ТОДРУУЛГА: Хийц, эд ангийн гэмтлээс болж кран зам дээр унасан

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваагаас тодрууллаа.
Тэрбээр "Баянгол дүүргийн гуравдугаар хороонд иргэн Арсланбаатарын захиалж бариулж буй Оршил констракшн компанийн барилга дээр угсарч байсан кран унасан байна. Шалтгаан нь техникийн шаардлага хангаагүй, бүрэн бус краны эд анги ашигласан гэж урьдчилсан байдлаар тогтоосон. Одоогоор кран угсралтын ажлыг зогсоосон.
Кран угсарч байгаа аж ахуй нэгжүүд техникийн бүрэн бүтэн байдал, суурь, сумнууд гагнуур салж уу гэх мэт үзлэг шалгалт хийж байж кран угсрах ёстой. Тиймээс аж ахуй нэгжүүд краны металь хийцийн шинжилгээ хийж байх ёстой. Угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зураг хамгийн түрүүнд хийх ёстой. Аюултай бүс үү үгүй гэдгийг тодорхойлох ёстой.
Тухайн осол шөнө хөдөлгөөн бага үед болсон учраас хохирол учраагүй ч өдөр унасан бол аюул дагуулах байсан. Краныг мэргэжлийн, туршлагатай инженерүүд удирдаж, ажиллах ёстой" гэлээ.
Урин дулааны улирал болж барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.