Ханун хар салхи Сөүл рүү ойртож байна

Өнөөдөр /2023.08.09/ БНСУ-д хүрэх байсан Ханун хар салхи чиглэлээ өөрчилжээ. Хэдхэн хоногийн өмнө хар салхи Японы баруун өмнөд хэсгийг дайрч, хоёр улсын хоорондох далайг дайран өнгөрнө гэсэн урьдчилсан мэдээлэл байсан билээ.
Мягмар гарагт Солонгосын цаг уурын газраас мэдэгдэхдээ, Хануны нүд нь Японы Кюүшюү арлын баруун эргийг цохиж, пүрэв гарагийн өглөө хойд зүг рүү чиглэн Солонгосын өмнөд эрэгт хүрнэ. Хар салхи өмнөд Кёнсан мужийн Тунёнг хотын баруун хэсэгт хүрэхдээ 119-158 км/цагийн хурдтай байна гэж таамаглажээ.
Цаашлаад Ханун хар салхи чиглэлээ өөрчлөхгүйгээр хойд зүгт хүрч, пүрэв гарагийн шөнө хойд Чунчонг мужийн Чунжү хот, өглөө нь Хойд Солонгосын Пёньянд хүрэх төлөвтэй. Өмнөд Солонгосын бүх бүс, Хойд Солонгосын ихэнх хэсэг хар салхины нөлөөнд автах магадлалтай аж.
Хануны хамгийн сүүлийн үеийн чиглэл БНСУ-ын улсын нийслэлээс зүүн тийш гэж таамаглаж байсан ч одоо Сөүл рүү ойртож байна.
Өнөөдөр буюу лхагва гарагийн үдээс хойш Чежү арлаас эхлэн хар салхины сэрэмжлүүлгийг орон даяар тарааж эхэлнэ гэж KMA мэдэгдэв. Улмаар
- лхагва гарагийн шөнө эх газрын өмнөд эргийн бүс нутаг,
- пүрэв гарагийн өглөө төвийн бүс нутаг,
- пүрэв гарагийн үдээс хойш нийслэл Сөүл, Инчон, Кёнги мужид анхааруулга өгөх өгөхөөр болжээ.
Мягмар гарагийн өглөөний байдлаар хар салхи Кагошима мужаас өмнө зүгт 300 км-ийн зайд хүрч, 970 гектопаскаль, салхины дээд хурд 126 км/цаг хүрсэн байна.
Өмнөд Солонгосын Жири уул болон Чежү арлын уулархаг бүс нутагт 400 миллиметр ба түүнээс дээш хэмжээний бороо орно. Хойд Кёнсан муж, Өмнөд Кёнсан мужийн зүүн эргийн бүс нутагт дор хаяж 300 миллиметр хур тунадас орох төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times
Б.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.