ХОРИГДОЛ Ч ГЭСЭН ЭРХТЭЙ: Тэднийг хэзээ вакцинжуулах вэ

Сүүлийн хэдэн өдөр Монгол Улсад өдөртөө 400-600 коронавирусийн тохиолдол бүртгэгдэх боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 602 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10820 болж өслөө. Мөн коронавирусийн халдвараар нийт 12 иргэн нас барав. Ийнхүү цар тахал иргэдийн дунд бүрэн тархчихлаа.
Гэтэл үүний хажуугаар хорих ангиудад халдвар гарч эхэлсэн нь аюул дагуулж байна. Учир нь халдвар авсан жирийн иргэдээ хүч хүрэхгүй болчхоод байгаа манай улсад хийсэн хэргийнхээ ялыг эдэлж буй тэдгээр олон зуун ялтныг эмчлэх эмнэлэг, тусгаарлах байр огт байхгүй.
Гэтэл эрсдлээ тооцож, тэдгээр хоригдлуудыг вакцинжуулах ажлыг хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байна. Иргэдээ вакцинжуулах нь нэн түрүүний асуудал байгаа ч шоронд ял эдэлж буй хоригдлууд, түр саатуулагдаж буй иргэдэд ч эдлэх ёстой эрх бий. Тэд ч гэсэн эрүүл байх эрхтэй. Хэрвээ энэ байдлаараа хугацаа алдвал халдвар авах хоригдлууд болон тэнд ажилладаг ажилчдын тоо улам нэмэгдэх тооцоолол байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангийн түр саатуулах байранд гуравдугаар сарын 23-ны өдөр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Гуравдугаар сарын 31-ий байдлаар тус саатуулах байрнаас 119 хүнээс халдвар илрээд байгаа бөгөөд энэ нь тухайн үед байсан нийт хүний 48 хувь нь. Тиймээс 461 дүгээр ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.
Мөн Дарь-Эх дэх баривчлах байрны 17 алба хаагч, саатуулагдаж байгаа 86 иргэнээс халдвар илэрсэн. Албан хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт болон ХӨСҮТ-д тусгаарласан бол саатуулагдаж байсан иргэдийг зочид буудалд тусгаарлаад байв. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Дарь-Эх дэх түр саатуулах байрыг 100 хувь чөлөөлж,ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн дахин халдвар алдахгүй байх бэлтгэлээ бүрэн хангаж байж саатуулах байрны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.