Пакистаны ерөнхий сайд Энэтхэгт шанг нь хүртээхээ мэдэгджээ

Лхагва гарагт /2025.05.07/ Энэтхэг улс Кашмир нутагт болсон террорист халдлагын хариу болгож Пакистанд агаарын цохилт өгсөн. Пакистан халдлагын талаар мэдэгдэл хийхдээ дор хаяж 31 энгийн иргэн амь үрэгдэж, 46 хүн бэртсэн гэсэн юм. Энэтхэг террорист бүлгийн дэд бүтцэд цохилт өгсөн хэмээсэн. Үүний хариуд Пакистан их буу галласан юм. Энэтхэгийн зэвсэгт хүчин мэдээлснээр Пакистаны цохилтын улмаас дор хаяж 15 энгийн иргэн амь үрэгдэж, 43 хүн бэртжээ.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф телевизийн шууд дамжуулалтаар мэдэгдэл хийхдээ “Өчигдөр шөнө гаргасан томоохон алдааныхаа хариуг Энэтхэг хүртэх болно. Тэд биднийг ухарна гэж бодсон байх. Гэхдээ тэд биднийг зоригтой ард түмэн гэдгийг умартсан” гэсэн байна.
Энэтхэг Шинэ Делид суугаа арав гаруй гаднын төлөөлөгчид мэдэгдэхдээ “Хэрвээ Пакистан хариу арга хэмжээ авбал Энэтхэг хариу өгнө” гэжээ. Цөмийн зэвсэгтэй тус хоёр орон бие биедээ хариу өгнө гэж мэдэгдэл гаргасан нь илүү өргөн хүрээний зэвсэгт мөргөлдөөн үүсэж магадгүй гэх айдсыг нэмэгдүүлэв.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.