
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах ёслол өнөөдөр болно. Тус улсын эрх баригчид өчигдөр Шинзо Абэг төрийн дээд шагнал Хризантемийн одон (大勲位菊花章 Dai-kun'i kikka-shō)-гоор нэхэн шагнасан. Ерөнхий сайд Фумио Кишида тэргүүтэй төр засгийн өндөр албан тушаалтнууд, Японд ажлын айлчлал хийж буй АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен зэрэг хүмүүс өчигдөр орой Токио дахь Жозожи сүмд ирж, талийгаачид хүндэтгэл үзүүлэн салах ёс гүйцэтгэсэн байна. Мөн Эзэн хаан Нарухито, гүнж Масако нар цэцгийн баглаа илгээжээ.
Ш.Абэгийн тэргүүлж агсан Либерал ардчилсан намын фракцийнхан голдуу 2500 хүн хүндэтгэл үзүүлсний дотор АНУ, ОХУ-аас Японд суух Элчин сайд Рам Эммануэль, Михайл Галузин нар байсан талаар “Киодо ньюс” агентлаг мэдээлэв.
Хризантемийн одон нь 145 жилийн өмнө буюу 1876 онд Эзэн хаан Мэйжи бий болгосон, тус улсын хамгийн нэр хүндтэй шагналын нэг юм. Цэвэр алтаар урласан уг одонг Эзэн хааны зарлигаар олгодог.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиа баталсан 1947 оноос хойш энэ шагналыг Шигэрү Ёшида, Эйсаку Сато, Ясухиро Накасоне нарын зэрэг гурван Ерөнхий сайдад л хүртээсэн бөгөөд Шинзо Абэ дөрөв дэх нь болж байгаа аж.
Ховор олгогддог нэр хүндтэй шагнал боловч өнгөрсөн жил Японд айлчилсан гаднын нэг бус улсын төрийн тэргүүнд гардуулсан гэсэн мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.