Ш.Адьшаа: ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан дуусаагүй, шийдвэр гаргаагүй гэж байна
Өнөөдөр /2021.03.25/ УИХ дахь АН-ын төлөөлөл ҮХЦ-ийн даргатай уулзаж, мэдээлэл авсан байна. Үүнийхээ дараа хэвлэлд уг асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувьд ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан болсон эсэх, эцсийн шийдвэр гаргасан эсэхийг магадлахаар уг уулзалтыг хийсэн гэж онцоллоо.
Тэрбээр “АН-ын бүлэг УИХ-ын чуулганаас ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлаар завсарлага авсан.
Гуравдугаар сарын 19-нд ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан болсон ч юм шиг, болоогүй ч юм шиг, шийдвэр гарсан ч юм шиг, гараагүй ч юм шиг мэдээллүүд явлаа. Бидэнд ҮХЦ-д нөлөөлөх зорилго байхгүй. Бид Бага суудлын хуралдаан ер нь хуулийн дагуу явагдсан юм уу, хэр бодитой юм бэ гэдэг дээр мэдээлэл авъя гэж очлоо.
Тэгэхэд Бага суудлын хуралдаан дуусаагүй, үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг өглөө. Ямар нэг шийдвэр гараагүй, хуралдаан үргэлжилж байна гэж хариуллаа” гэлээ.
Үүнийх нь дараа сэтгүүлчид асуулт асуув.
-ҮХЦ-ийн Бага суудлын хуралдааны үеэр гишүүдийн зарим нь хаяж гарсан гэгдэж буй. Үүнийг тодруулсан уу?
-Ббидэнд асуух эрх байхгүй. Асуувал ҮХЦ-д нөлөөлөх гэсэн оролдлого болно. Иймд тайлбар мэдээлэл авсангүй, тэгэх эрх ч байхгүй. Үнэхээр ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан болсон юм уу болоогүй юм уу, дууссан юм уу, дуусаагүй юм уу гэдгийг мэдэх гэж ирсэн.
-АН-ын бүлэг өнөөдөр яагаад завсарлага авсан юм бэ?
-АН УИХ-ын дэгийн тухай хуульд заасанчлан, ҮХЦ-ийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлаар нэг хоногийн завсарлага авсан. Энэ асуудал олон хардлага дагуулж байна. ҮХЦ-ийн гишүүний хоёр оронтоо 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд гарсан. Гэтэл жил дөрвөн сарын дараа сая гэнэт томилох асуудлыг ярьж буй. Хоёр орон тоон дээр хоёр биш, нэг хүнийг Дээд шүүх санал болгочхоод буй. Ж.Эрдэнэбулган гэж хүнийг томилъё гэж оруулж ирэхдээ Ш.Цогтоо, Д.Солонго хоёрын хэнийг нь чөлөөлөхийг зааж өгөхгүй байна.
-Ерөнхийлөгч ҮХЦ дээр өөрийн биеэр ирж, байр сууриа илэрхийлж буй нь маргаан дагуулж байгаа шүү дээ?
-Ерөнхийлөгч яагаад ирснийг түүнээс л асуу. Бид өнөөдөр ҮХЦ-ийн хэрэг, маргаанд оролцъё гээгүй. Хурал болсон юм уу, болоогүй юм уу гэдгийг л асуух гэж ирсэн.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН ГИШҮҮД ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨӨД БАЙГААМ БИШ ҮҮ. ЭНЭ АДЬШАА ГЭЖ ХУУЛИА Ч МЭДЭХГҮЙ ХААНА ЯВААГАА Ч МЭДЭХГҮЙ ХОТ ДОТОР АЙЛЫН ХААЛГА САМАРДСАН НҮХЭЭ ОЛОХОО БАЙСАН МЭТ ТАРВАГА МЭТ АМЬТАН БАЙГААМ БИШ ҮҮ.
Kkk