Газрын өрөмдлөгөөс үүсэлтэй Дорнодын Засаг дарга, "Магнай трейд" нарын маргаан

Газрын өрөмдлөгтэй холбоотойгоор Дорнод аймгийн Засаг дарга болон "Магнай трейд" ХХК нарын дунд өрнөж буй маргалдаан шүүхийн шатанд яваа.
ЗГ-аас 2010 онд зарласан Баянтүмэн 17 гэх Дорнод аймгийн долоон сумын нутгийг хамруулсан талбайд "Магнай трейд" компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ажээ.
2019 онд тус компанийг зөвшөөрөлгүй газар ашиглаж өрмийн цамхаг, олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэн тус газрыг чөлөөлүүлэх захирамжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гаргасан байна.
Дээрх маргааныг Засаг дарга М.Бадамсүрэн цахим хуудастаа тайлбарлахдаа "Хуульд заасны дагуу хариуцагчийн оршин суугаа харьяаллын буюу Дорнод аймгийн анхан шатны шүүхэд хянагдаж аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна гэх шүүхийн шийдвэр гарсан. Аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаснаар 3-4 жил үргэлжилж, өнгөрөгч онд Хэнтий аймгийн шүүхэд шилжин тус компаний талд шийдвэрлэгдсэн байдаг. Мөн өнгөрсөн хугацаанд тус компаний эзэмшлийн Ивээл хорооллын хойно төв замын трассад давхацсан Шатахуун түгээх станцын газрыг чөлөөлсөн нь нийтийн эрх ашгийн төлөөх шийдвэр байсан" хэмээжээ.
Тэгвэл "Магнай трейд" компанийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан "Дорнод аймгийн Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 2,589,950,664.67 буюу 2.59 тэрбум төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс албан тоотыг явуулсан байна.
Тэгвэл эл нэхэмжлэлийн шүүх хурал өнөөдөр Дорнод аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох билээ.
Эл кейсээс өрөмдлөг хийх зөвшөөрлийг "Магнай трейд"-д өгсөн бол тус компани хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсанаар Засаг дарга өөрийн хөрөнгөөр хохирлыг барагдуулах магадлалтай хэмээн тодорхойлж болно.
Учир нь Захиргааны байгууллага хохирлыг төлөх боловч буруутай этгээдээр төлүүлэх заалт Захиргааны ерөнхий хуульд бий. Тус хуулийн 103.1-д "Иргэн .... иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ" гэх заалттай. Тэгэхээр хэрэв өнөөдрийн шүүх хурлаар шүүхээс Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах ёстой хэмээн үзвэл дээрх заалт биеллээ олно.
Харин уг тохиолдолд өнгөрсөн онд яагаад Дорнод аймгийн шүүхийн хэлэлцэх асуудлыг Хэнтий аймгийн шүүх рүү шилжүүлсэн нь хачирхалтай. Юутай ч газрын өрөмдлөгийн асуудал нэмэгдээд буй сүүлийн жилүүдэд уг хэргийг шүүхээс хэрхэн шйидвэрлэх нь анхаарал татаж буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нутгийг минь яахаараа Хэнтийн шүүх шийддэг юм бэ
Монгол компанийг болохоор өрөмдүүлдэггүй, Хятад компанид бол бүх зүйл нь чөлөөтэй. Юу гэж ойлгох вэ?