Улс төрийн мэдээ

Арбитрын маргаан: "Рио Тинто" нэхэмжлэлээ татах агуулгатай захидал ирүүлсэн үү

Оюу толгойн хэлэлцээ дуусах шатандаа орж буй Засгийн газар талын ажлын хэсгийг ахалж байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн байна. Эцэслэх асуудлуудын нэг нь рбитрын маргаан буй.

Тэгвэл, хөрөнгө оруулагч талаас захидал ирснийг өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эл захидалд "Рио Тинто" групп арбитрын маргааныг эвээр хэлэлцэн шийдвэрлэх чиглэлд байр сууриа илэрхийлжээ.

Мөн тавдугаар сарын эхээр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал манай сайтад өгсөн ярилцлагадаа "Ажлын хэсэг саналаа нэгтгэж чадвал хөрөнгө оруулагч тал нэхэмжлэлээ татаж магадгүй" хэмээн процессын мэдээлэл өгч байсан юм.

Арбитрын маргааныг товч эргэн сануулбал,

2018 оны нэгдүгээр сард Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. “Оюу толгой” компани үүний 4.8 сая долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Улмаар Арбитрын шүүхэд хандсан байдаг.

Дараа нь, 2020 оны арванхоёрдугаар сард дахиад акт тавьсан. Нэмж 649 тэрбум төгрөгийн акт ийн тавьсныг “Оюу толгой” ХХК мөн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, өмнө нь үргэлжилж байсан Арбитрын маргаанд эл актын асуудлыг нэмж оруулахаар болсон юм.

Ингээд хоёр удаагийн татварын актыг нэг Арбитрын маргаанаар шийдэх процесс өрнөж эхэлсэн. Энэ нь 2020 оны хоёрдугаар сар бөгөөд, Оюу толгойн хэлэлцээ ид анхаарал татаж байсан үе.

Хуулийн дагуу байршуулсан ₮1.1 их наядыг иргэн бүрд тараасан нь

Үүнд нэг сонирхолтой өнцөг бий нь, “Оюу толгой” ХХК нь 2021 онд хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 1.1 их наяд орчим төгрөгийг Төрийн санд байршуулсан байдаг. Үүнийг Засгийн газраас “Тэд татварын актыг хүлээн зөвшөөрч, төлөлтөө бүрэн хийлээ” гэсэн утгаар мэдээлсэн.

Гэвч Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 43.3-р зүйлд, “…Гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Арбитрын шүүх дээр гомдол нь хэлэлцэгдэж байгаа ч шийдвэр гартал хуулийн дагуу татварын өрөө төлөх үүргээ “Оюу толгой” ХХК биелүүлэх учиртай гэсэн үг. Энэ дагуу мөнгөн хөрөнгийг байршуулсан бөгөөд, хэрэв Арбитрын шүүх Оюу толгойн талд шийдвэл тэд Төрийн санд байршуулсан мөнгөө буцааж авах нөхцөл байдал үүссэн юм.

Гэтэл Засгийн газар энэ эхний төлөлтийг иргэн бүрд 300 мянган төгрөг болгоод тараачихсан. Хэрвээ Арбитр дээр унавал, Засгийн газар энэ 1.1 их наяд төгрөгийг “Оюу толгой” ХХК-д буцаан төлөх “өр”-тэй болчихсон гэсэн үг.

Тэгэхээр, Арбитрын маргаан дээр ялах эсэх нь улам анхаарал татах сэдэв болсон билээ. Өөрөөр хэлбэл, 300 мянган төгрөг болгоод тараачихсан татварын маргаандаа өдгөө Засгийн газар ялалт байгуулах уу, “Рио Тинто”-д ялагдаж нэгэнт үрсэн 1.1 их наяд төгрөгийн “өр”-нд унах уу гэдэг нь өрнөх хүлээлт юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button