Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна

Хүн төрөлтхтөн сансарт ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Нисэх багийнхан сансарт найман өдрийн турш байж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан аж.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголоос анхны хүн, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн билээ.
Ж.Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаанд суралцсан. Улмаар 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжэт Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байдаг. 1978 онд Ж.Гүррагчаа нь ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар цолоор шагнаж байв.
Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан залууст түүхийг таниулах, бахархуулах бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Мөн энэ хүрээндээ БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг Улаанбаатар хотын Хүндэт иргэнд өргөмжлөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.