"Улаан овоо" уурхай нүүрсээ олон улсад арилжаалах амбицаа ахиулна

Сайн чанрын эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг "Улаан овоо" уурхай байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө сунгуулсан талаар мэдээлжээ.
Уурхайн эзэмшигч Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компанийн захирал Жон Ли "Нефтийн үнийн өсөлттэй зэрэгцэн нүүрсний зах зээлийн нөхцөл байдал сайжирч байгаа тул манай Монгол дахь салбар компаниуд зардлаа хянуур зохицуулж, нүүрсний экспортоо сэргээхээр бэлтгэж байна” гэж онцолсон байна.
Тус компанийн хувьд олон улсад эрчим хүчний нүүрсний үнэ унаснаас гадна уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилтай холбоотойгоор тавдугаар сард үйл ажиллагааг зогсоосон юм. Хэдийгээр есдүгээр сараас үйл ажиллагаа нь эргэн сэргэж буй ч оны эхэн үеийн түвшиндээ хараахан хүрээгүй байгаа аж.
“Улаан овоо” уурхай нь 2022 оны сүүлээс 2023 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд Эрээн боомтоор 18.8 мянган тонн нүүрс экспортолсон бөгөөд Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар тээвэрлэх биет хэмжээгээ цаашид нэмнэ гэдгээ компанийн зүгээс мэдэгдээд байгаа юм.
Газарзүйн байршлын хувьд монголын зүүн бүсийн Сэлэнгэ аймагт хамаардаг тус уурхай нь цаашдаа усан замын тээвэртэй холбогдох боломжит бүсчлэлээр нэрлэгдэж буйгаараа онцлогтой. Зүүн бүсийн аймгуудын эдийн засгийг хөгжүүлэх гол тулгуур үзүүлэлтээр уул уурхайн экспортыг Тяньжин боомтоор дамжуулан, усан замаар олон улсад гаргах хувилбар нэрлэгддэг билээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.