СУРВАЛЖИЛГА: Шалгуурыг нь хангасан ч 3 хувийн хүүтэй зээл авч чадаагүй иргэд цөхөрсөндөө компаниа зарж байна
-Танайх яагаад компаниа зарахаар болов?
-Цар тахлын улмаас манай компанийн үйл ажиллагаа жил гаруй нам зогссон. Засгийн газраас аж ахуйн нэгжийг дэмжин, гурван хувийн хүүтэй зээл олгоно гэхээр нь их олзуурхлаа. Энэ зээлийг аваад хөл дээрээ босно л гэж бодсон. Тавхайгаа эргэтэл хөөцөлдлөө, бүтсэнгүй ээ. Одоо тэгээд компаниа зарахаас өөр арга алга.
-Ямар банканд хандав. Зээл нь бүтээгүйн гол шалтгаан юу вэ?
-Голомт банканд зээлийн хүсэлт гаргасан. Барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гээд зээл олгосонгүй. Аргаа бараад компаниа зарах зар “Unegui.mn” дээр тавьсан юм.
Цар тахалтай, санхүүгийн хямралтай байгаа өнөө цагт 70 сая төгрөгөөр манай компанийг худалдаж авах мөнгөтэй хүн ховор. Гурван хувийн хүүтэй зээл авах гээд компани хайж байгаа хүн байж магадгүй гээд зар тавьсан юм. Хүмүүс их сонирхож байна.
-Ихэвчлэн танаас юу гэж асууж байна вэ?
-“Танай компанийг худалдан авч байгаад гурван хувийн хүүтэй зээл авах гэсэн юм. Шалгуурыг нь бүрэн хангаж байгаа юу. Яг хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ” гэж их асууж байна.
“Гурван хувийн хүүтэй зээлийн шалгуур хангасан компани зарна” гэх зар “Unegui.mn” сайтад байршуулсан нэгэн иргэнтэй холбогдоход ийм хариу өглөө. Гурван хувийн хүүтэй зээл хөөцөлдөөд авч чадаагүй цөхрөнгөө барсан олон олон компанийн нэгээхэн төлөөлөл нь тэр.
Засгийн газраас зарласан эдийн засгийг сэргээн идэвхжүүлэх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бизнесийн зээл иргэн, аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчдэд олгож байгаа билээ.
Уг зээлийг авах ААН-д төр, засгаас НӨАТ төлөгч байх гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа юм. Харин иргэдэд төрөөс тусгайлсан ямар нэгэн шаардлага тавиагүй. Цар тахалтай, санхүүгийн хямралтай байгаа өнөө цагт гурван хувийн хүүтэй зээл авч бизнесээ хөл дээр нь босгох, доголдолыг нь арилгахыг бизнес эрхлэгч бүхэн хүсэж байгаа нь мэдээж. Бид энэ удаа гурван хувийн хүүтэй зээлийн эргэн тойронд юу болж байгааг сурвалжиллаа.
4033 ИРГЭНД 152.3, 712 ААН-д 168.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА

Гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн ажлын 24 хоногийн хугацаанд одоогоор 4033 иргэнд 152.3 тэрбум, 712 аж ахуйн нэгжид 168.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нийт 4745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм. Зээл авсан иргэдийн 3084 нь орон нутгийнх, 1661 нь Улаанбаатар хотынх.
Одоогоор 43377 иргэн 3 хувийн хүүтэй зээл авах хүсэлт гаргажээ. Эдгээрээс шийдвэрлэгдсэн нь 8670 (29321 ажлын байр), судлагдаж буй 13865 байгаа юм.
ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “9726 иргэн, 397.2 төгрөгийн гурван хувийн зээл авах хүсэлт гаргасан. Өнөөдрийн байдлаар 4258 хүсэлтийг нь судалж байна. Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш 29.321 ажлын байрыг хадгалж үлдсэн” гэсэн юм.
Тэгвэл гурван хувийн хүүтэй зээл очих учиртай, зорилтот бизнес эрхлэгч, ААН-үүдэд очиж байгаа юу. Бизнесээ босгоё гээд санхүүгийн боломж нь дутаж байгаа хүмүүс авч чадаж байна уу. Эсвэл өнөө л танил тал, “арын хаалгатай” нэг хэсэг нь энэ зээлийг өвөртөлж, жинхэнэ авах учиртай бизнес эрхлэгчдийн өмнүүр хөндөлсөж байна уу.
ЦАР ТАХАЛТАЙ, ХӨЛ ХОРИОНД ХЭД ХЭДЭН УДАА ОРСОН ӨНӨӨ ЦАГТ СҮҮЛИЙН 6 САР ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТАСАЛДААГҮЙ ААН ХОВОР

Зээл хүсэж буй ААН-д банкнаас тавьж байгаа гол шаардлагууд:
-Зээлийн барьцаанд орон сууц тавих
-Сүүлийн зургаан сар үйл ажиллагаа нь тасалдаагүй байх
-НӨАТ төлөгч байх
-Татварын өргүй байх.
Коронавирусийн халдварын улмаас Улаанбаатар хот, цөөнгүй аймагт хэчнээн удаа хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тухай бүрт ААН-үүдийн үйл ажиллагаа тасалдсан, зогссон (үйл ажиллагааны чиглэлээс хамаарна). Ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа нь тасалдаагүй байгууллага ховор. Ийм хүнд цаг үед банк “Сүүлийн зургаан сарын хугацаанд үйл ажиллагаа нь тасалдаагүй” гэсэн шаардлага тавьж буй нь өөрөө бодит амьдралтай уялдахгүй байгааг бизнес эрхлэгчид учирлаж байлаа.
Н.ЭНХБАТ: БАНКНЫ БАРЬЦААНДД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ГАЗРАА ТАВЪЯ ГЭХЭД ТООСОНГҮЙ
Үүний сацуу заавал “Барьцаанд орон сууц тавих” гэдэг шалгуур тогтоосон нь өөрөө бас л хүндрэл учруулж буй. Гурван хувийн хүүтэй зээл хүсэж буй иргэн бүхэн орон сууцгүй. Орон сууцтай, орон сууцгүй янз бүрийн иргэн байгаа. Бүхий л шалгуурыг нь хангаж, авах учиртай зээлдэгч мөртлөө орон сууцгүйн улмаас зээлийн гадна үлдэж байгаа иргэн олон. Тэдний төлөөлөл Н.Энхбат ингэж ярилаа. Хөөрөг, бэлэг дурсгалын зүйлс урладаг тэрбээр сүүлийн долоон жил үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Н.Энхбат “Манай компани 15 ажилтантай. Би өнгөрсөн жил бизнесээ өргөжүүлэхийн тулд орон сууцаа зараад, оффис худалдаж авсан юм. Цар тахлын улмаас үнэхээр туйлдаж байна. Юун орлого манатай. Ажилчдынхаа цалинг яаж тавих вэ гэтлээ хүнд байдалд орсон.
Гурван хувийн хүүтэй зээл авах санаатай их хөөцөлдлөө. Бүр цөхрөөд таньдаг хүнээрээ ч яриулж үзлээ. Гар хараад байгаа юм болов уу, өгдгийг нь өгье ч гэж бодлоо. Юуг нь нуух вэ. Манайх банкны бүх шалгуурыг хангасан. За, ёстой асуудалгүй авах нь гэтэл “Танайх барьцаанд тавих орон сууцгүй юм байна. Олгох боломжгүй” гэх юм. Аргаа бараад “Газраа, тоног төхөөрөмжөө барьцаанд тавъя” гэлээ. Юман чинээ тоосонгүй. Барьцаанд зөвхөн орон сууц л тавих боломжтой гээд халгаасангүй.
Бас болоогүй ээ, сүүлийн зургаан сарын хугацаанд тогтмол үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэж байна. Хэдэн удаа хөл хорио тогтоолоо. Тэгэх бүрт манайх төдийгүй бүхий л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан. Тэгснийг нь мэдсээр байж ийм шаардлага тавьж байгаа нь шударга бус. Иргэдийн амьдрал ямар байгааг мэддэг хүн ер нь байна уу. Амьдралаас тасарсан, тэнгэр дээгүүр дүүлсэн л хүмүүс байх юм” гэлээ.
Г.НАРАНЗУЛ: 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХӨӨЦӨЛДӨӨД АВЧ ЧАДСАНГҮЙ. КОМПАНИА ЗАРАХААС ӨӨР АРГА АЛГА

“Барьцаанд зөвхөн орон сууц тавина” гэсэн шаардлагын улмаас зээл авч чадаагүй бас нэгэн иргэн бидэнтэй холбогдсон нь Г.Наранзул. Хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэрбээр долоо хоногийн өмнө банкнаас татгалзсан хариу авчээ. Зээл авч чадаагүй гол шалтгаан нь барьцаа хөрөнгө.
Тэрбээр “Манай компани 2015 оноос үйл ажиллагаа явуулж буй, НӨАТ тогтмол төлсөөр ирсэн. Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд гурван хувийн хүүтэй зээл олгоно гэхээр нь их баярласан. Олгох сургаар нь судлахад ёстой баараггүй авахаар байсан юм. Бизнесээ хөл дээр нь босгоё, ажилтан, тоног төхөөрөмж нэмж авъя гэж бодож байлаа. Зээл хөөцөлдтөл барьцаа хөрөнгөгүй, орон сууцгүй гээд олгоогүй.
Одоо тэгээд бэлэн мөнгөгүй, санхүүгийн боломжгүй байгаа болохоор компаниа зарахаас өөр арга алга. Зар тавьчихаад сууж байна. Манай компанийг аваад, гурван хувийн хүүтэй зээл хөөцөлдөх гэсэн хүмүүс их холбогдож байна. Барьцаа хөрөнгөтэй бол авчих байх л даа. Ер нь энэ гурван хувийн хүүтэй зээл очих эзэндээ очиж чадахгүй байна. Танил талтай хүмүүс нь л аваад байх шиг. Бизнес эрхлэгчид ч их шүүмжилж байна” гэлээ.
ЗАРИМ ИРГЭН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВАХЫН ТУЛД КОМПАНИ ХУДАЛДАН АВЧ БАЙНА

Гурван хувийн хүүтэй зээл хөөцөлдөөд бүтээгүй тул компаниа зарах зар тавьсан иргэн олон. Unegui.mn болон бусад зарын группийг шүүвэл иймэрхүү зар хэдэн арваараа гарч ирнэ. Нөгөө талаар зарим нэг мөнгөтэй иргэн компани худалдан авч, түүгээрээ дамжуулан гурван хувийн хүүтэй зээл аваад “мөнгө угаан”, өөр зүйлд ашиглаж байгаа гэх хардлага олон нийтэд бий.
Гурван хувийн хүүтэй зээл аваад, өөр зээлээ төлж, эсвэл бусдад өндөр хүүтэй зээлдүүлж байхыг үгүйсгэх аргагүй. Энэ тал дээр Засгийн газар, банкны шалгуур, хяналт сул байгаа нь өөрөө асуудал болоод байгаа юм. Бодит байдлаас дүгнэхэд тэгж байх магадлалтай.
ЗӨВХӨН III САРД 2659 КОМПАНИ, ААН-ИЙН ЭЗЭМШИГЧ СОЛИГДЖЭЭ

Судалгаанаас харахад, Зөвхөн энэ оны гуравдугаар сард л гэхэд 1910 компани шинээр бүртгүүлжээ. Эдгээрийн 1629 нь ХХК. Үүний сацуу 2021 оны гуравдугаар сарын байдлаар 11954 ААН, компанийн эзэмшигч солигджээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард 4457 байсан юм. Гэтэл зөвхөн өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд 2659 компанийн эзэмшигч солигдсон нь өөрөө нэг зүйл хэлээд байгаа юм.
ЭДИЙН ЗАСАГЧИД: 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАХ НЬ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ

Энэ талаар эдийн засагчдаас тодруулахад “Авсан компаниараа дамжуулан гурван хувийн хүүтэй зээл авч, зориулалтын бус ашиглавал хууль бус. Мөнгө угаах гэмт хэргийн нэг хэлбэр. Тиймээс Засгийн газар, банкнаас зээл олгохдоо “Тухайн компани, ААН-ийг тэдэн жил удирдсан, салбартаа тогтмол үйл ажиллагаа явуулсан” гэх мэт шалгуурыг нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэгэнт зээл олгосны дараа тухайн зээлдэгч гурван хувийн хүүтэй зээлээ зориулалтын бус ашиглаж байгаа эсэхийг хянах боломжгүй. Тиймээс зээл олгохоосоо өмнө тодорхой шалгуураар хянах нь чухал” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зээл 3 хувь 3 жилийн богино хугацаа бол хэцүү зүйл бна 3хувь 5жилийн хугацаатай бол гайгүй төлөх боломж бх надд бүх зүйл барьцаатай гэхдээ боломжгүй бна гээд авч чадаагүй юм
компаниа дөнгөж худ�##�даж авсан бол 3 хувийн зээл өгөхгүй байх хэрэгтэй. мөнгө уга�##�т яваад байна.
kompaniuadad jig huviarlah yostoi avch chadaagui humuus gomdoltoi bna ugn ni ehiin etseej tugalin turaahgui gedeg ardin mm=aani saihan zuir ug baidag daa nuhtsul bdlaasaa shaltgaalaad tur harj uzeechee avsan bol butsaagaad l tulj taarna shdee
Өлсөж үхлээ, эдийн заснаа бодоод дэмжих хэрэгтэй. Муу хани�##�наас болоод эз сүйрлээ. Ккк