"Шуурганаар 162 айлын гэр, 70 мал, 17 байшин сүйдсэн. Тусламжийн гэр олгох ажил удахгүй эхэлнэ"
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд энэ сарын 10-11-ийг шилжих шөнө салхины хүч секундэд 34 метрт хүрч олон айлын гэр сүйдсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Байгалийн гамшгийн улмаас хохирсон айл өрхөд гэр олгох тусламжийн цувааг өчигдөр буюу /2025-04-13/-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн байдаг.
Иймд одоогийн нөхцөл байдал, хохирлын хэмжээг тодруулахаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Лувсанжамцтай холбогдлоо. Тэрбээр "Гурав хоногийн өмнө болсон байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас олон айл өрх орон гэрээ алдаад байна. Хохирлын хэмжээ одоогоор эцэслэгдэн гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 162 гэр, 17 барилга байгууламж, 230 хашаа, 70-90 бог мал сүйдсэн гэх тоон мэдээлэл байна. Дөнгөж сая УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалсан тусламжийн цуваа ирээд байна. одоогоор болсон нөхцөл байдалтай танилцах хурал зохион байгуулах гэж байна. Үүний дараа гамшгийн улмаас орон гэрээ алдсан айл өрхүүдэд тусламжийн гэр олгох ажил хийгдэнэ" хэмээсэн юм.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.