АНУ: Ерөнхийлөгч Ж.Байдены хүүг эрүүгийн хэргээр шалгана

Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден эрүүгийн хэрэгт шалгагдаж магадгүй ажээ. Энэ талаар баасан гарагт АНУ-ын тусгай прокурор Дэвид Вайс тухайн албан тушаалд томилогдсоныхоо дараа мэдэгдсэн юм.
Энэ бол АНУ-ын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал. Тиймээс ч 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвшихээр зэхэж буй Ж.Байдены сонгуулийн явцад шүүх ажиллагаа хүчтэй нөлөөлж болзошгүйг харуулж байна.
Тодорхой хэлбэл, одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдохын төлөө сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн үед хүү нь эрүүгийн хэрэгт татагдах гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Бүгд Найрамдах намаас нэр дэвших гэж буй Дональд Трамп эрүүгийн гурван хэрэгт холбогдоод байгаа билээ.
Ирэх жилийн АНУ-ын сонгуульд нэр дэвшигчид ийн ямар нэгэн байплаар эрүүгийн хэрэгт холбогдоод буй нь энэ юм.
Үүний сацуу Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчууд "Ерөнхийлөгч Ж.Байден хүүгийнхээ бизнесээс ашиг хүртдэг" гэх нотлогдоогүй мэдээг эш татан Ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн сүрдүүлж байна.
2019 оноос хойш Хантер Байденыг шалгаж буй прокурор Д.Вайс зургаадугаар сард түүнийг татвар, гар бууны хэргээр буруутган шүүхэд хандсан боловч холбооны шүүгч талуудын санал болгосон тохиролцоог хүлээн авахаас татгалзжээ.
Хантер Байден 2017, 2018 онуудад 1.5 сая доллараас дээш орлогод ногдох татвар төлөөгүй гэх хэрэгт өөрийгөө буруугүй гэдгийг мэдэгджээ. Тэрбээр хориотой бодис хэрэглэсэн үедээ галт зэвсэг эзэмшиж байсан гэх тусдаа хэрэг нь шүүхээр хэлэлцэх шатанд ороогүй байгаа юм.
Д.Вайс баасан гарагт шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Хоёр талын яриа хэлцэл тасарлаа, одоо эл хэрэг шүүх хурал хийхгүйгээр шийдэгдэхгүй гэж Засгийн газар үзэж байна" гэжээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.