НИЙГЭМ

ШӨХТГ: НӨАТ-ын сугалааг зогсоох саналыг Сангийн сайдад хүргүүлнэ

Өнөөдөр /2021.02.03/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар НӨАТ-ын сугалааны тохирол явагддаг үйл явцад хяналт шалгалт хийсэн талаар мэдээллээ.

Б.Бат-Эрдэнэ “Нэгдүгээр сарын 13-ны захирамжаар ажлын хэсэг гарч, НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалт хийсэн. Үндэслэл нь мэдээллийн технологийн ажилтан нь 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хождог гэхчлэн аман яриануудыг эцэслэх байсан. Бодит байдлыг тогтоож, иргэдэд мэдээлэх үүднээс энэхүү хяналт, шалгалтыг хийсэн. Ингэхдээ “Транспэренси Интэрнэйшнл” хөндлөнгийн аудитын байгууллага, Стандарт, хэмжил зүйн газар, ЦЕГ, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газруудтай хамтарч ажилласан” гэлээ.

Тэд нэгдүгээрт сугалаа явуулдаг төхөөрөмжийн ажиллагааг, тодруулбал бөмбөгний жин, бөмбөг үлээлтийн хүчийг хэмжиж шалгажээ. Ингэхэд ямар нэг зөрчил илрээгүй байна. Үүний дараа НӨАТ-д холбогдох албан ажилтнууд өөрсдөдөө давуу эрх олгон сугалаа хожсон тохиолдол байгаа эсэхийг шалгахад мөн ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин гааль, татвар, мэдээлэл технологи хариуцсан нийт 47 албан хаагч, давхардсан тоогоор 89 удаа сугалаа хожиж байсан бөгөөд тэдний хонжворын нийт дүн 3 сая 838 мянган төгрөг байгаа тул энгийн гэж үзжээ.

Цаашид ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааг явуулахаа зогсоох, харин НӨАТ-ын шимтгэлээс иргэдэд буцан очих хувийг нэмэгдүүлэх чиглэлд саналыг Сангийн сайдад хүргүүлж, ажиллах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button