Украин: Хоёр долоо хоногийн дотор найман тосгон эргүүлж авлаа

Украины зэвсэгт хүчин сөрөг довтолгоогоо эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрлөө. Энэ хүрээнд эхний долоо хоногт Лобков, Левадне, Велика Новосилка, Сторожев, Макаривка, Нескучне нэртэй долоон тосгоноос Украины арми ОХУ-ын цэргүүдийг хөөж гарган, буцааж авч чадсан билээ.
Тэгвэл довтолгооны хоёр дахь долоо хоног өнгөрөхөд Азовын тэнгис рүү чиглэсэн хамгийн шулуун замын ойролцоо, фронтын шугамын бэхлэлт сайтай хэсэгт оршдог тосгоныг Украины зэвсэгт хүчин чөлөөлжээ.
Уг тосгон нь Пятихатки нэртэй Запоржье мужийн өмнөд хэсэгт оршдог суурин газар юм. Нэгэн Орос албан тушаалтан ням гарагт (2023.) Пятихатки тосгоныг Украин хяналтдаа авсан гэж мэдээлсэн ч төд удалгүй Орос цэргүүд тэднийг хөөн гаргасан гэж хэлсэн байна. Харин даваа гарагийн (2023.06.19) өглөө Украины тал дахин довтолж байна гэж мэдээлжээ.
Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр цэргүүд дан ганц Пятихаткиг эргүүлж аваад зогсохгүй хоёр долоо хоногийн дотор 7 километр урагшилж нийтдээ 113 км.кв талбайг буцааж авсан хэмээсэн байна. Тэрбээр өөрийн Телеграм хуудас дээр “Хоёр долоо хоногийн хугацаанд Бердианск, Мелитополь хотын чиглэлд довтлох ажиллагааны явцад найман сууриныг чөлөөлсөн” гэж бичсэн юм.
Хэдийгээр Украин фронтод ахиц гаргасан ч гэсэн дайны шинжээчид сөрөг довтолгооны гол үе шат хараахан эхлээгүй байна гэж үзэж буй. Хоёр тал хоёул цэргийн хүчний талаас хүнд гарз хохирол амссан гэж шинжээчид тооцоолсон байна. ОХУ-аас Запорожье мужийг удирдах албанд томилсон Владимир Рогов “Дайсан долгион шиг довтолгоонууд хийж асар их хохирол амссан ч үр дүнтэй байна” гэсэн юм. Харин Украины Батлан хамгаалах яамнаас цацсан бичлэг дээр нэгэн цэрэг “Оросууд техник, сумаа орхин зугтсан. Украины алдар нэр мандаг” гэж хэлсэн байна.
Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам хаана цэргүүдээ төвлөрүүлж, бэхлэлтээ чангатаж байна. НАТО-гийн гишүүн орнууд болох Их Британи болон Эстони улсын тагнуулын алба Каховка далан нурсны улмаас үерт автсан Днепр мөрний өмнөд хэсэгт ОХУ цэргүүдээ шилжүүлж байна гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дандаа худлаа тархи угаасан мэдээлэл хүргэхийн.
Eguur/ энэ тэндээс аөнгө авч мөнгө авч худлаа мэдээ тавихаа болиорой.