдэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авахад хүндрэлтэй юм. Тиймээс аж, ахуй нэгжүүд богино хугацаанд QR кодыг идэвхжүүлж, үйлчлүүлэгчдээ бүртгэж байхыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс анхаарууллаа.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.