“Катар 2022”: ОУХХ Катарын эрх баригчидтай хийсэн нууц гэрээ ил болов

Катарын эрх баригчид “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр баримтлах дүрэм журмын талаар мэдээлэл өчигдөр гарч, биечлэн очиж үзэхээр төлөвлөж буй фанатуудын урмыг хугалсан. Дэгсдүүлж хэлэхэд, эх орондоо байдаг шигээ байвал нэлээд хэсэг нь тэндээ шоронд ороод үлдэх нь гэсэн сэтгэгдэл төрөхөөр журам олон нийтийн сүлжээгээр тарсан юм.
Тэрхүү журмаас:
- “Ямар нэг газар орохдоо ахмад болон “дээд ангилал”-ын хүнтэй эхэлж мэндчилнэ”
- “Эмэгтэйчүүдэд ойртохдоо гар барьж, тэвэрч болохгүй”
- “Хоол идэх, цай уухдаа зөвхөн баруун гараараа”
- “Катар хүний нүд рүү харж болохгүй”
- “Хүний өөдөөс хөлөө ачиж суувал доромжлол гэж үзнэ”
- “Зарим газар эрэгтэй, эмэгтэй гэж зааг тогтоосон бол түүнийг нь дагах ёстой”
- “Эмэгтэйчүүд толгойн алчууртай явах”
- “Богино ханцуйтай цамц, банзал, богино өмдийг зөвшөөрөхгүй”
- Цээж нүцгэн явбал шийтгэнэ”
- “Цаг, хуримын бөгжөөс бусад зүүсгэл чимэглэлийг зөвшөөрөхгүй”
- “Гудамжинд архи дарс ууж, хөлчүүрч болохгүй”
- “Нэг аяга шар айраг 17 евро бөгөөд зөвхөн тодорхой цагт худалдана” зэрэг заалтууд нь онцлогдон сошиалд тарсан.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Катарын эрх баригчидтай байгуулсан нууц гэрээ ил болжээ.
Энэхүү нууц гэрээнд фанатуудын өөрийн эргүй гаргачихдаг “Ширээн дээрээ гарах, чанга дуулах” зэрэг үйлдлийг цагдаа нар өршөөн хэлтрүүлэх, ижил хүйстнүүдийг хууль бус гэж үздэг хууль тогтоомжийг үл харгалзан ЛГБТ шүтэн бишрэгчид гудамжинд гар барьж, олон нийтийн газар солонгын өнгийн далбаа дэлгэхийг зөвшөөрөх зэрэг зүйл заалттай гэнэ. Товчхондоо, ДАШТ-ий үеэр соёл болон шашны ялгаанаас үүдэж гарах магадлалтай зөрчилдөөнийг зөөллөх зорилготой аж.
Тухайлбал, “Эмэгтэйчүүдийн эрх”-ийн талаарх дэд хэсэгт “Эмэгтэйчүүд ямар ч нөхцөл байдлаас үл хамааран жирэмслэлт, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой бөгөөд ямар нэгэн төлбөр төлөхгүй” гэж заажээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.