"Баян-Өлгий, Ховд аймгийн цахилгааныг зургаа хоног хязгаарлана"
Баян-Өлгий болон Ховд аймгийн цахилгаан эрчим хүчийг зургаан хоног хязгаарлахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 23-28-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд хязгаарлах аж. Энэ талаар тодруулахаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Ерөнхий инженер Ц.Тооройхүүтэй холбогдлоо.
Тэрбээр “Улаангом-Өмнөговь чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийхээр төлөвлөлөө. Тухайн ажлыг жил бүрийн өдийд зохион байгуулдаг бөгөөд энэ нь ирэх өвөлдөө бэлдэж буй байдал юм.
Цахилгааны хязгаарлалттай үеэр Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц, Нарны станцаас цахилгаан эрчим хүчээр хангана.
Тус засварын ажлыг энэ сарын 15-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөсөн байсан бөгөөд ЭЕШ-ын хугацаатай давхардсан тул хойшлуулсан билээ. Энэ тухайгаа хязгаарлалт хийх аймгуудад мэдэгдсэн. Одоогоор тус засварын ажлыг гүйцэтгэхээр таван машин, 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна" гэв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.