Нийгмийн

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэж байна

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан.

Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЮНЕСКО-гоос жил бүр тухайлсан нэг улс оронд хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөн форумыг зохион байгуулж ирлээ.

Энэ жилийн тухайд 2022 оны тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд ЮНЕСКО болон Бүгд Найрамдах Уругвай улсын Пунта Дел Эсте хотод Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн бага хурлыг зохион байгуулж байна. Энд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээлэл олж авах, дижитал эрин үеийн нөлөөллийг хэлэлцэж, шийдвэрлэх зөвлөмжийг боловсруулах юм байна.

Манай улсад 2022 оны эл өдрийг угтан Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч “NEWS” агентлагийн 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дунд “Хандалтын сэтгүүл зүйгээс Хариуцлагатай сэтгүүл зүй” форумыг зохион байгуулсан юм. 

Харин өнөөдөр МСНЭ-ээс “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

“Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг дэлхийн улс орнууд жил бүр өөр, өөр сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тухайн жилдээ салбартаа хамгийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, шийдэл хайсаар ирсэн юм.

Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхэд “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн утга учир оршино. 

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button