Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК эхлүүлнэ

Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч Монголын төмөр зам” ТӨХК-д “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн концессийн эрхийг өгч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.
Дээрх шийдвэрүүдийн хүрээнд тус компани нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 415 орчим км урт төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр Бичигт хилийн боомтоор жилдээ 25 сая.тн ачаа экспортод гарах боломж бүрдэх бөгөөд дамжин өнгөрөх ачааны хэмжээ 7-12 тн байх урьдчилсан тооцоолол хийгдсэн.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам баригдсанаар Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэнд орж Монгол Улс болон тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон өөрчлөлтийг авчрах бөгөөд БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцуудыг бий болгож эцсийн хэрэглэгчид өндөр үнээр бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэнэ.
Мөн орон нутагт олноор ажлын байр шинээр бий болохоос гадна уурхайнууд, тэдгээрт үйлчлэх салбаруудын олон мянган ажлын байр нэмэгдэх бөгөөд бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон ач холбогдолтой байх юм.
Харин эл төмөр замын нээлтэд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон юм. Энэ үеэр түүнтэй Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн талаар ярилцлаа.

-Хоёр хөрштэйгөө энэ талаар тохиролцоонд хүрч чадсан болов уу?
-Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д айлчлахад гурван боомтын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Гашуунсухайт, Бичигт, Шивээхүрэн боомт гэж хэлэлцсэн. Энэ жилдээ эдгээр гурван боомтоо холбож дуусгахаар төлөвлөсөн. Бусад боомтын хил холбох цэг дээр дахин ажиллана.
-Нарийн болон өргөн царигийн алинаар нь шинэ төмөр замыг барих вэ?
-Хил холболтын цэгт цариг хоорондын маргаан байдаг. Одоо бол манайх өргөн царигаараа, БНХАУ нарийн царигаараа хил холбох царигийн зөрүүн дээр аль аль цариг нь хил нэвтрэх боломжтой нот бичигт гарын үсэг зурсан. Тиймээс олон жил түншилсэн Гашуунсухайтын төмөр замын асуудал шийдэгдэж, Шивээхүрэн боомтын асуудал ч шийдэгдэж байгаа. Мөн Ээнэ хүрээнд Бичигт боомтын асуудал шийдэгдсэн.

Энэ нь зөвхөн БНХАУ-тай холбоотой бус ОХУ-тай ч холбогдох транзит томоохон тээврүүд. Баруун, зүүн хоёр коридорын төсөл нь нэг биш, гурван улсын хоорондын төсөл учраас энэхүү төсөл бодитой хэрэгжих эхлэл нь өнөөдөр (долдугаар сарын 2-ны өдөр) тавигдаж байна гэж ойлгож болно. “Монголын төмөр зам” ТӨХК концесс эзэмшигчээр оролцоно. Төрөөс ямар нэгэн байдлаар мөнгө гарахгүй. Хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчид оруулсан км-рээрээ концессын гэрээг 20-30 жилийн хугацаатай эзэмшинэ. Үүнийг “Монголын төмөр зам” ТӨХК зохион байгуулах эрхийг ЗГ-ын хуралдаанаас шийдвэрлэсэн.
-Цаашид эдийн засгаа тэлэх, боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлд Засгийн газраас ямар ажил төлөвлөж байна вэ?
-Хоёр дахь том давлагаа бүх том боомтуудаа авто замаар, стратегийн гол боомтуудаа төмөр замаар, агаарын хилээ мөн өргөтгөх шаардлагатай. Алтанбулаг-Замын-Үүдийн боомтыг хурдны замаар холбох зорилтуудыг тавиад ажиллаж байна. Маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардана. Тиймээс төр, хувийн хэвшилд хөрөнгө оруулагчдаа татаж, хамтдаа ашигтай байх зарчим руу явах нь чухал гэж харж байгаа. Монгол Улс экспортын нэгхэн гарцтай. Гэхдээ нэг жилийн дараа энэхүү гарцыг тав болгох боломжтой. Тэр нь төмөр зам. Эдийн засгийн хувьд энэхүү гарцын давуу тал нь 2023 оны хоёрдугаар хагасаас эхлээд мэдэгдэж эхэлнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.