“Астра Зенека” вакциныг хөхүүл эмэгтэйчүүдэд хийж болно
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдөр /2021.03.10/-ийн хурлаар сүүлийн 24 цагт 11 мянга 170 хүнд шинжилгээ хийснээс 109-д нь халдвар илэрсэн тухай мэдээлсэн. Үүгээр манай улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 3481 болсон байна. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуусан асуултыг хүргэж байна.
-Иргэд эмнэлэгт үзүүлэхдээ заавал шинжилгээ өгсөн байх ёстой юу?
-Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчтөнөөс шинжилгээний хариу шаардахгүй. Эмнэлгүүд шаардлагатай нөхцөлд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна. Мөн төрөх эмнэлгүүдэд эхчүүдээс шинжилгээ шаардахгүй гэдэг журам гарсан. Тиймээс эмнэлгүүд аль болох уян хатан байхыг зөвлөж байна
-Вакцин хийлгүүлсэн иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Иргэд вакцинд хамрагдахаас өмнө эмчийн үзлэгт зайлшгүй орох шаардлагатай. Ингэхдээ эмчдээ урьд өмнө хийлгэсэн вакцинд хариу урвал илэрч байсан эсэхийг анхаарна. Вакцин хийсний дараа даарч болохгүй, халдвараас хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн авна. Вакциныг бүрэн тунгаар хийлгэсний дараа үр дүнтэй байх болно. Вакцин тариулсны дараа 1-2 өдөрт ханиадны шинж тэмдэг илрэх нь хэвийн.
-Вакцин төлөвлөсөн хугацаагаар яагаад хийгдэхгүй байна вэ?
-Бид боломжит хэмжээгээр вакцины цэгүүдийг нэмэгдүүлж, нэн шаардлагатай иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулаад байна. Тиймээс иргэд идэвхтэй хүлээцтэй байх хэрэгтэй.
-Жирэмсэн болон ахмад насны иргэд вакцинд хамрагдах боломжгүй гэсэн. Яагаад?
-Вакцины зааварт тусгагдсан эсрэг заалт гэж бий. Бид тус зааврыг мөрдөх ёстой. Юуны өмнө цар тахлын эсрэг вакциныг жирэмсэн бүсгүйчүүдэд хийж болохгүй гэсэн байдаг. Магадгүй жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмчтэйгээ зөвлөөд тухайн вакциныг жирэмслэхээсээ өмнө авч чадах эсэхээ зөвлөх ёстой. Жирэмсэн эсэхээ мэдэхгүйгээс вакцин хийлгэснээр эрсдэл гарсан мэдээлэл одоогоор байхгүй байгаа. Эхний тунгаас хоёр дахь тунг хийх хүртэл харилцан адилгүй хугацаа бий. Иймд бүрэн тунг хийлгэсний дараа халдвараас 95 хувь хамгаалахыг анхаарах хэрэгтэй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.