ОХУ цэргийн алба хаагчдадаа зарцуулж буй мөнгө түүхэн өндөр хэмжээнд хүрчээ

ОХУ цэргийн албан хаагчдад зарцуулж буй зардал 2025 оны эхний хагаст 2 их наяд рубль (25.68 тэрбум ам.доллар) давж, дээд түвшиндээ хүрсэн гэж “Re: Russia” судалгааны платформ тооцоолжээ.
Зардал ингэж огцом өсөж буй нь цэрийн албанд элссэний урамшуулал, цалингийн өсөлт, шархадсан цэргүүд болон амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт олгож буй нөхөн олговортой холбоотой юм.
Энэ жилийн эхний зургаан сарын байдлаар, холбооны болон орон нутгийн төсвөөс ойролцоогоор 400 тэрбум рубль (5.14 тэрбум ам.доллар) элсэлтийн урамшуулалд, 865 тэрбум рубль (11.11 тэрбум ам.доллар) цалинд, амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийн ар гэрт нөхөн олговор болгон 765 тэрбум рубль (9.82 тэрбум ам.доллар) тус тус зарцуулсан байна.
Хэрэв зардал энэ байдлаараа үргэлжилбэл, оны эцэс гэхэд цэргийн албан хаагчдын зардал нийт 4 их наяд рубль (51.36 тэрбум ам.доллар) давна гэж “Re:Russia” тооцоолжээ.
Энэ тоо нь 2025 оны холбооны засгийн газрын нийт төсвийн зардлын 9.5 хувийг ээлж байгаа юм. Мөн ОХУ-ын ДНБ-ий 2 орчим хувьд хүрэхээр мөнгөн дүн. 2025 онд цэргийн алба хаагчдад зарцуулж буй мөнгө өмнөх оноос огцом өсөв. Өмнөх онтой харьцуулахад цэргийн албан хаагчдад зарцуулж буй зардал 1 их наяд рублиэр (12.84 тэрбум ам.доллар) нэмэгдэх төлөвтэй байна.
ОХУ байлдааны талбарт гэмтэж, амь үрэгдсэн цэргүүдээ нөхөхийн тулд сүүлийн үед улам өндөр санхүүгийн урамшуулал санал болгох болсон. “Re: Russia”-гийн тооцоолсноор, сүүлийн зургаан сарын хугацаанд ОХУ ойролцоогоор 200 мянган шинэ цэргийн алба хаагчийн гэрээ байгуулжээ.
Тус платформын судлаачид “Ашиг өндөр, арилжааны шинжтэй “дайны гэрээ” нь газар нутгийн хувьд мэдэгдэхүйц ололт амжилтгүй, асар их хохирол амссаар байгаа ч Украины эсрэг довтолгоогоо Владимир Путин хоёр дахь жилдээ үргэлжлүүлэх боломжийг олгож буй гол хүчин зүйл хэвээр байна” гэсэн юм.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев энэ сарын эхээр цэрэг шинээр элсүүлж буй хурдыг их сайн, боломжийн хэмээж, энэ хэвээр үргэлжилнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Гэвч цэргийн хүчний тоог хадгалсны үр дүнд асар олон хүн бие махбодоороо хохирч байна.
“The Economist” сэтгүүлийн тооцоолсноор, тавдугаар сарын 1-нээс долоодугаар сарын 9-ний хооронд амь үрэгдсэн Орос цэргийн тоо ойролцоогоор 31 мянга давсан байж магадгүй юм. Энэ нь 2025 он гарснаас хойш хамгийн их гарз, хохиролтой үе болж буй.
Украины дайн эхэлсэн 2022 оноос хойш нийт цэргийн хохирлын тооцоолол нь 900 мянгаас 1.3 саяын хооронд хэлбэлзэж байгаа. Үүнээс 190 мянгаас 350 мянга нь амь насаа алдсан эсвэл маш хүнд гэмтсэн хэмээн барууны тагнуулын байгууллагууд болон бие даасан судлаачид тооцоолсон.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросуудын мөнгө дуусахгүй нээ? Тэгэхээр дайн мөдгүй юм байна дөө!