Ж.Батсуурь: Баруун-Урт хот баруун талдаа ойтой болно

Өнөөдөр /2022.02.12/ “Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өөрийн цахим хуудаснаа: Сүхбаатар аймаг одоогийн байдлаар 20 гаруй мянган модтой. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 10 сая мод тарих үүрэг авсан юм байна. Мод тарих биш ургуулахын тулд өрх, хүмүүстэй тулж, “эзэнжүүлж” ажиллах шаардлагатай. 2030 он гэхэд бид ургуулсан модтой, бодит үр дүнд хүрсэн байх л хэрэгтэй. УИХ-ын гишүүний хувьд мод тарих ажилд оруулах хувь нэмрийн нэг бол “Баруун-Уртын соёл амралтын хүрээлэн” төсөл юм. Баруун-Уртын голоо дагасан Соёл амралтын хүрээлэн байгуулах санаачилга гаргаж, Улсын төсөвт тусгуулсан. 2022 оноос хэрэгжиж эхэлнэ. Нийт 246 га талбайг бүсчлэн мини парк, спорт, үзвэр үйлчилгээний хэсэг, нэгдсэн зогсоол зэргийг багтаан төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын 150 га-д нь ногоон байгууламж бий болгоно. 1 га талбайд 1000 мод, нийт 150 мянган мод тарихаар төлөвлөж байна. Дуслын усжуулалтын систем хэрэглэнэ. Хэдэн жилийн дараа Баруун-Урт хот баруун талдаа ойтой болсон байна гэсэн өөдрөг төсөөлөл байна. Мод тарьж ургуулахын ач холбогдол зүйрлэшгүй. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аймгийн бүх суурин газар модтой болж, түүнийг дагасан байгаль, орчны эерэг өөрчлөлтүүд бий болж, иргэд, хүүхэд залуус мод тарих, ургуулах дадалд суралцсан, бодитой үр дүнд хүрсэн байхад аймаг, сумдын удирдлагууд анхаарч ажиллаарай. Та бүхэндээ амжилт хүсье" хэмээсэн байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.