БОАЖ-ын сайд Н.Уртнасан Глазкоу хотноо ажиллаж байна

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазкоу хотноо чуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын үндсэн зорилго энэ зууны дунд үе гэхэд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтоо хангахын тулд улс орнууд өмнөх амлалтаа ахиулах зэргээр нэгдсэн зөвшилд хүрэхэд оршиж байгаа юм.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа БОАЖ-ийн сайд Н.Уртнасан Дэлхийн удирдагчдийн дээд хэмжээний уулзалтын нээлт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янек Глемариктэй хийсэн хоёр талын уулзалтад тус тус оролцов.
Уур амьсгалын ногоон сан нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр Монгол Улсад олон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Цаашид цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажиллахад зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцлаа. Уур амьсгалын ногоон сангийн захирлын зөвлөлийн хуралдааныг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах саналыг Янек Глемарик хүлээн авсан байна.

БОАЖ сайд Н.Уртнасан: Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувь хүртэл бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Хөгжиж буй орнууд болон хөгжингүй орнуудын хэмжээнд ямар бодлого чиглэл баримтлах, олон улсын бүс нутгийн хэмжээнд дэмжлэг хэрхэн авах талаар болон COP26-аас гарсан санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд анхаарч ажиллах, түншлэгч орнуудтайгаа хэрхэн байгаль орчны болон уур амьсгалын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахад чиглэсэн бодлогоо тодорхойлох нь илүү ач холбогдолтой гэж үзэж байна хэмээн онцлов.
Ташрамд дуулгахад, Глазкоугийн арга хэмжээнд 120 гаруй улс орны төрийн тэргүүн оролцож байгаа юм.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.