Жюү Жицүгийн Азийн болон Дэлхийн анхны монгол аварга

Жюү Жицү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдгөө “Улаанбаатар-2023” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. “Не-ваза” төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ М.Сугар хүрэл медаль хүртлээ. Тэрээр +70 кг-ын жинд ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг ялж , хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирсан юм.
М. Сугар 2013 онд АНУ-ын Лос-Анжелест болсон Жюү жицү ДАШТ-д аваргын болзлыг хангасан анхны монгол тамирчин болж,түүнээс жилийн дараа Холливуудэд ирж хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн “Данань-2016” Азийн элсний наадам, “Ашгабат-2017” Азийн танхимын спортын наадмаас хүрэл медаль, 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд +70 кг-ын жинд алтан медаль тус тус хүртэж байсан билээ.
Тэрээр жюү жицүгээс гадна жүдо, самбо, кураш, бүстэй барилдаан гээд бөхийн олон төрөлд хүч үздэг чансаатай тамирчин юм. Мөн 2016 оноос хойш Дорноговь аймагт, 2019 оноос жюү жицүгийн “Хилэнц” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
М.Сугар нь Монголын жюү жицүгийн анхны дэлхийн болон Азийн аварга гэдгээрээ тун онцлог юм.
Саяхан хүрэл медалийн төлөөх барилдаандаа ялж, талбайг орхих агшиндаа хүүхдээ тэвэрч алхсан нь дуранд өртсөн билээ.
Б.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.