Хүний амь хохироосон байж болзошгүй этгээд нурааж буй барилгад нуугдсан байжээ
Үл таних хүмүүстэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар зодуулж, амь хохирсон хэрэг гарсан байна.
Тухайлбал, “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мөрдөн шалгах явцад 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа садаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан нь тогтоогдсон байна.
Энэ талаар ЦЕГ-аас "Тухайн хэргийг 31 настай, “У” гэгч үйлдсэн нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг эрэн хайх ажиллагаа явуулснаар нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоолоо. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" хэмээв.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.