Нийгэм мэдээ

Сайн жишиг: Тамхи, согтууруулах ундааны хяналтыг сайжруулах уриалга

“Соёл танаас эхэлнэ” гэсэн уриатай хөтөлбөрийг “GS25” болон “CU” зэрэг тухтай дэлгүүрүүд нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан тамхи, янжуур тамхи, согтууруулах ундаа зэргийг худалдан борлуулахдаа “иргэний үнэмлэх шалгаж”, зөвхөн насанд хүрсэн хүмүүст худалдаалахыг уриалсан санаачилга гаргажээ.

Хэдийгээр “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-н 26.1 болон “Тамхины хяналтын тухай хууль”-ийн 6.8.1-д тус тус зааснаар бичиг баримт шалгаж насанд хүрсэн хүнд худалдаалахыг заасан байдаг ч энэ төрлийн жишиг тогтолгүй өдийг хүрчээ.

Ерөнхийдөө бодит амьдрал дээр энэ заалтууд үр дүнтэй хэрэгжихгүй байгаа нь хяналт, сул байгаатай холбоотой. Үүний улмаас өсвөр насны хүүхдүүдийн дунд архины хэрэглээ өсч, тамхинд донтож, цахилгаан тамхи хэрэглэснээр эрүүл мэндийн эрсдэлд өртөх асуудал нэмэгдэж байна. 

GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн зүгээс ийнхүү уриалга гаргасан нь олон нийтэд хариуцлагатай худалдааны жишгийг бий болгох томоохон алхам болж байна. Тэд худалдан авагчийн насыг шалгаж, хууль ёсны шаардлагыг мөрдөхөөс гадна хэрэглэгчдэд энэ төрлийн бүтээгдэхүүний эрсдэл, хуулийн хариуцлагыг ухамсарлуулахыг зорьж байгаа аж. 

Энэхүү уриалгын үр дүнд өсвөр насны хүүхдийг аливаа нэг хорт зуршлаас хамгаалах, хариуцлагатай худалдааны соёл бий болгох, бусад төрлийн бизнес салбаруудад сэдэл өгөх, өөрсдийн санаачилгаар хуулийн хэрэгжилтийг биелүүлэх зэрэг үлгэр жишээ болно гэж үзэж байгаа нь гарцаагүй юм.

Монгол Улсын тамхины хэрэглээтэй холбоотой хууль хэрэгжилт тааруу байгаа ч хувийн хэвшлийн зүгээс ийнхүү санаачилга гаргаж, иргэний үүргээ ухамсарлаж буй нь сайшаалтай хэрэг юм. Төр, хувийн хэвшил, иргэд хамтран ажиллах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх гол түлхүүр билээ. 

Хариуцлагатай бизнесийн соёлыг түгээн дэлгэрүүлж буй GS25, CU зэрэг байгууллагуудын энэ мэт үйл ажиллагааг дэмжиж, бусад байгууллага ч мөн адил үүрэг хариуцлагаа ухамсарлана гэдэгт итгэлтэй байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button