Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч боллоо

Хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлуудын талаар санал солилцох үеэр тэрбээр бие төлөөлөгчөөр нь ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тодруулбал, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикийн үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй. Харамсалтай нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улс төрөөс бүрэн хараат бус ажиллах ёстой, тийм үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шигээр хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байгаад хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур нэн шүүмжлэлтэй хандаж байна.
Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улс төрийн өнцгөөр тайлбарлаж, бүдүүлгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмуудыг нь улс төрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно. Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчим, үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна” гэжээ.
Б.Гүнбилэг нь:
2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд МУИС-Хууль зүйн сургуульд, 2005 онд АНУ-ын Сэйнт Томасын Их сургуульд тус тус хууль зүйн мастерын зэрэг хамгаалсан бөгөөд 2009 онд МУИС-Хууль зүйн сургуульд Жишгийн эрх зүй сэдвээр доктор зэрэг хамгаалсан хуульч, өмгөөлөгч юм.
2003 оноос 2008 онд Хууль зүйн үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар,
- 2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн Олон улсын нийтийн ба харьцуулсан эрх зүйн институтэд зочин судлаачаар,
- 2008-2009 онд УИХ-ын дарга Д. Лүндээжанцангийн хуулийн бодлогын зөвлөх, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хуулийн бодлогын зөвлөхөөр,
- 2009-2010 онд Австралийн Мельбурнийн Их сургуулийн Азийн судалгааны төвд зочин эрдэмтэн,
- 2010-2012 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар,
- 2012-2015 онд Хуульчдын холбоонд хуульч, өмгөөлөгч
- 2015-2017 Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч
- 2017-2019 УИХ-ын дарга М. Энхболдын Улс төрийн бодлогын зөвлөх бөгөөд Ажлын албаны ахлагчаар тус тус ажиллаж байсан ба
- 2019 оноос Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүнээр, 2010 оноос одоог хүртэл Монголын Олон Улсын Арбитрт арбитрчаар ажиллаж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёстой зөв сонголт . баяр хүргэе
МИ, женко 2 нэг тал болжээ. Мөнхийн дайсан, найз байхгүй мөнхийн эрх ашиг байдгаа гэж юутай үнэн үг вэ