О.Алтангэрэл: Дүрмээрээ явахгүй бол бид түүхээ давтана

Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж ҮБХ-ны хурлаа товлолоо. Хурлаар юу яригдав?
-УТЗ-ийн ҮБХ-ны хурлыг яаж зарлах, ямар асуудал хэлэлцэх талаар ярилцсан. УТЗ-ийн гишүүдийн ирц хүрснээр хурал болсон. Миний хувьд очиж чадаагүй ч мэдээлэл авсан. Гишүүдийн дийлэнх дэмжиж ҮБХ-ны хурлыг товлосон гэсэн.
-Л.Гантөмөр дарга өөрөө байр сууриа өөрчлөв үү. Намын дүрмийг хэлэлцэхээс өмнө амжиж дарга болох гэсэн хүмүүсийн эрх ашиг явчихав уу-
-Эхлээд дүрмээ яриад араас нь асуудлаа хэлэлцэх ёстой гэдэг байр суурийг Л.Гантөмөр дарга илэрхийлж ирчихээд яагаад энэ байр сууриасаа ухрав?
-Намын удирдлагын асуудал дээр Л.Гантөмөр даргын байр суурь өөрчлөгдөөгүй явж ирсэн. Ажлаа өгөхөд ямагт бэлэн байна гэдгээ илэрхийлсээр байгаа. Гэхдээ өмнөх намын дүрмээ өөрчлөөд суудлаа өгнө гэдэг байр суурь нь өөрчлөгдсөн. Энэ дээр Л.Гантөмөр дарга өөрчлөгдөв үү. Эсвэл дүрмийн өөрчлөлтийг гишүүдээр хэлэлцүүлэхээс өмнө амжиж дарга болох гэсэн хүмүүсийн эрх ашиг байв уу гэх асуудал бий.
2023 оны долдугаар сард Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Уг шинэчилсэн найруулгатай хамт дагаж мөрдөх журмын тухай хууль хамт батлагдсан. Тус хуулийн 2-р зүйлд улс төрийн намууд өөрсдийн дүрмээ энэ хуультай нийцүүл гэсэн хоёргүй утгатай заалт орсон. Үүний дагуу бүх намууд дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлээд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Энэ үйл явц АН дээр огт хийгдээгүй. Манай нам 2016, 2020, 2024 оны гурван удаагийн сонгуульд ялагдсан яг тэр дүрэмтэйгээ байгаа.
Ер нь гишүүд юу хүсэж байна вэ. Цаашлаад монголын ард түмэн юу хүсэж байгаа вэ гэдэг нь асуудал. Гишүүд бол оролцоотой намыг хүсэж байгаа. Харин ард түмэн нийгэмд болоод байгаа зүй бус явдлууд, улс төрөөр дамжиж монголын байгалийн баялгийг цөлмөдөг байдал, авлига, хээл хахууль гэх зүйлсийг таслан зогсоодог улс төрийн хүчин байгаасай л гэж хүсэж байгаа. Энэ хүлээлтэд хүрэх арга зам нь хуулийн дагуу дүрмээ шинэчлээд дүрмийн дагуу асуудлаа шийдвэрлэх.
Хамтын удирдлагаа яах юм. Яаж гишүүдээ сонсдог нам болох вэ. Хэрхэн ард түмний хүссэн зүйлсийг биелүүлэх вэ гэх асуудлаас илүү. АН одоо хэн нь дарга болох вэ гэдгээ яривал дахиад л нөгөө хуваагдал, зодоон руугаа буцах гээд байна. Хэн АН-ын дарга болох нь монголын ард түмэнд огт чухал биш. Нийгэмд байгаа шударга бус зүйлстэй тэмцэж чаддаг нам байх уу, үгүй юу гэдэг л чухал.
Нам дүрмийнхээ хүрээнд л үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс эхлээд дүрмийнхээ асуудлыг шийдье гэдэг санааг бид хэлж байгаа. Дүрэмгүйгээр дахиад л эцэс төгсгөлгүй даргын хэрүүлтэй. Зөв, буруу, бүртгэнэ, бүртгэхгүй гэдэг тэмцэл рүү ормооргүй байна. Манай нам хэдийнээ энэ үе шатаа туулаад дуусчихсан.

-АН-ын ҮБХ-ны гишүүд дүрэмгүйгээр даргын асуудал ярихгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна лээ. Хэрэв гишүүдийнх нь олонх эсэргүүцвэл хуралдаан цуцлагдах уу. Эсвэл хуралдаж эхлээд дүрэм хэлэлцэх үү?
-Эсэргүүцэж байгаа гишүүд нэлээд бий. Гэсэн ч ҮБХ-ны хурал болдгоороо болно. Харин хурал дээрээ бид дүрмийн асуудлаа түлхүү ярих ёстой. Хүсвэл даргын асуудал ярих эрх нь ҮБХ-нд байгаа. Гэхдээ үүнийг шийдвэрлэхийн тулд бид заавал намын их хурлаа хийх ёстой. Процесс ингэж явна. Бид эхнээсээ буруу явчихвал цаашид хэдэн ч хурал хийсэн буруу болно. АН өмнө нь ҮБХ-ны хурал олон хийсэн. Цахимаар ч хуралдаж үзсэн. Ковидын үед гадаа сандал тавиад Дүнжингарав захын талбайд хүртэл бид хуралдсан. Энэ түүх саяхных. Анхнаасаа дүрмээрээ явахгүй бол бид буцаад энэ түүхээ давтана.
-Эхлээд дүрмээ хэлэлцвэл танай намын даргын асуудал хэдийг хүртэл хойшлох вэ?
-Хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө дүрмээ бүртгүүлэх ёстой. Тэгэхээр ирэх есдүгээр сард дүрмээ шинэчлээд, баталбал аравдугаар сард УДШ-д бүртгүүлээд даргаа сонгож болно. Ердөө нэг сарын л асуудал.
-Залуусаа хуучин лидерүүдтэй холбож харлуулдгаа одоо болих хэрэгтэй-
-АН-ын даргад нэр дэвшигч бараг 10 хүрчихлээ. Хэд нь албан ёсоор нам дотроо мэдэгдэв?
-Зарим нь албан ёсны нэр дэвшигч биш байх. Яг дэвших бодолтой хэдэн хүн болон дэвшихгүй хэдэн хүн байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа. Олон нэр яригдаж байгаа ч нам дотроо албан ёсоор дэвших байр сууриа илэрхийлсэн нь Л.Мөнхбаясгалан. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд эмэгтэйчүүд болон говийнхны төлөөлөл болж дэвшихээ илэрхийлсэн. Мөн дүрмээ шийдээд, асуудлаа шийдвэрлэвэл Ч.Лодойсамбуу гишүүн өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа.
-Та нэр дэвших үү?
-Хэрэв Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн үзэл санаа, авлигын эсрэг багц хуулийг дэмжих улс төрч байвал тэр хүнийг би намын даргад дэмжинэ. Байхгүй бол өөрөө дэвшинэ. Тиймээс дэвших хүмүүст албан ёсоор нэрээ оруулсан.
-Нэр дэвших гишүүдийн ардах АН-ын фракцуудын асуудал бас сошиалд идэвхтэй явж байна. Тухайлбал таныг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн ч гэдэг?
-Намайг янз бүрээр хэлж байна лээ. Би аль ч ярианд нь эмзэглээгүй. Намайг хэний ч хүн гэж хэлж болно. Цаг хугацаа, үйлдэл, үйл ажиллагаа харуулна. Өнөөдөр нэр дэвшиж байгаа хүн бүрийг хэн нэгний хүн болгох үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ бол байх л асуудал. Ер нь залуучуудыг тэрнийх, энэнийх гэж янз бүрээр их цоллодог. Хүн яагаад өөрийнхөө хүн байж болдоггүй юм.
Одоо манай нам нэг зүйлийг ойлгох болсон. Бид одоо энэ намыг авч явж байсан. Лидер хүмүүстэйгээ эргэж зууралддаг. Зууралдахдаа тэдгээр хүмүүсийг харлуулж, дотоод асуудлаа шийдэхийн тулд намын гишүүдээ өмнөх үеийн лидер болох Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг зэрэг хүмүүстэй холбон харлуулж, нийгэмд хаяж өгдөг. Энэ байдлаас болоод Ардчилсан намын нэр хүнд унадаг. Хагарал үргэлжилдэг байдлыг одоо цэглэж, зогсоох цаг болсон.
Манай лидерүүдэд бүгдэд нь хийсэн сайн зүйлс, сайхан чанар бий. Бас бүгдэд нь алдаа байгаа. Гэтэл бид зөвхөн дээд үе, өмнө нь намаа авч явж АН-ын уурга тархи, зүрх болж явсан хүмүүсээ зөвхөн хар буруу талаар нь ярьж, ойлгуулдаг. Энэ байдлаасаа салах ёстой. Ардчилсан нам урагшаа харж, өмнөх үеийнхээ алдааг бид давтахгүй байх ёстой. Хууччуулынхаа авлига, албан тушаал, хөрөнгө мөнгөтэй холбогдсон алдааг нь хаяж сайныг нь аваад явах ёстой.
-С.Ганбаатарыг хулгай хийгээд явах хүн гэж бодохгүй байна-
-АН-ын дарга хэн болохоос хамаарч 2028 оны сонгуульд АН ялах уу, ялагдал хүлээх үү гэдэг шийдвэрлэгдэх нь. Нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүсийг намын гишүүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Өнөөдөр намын даргад яригдаж байгаа хүмүүсийг бүгдийг нь намаа аваад явах потенциалтай хүмүүс гэж харж байгаа. Бүгд өөрсдийн гэсэн дэмжигчидтэй, шугамтай хүмүүс. АН-ын дараагийн даргаас хамаарч 2028 оны сонгуульд манай нам амжилт гаргах уу гэдэг асуудал шийдэгдэнэ. Л.Гантөмөр даргын хувьд бүх талын хүчин зүйлсийг нь нэгтгэж, бүх лидерүүдийг цуглуулаад намаа эвтэй, найртай авч явсан. Л.Гантөмөр даргын манлайлал дор бүрэлдсэн энэ хүчин зүйл цаашид хувь хүмүүс дээр бол тогтохгүй, бутарна. Хамтын удирдлагатай, бөөндөө цуглаж, ярьж шийдвэр гаргадаг болж байж энэ соёл цаашид тогтоно. Олон ургальч үзэл байж болно. Фракцуудаар асуудал шийдэж болно. Маргалдаж болно. Гэхдээ хамтын удирдлагаар асуудлаа шийддэг зарчим нь заавал байх ёстой.
Л.Гантөмөр дарга бол АН-ын түүхэнд тодоос тод, сайнаар тэмдэглэгдэн үлдэнэ. УИХ-ын сонгуульд ялагдсан гэдэг л факт байгаа. АН-ын түүхэнд зөндөө олон дарга ялагдаж байсан. Л.Гантөмөр дарга олон хэсэг эвдэгдсэн намыг эвлүүлэн нэгтгэж УИХ-ын сонгуульд шийдвэрлэх үүрэг бүхий хүчин болгож чадсан нь үнэн. Дээрээс нь аливаа тамга, тэмдэгтэй зууралдалгүй өөрөө хариуцлага хүлээж, ажлаа өгөөд явсан. Ингэж өгч явахдаа хамтын удирдлагын тогтолцоог биежүүлэх ёстой шүү гэдгийг ойлгуулсан гавьяанууд түүнд оногдох ёстой. Энийг хэн ч арилгаж чадахгүй. Харин дараагийн дарга түүний хамтын удирдлагын тогтолцоог заавал үргэлжлүүлэх ёстой. Ингэж байж л бид цааш явна.
-АН-ын даргын асуудал фракц хоорондын зодоон болоод дуусдаг жишээ бий. Энэ удаад хагарал, асуудалгүй АН олонхиор хуралдаж, хэлэлцэж намын даргаа сонгож чадах болов уу?
-Нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийлэх байх. Ямартай ч фракцууд бүгдээрээ уулзалтаа хийж, хуралдаж байгаа. Байр сууриа нэгтгэхээр хэлэлцэж байгаа байх. Үүнийг би зөв гэж бодож байна. Сая өнгөрсөн долоо хоногт бүгдээрээ хуралдсан. Гадуур уулзалтууд үргэлжилж байна. Манай ахмадууд бас үг, үзэл бодлоо илэрхийлсэн. Дийлэнх нь “Дүрмээ яриач” гэдэг шаардлага хэлж байгаа. Зовлон үзсэн хүмүүсийн хувьд дүрмээ яриад шийдвэр гаргах тухай санал хэлсэн. Энэ үзэл бодол байр суурийг нь бид тусгах ёстой.

-АН-ын даргын асуудлаас гадна танай намын гишүүн С.Ганбаатарыг авилгын хэргээр АТГ шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн. Прокурор хэрхэхээс хамаарч ирэх намар гишүүнээс нь эргүүлэн татах асуудал ч үүсэж магадгүй нөхцөл бий болчихлоо. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудал дээр УИХ-ын гишүүний хувьд би байр сууриа илэрхийлье. Бид өнөөдөр хэвлэлээр гарч байгаа мэдээллээр асуудалд огт хандахгүй. Сайнхүүгийн Ганбаатар гишүүнтэй би нэг тойрогт дэвшиж явсан. Олон жил мэднэ. Тиймээс ямар нэг байдлаар хулгай хийгээд явах гишүүн гэж бодохгүй байна. Үнэхээр тийм байсан бол Сүхбаатарын талбайд идэр есийн хүйтэнд өлсгөлөн зарлаад хэвтэж байхад нь бариад явахгүй яасан юм. Энэ олон жил тэмцлийн гал дундуур явахад нь чирээд явахгүй яасан юм. Үнэхээр асуудал байгаа бол хуулийн байгууллагын ажлыг хүндэтгэнэ. Прокурор албан ёсоор оруулаад ирвэл УИХ-аар хэлэлцэх процесстой. Ямар үндэслэлтэйгээр, юуг нотлох баримт гэж үзэж, ямар хэрэгт яллаж байгааг асууж байгаад гишүүд шийдвэр гаргах болно.
-Танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломжтой хэмээн байр сууриа байнга илэрхийлж ирсэн цөөхөн хүний нэг. Гэтэл ийм амбицтай, УИХ-д хэд сонгогдсон АН-ын гишүүнийг шалгаж, саатуулсан байхад нам нь яагаад чимээгүй байв?
-Хэрэв үнэхээр хэрэг үүссэн нь үнэн бол прокуророос түдгэлзүүлэх нь шийдэгдлээ гэхэд УИХ-аар орж ирэхэд үед л энэ асуудлыг ярина. Бид намын бүлгээрээ ч энэ асуудлыг хэлэлцэж, хэрэв эрүүдэн шүүх шинжтэй болоод шүүж, хилсдүүлж, улс төрч гэдгээр нь ингэж байгаа бол АН ийм асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ хэвлэлийн хурлаар мэдэгдсэн. Энэ байр суурь дээрээ байх болно. Дээр дурдсанчлан парламентын гишүүний хувьд түдгэлзүүлэх бүх асуудал процессоороо явна.
С.Ганбаатар гишүүнийг янз бүрээр хэлж, 20 жил мууллаа. Гэтэл 20 жилийн өмнө ярьж байсан Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудалд алдаа байсан нь тодорхой болсон. Тиймээс би энэ олон жил нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан хүнийх нь хувьд болон нэг тойргоос сонгогдсон гишүүний хувьд С.Ганбаатарыг ямар нэг гэмт хэрэг зөрчил үйлдсэн гэдэгт итгэхгүй байна.
-Таны санаачилсан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хууль хавар батлагдаж амжаагүй. Гэтэл Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Авилга болон албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах чиглэл өглөө. Хуулийн орчин нь бүрдээгүй байхад энэ боломжтой зүйл үү?
-Нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийн төсөл маань намрын чуулганаар хэлэлцэх асуудлын 23-т орсон. Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрээр хураагдаж байгаа эд хөрөнгө дээр ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол энэ нэгэнт хийгдэж байсан зүйл. Миний яриад байгаа хөрөнгө хураах хууль бол 2002 оноос хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, өршөөлийн хуульд хамрагдсан ямар нэг хариуцлага тооцох боломжгүй болоод завшсан этгээдүүдийг бүгдийг нь шалгаж нотлохгүй байгаа хөрөнгийг нь хураая гэдэг үзэл санаа юм шүү. Энэ одоогоор хуулийн хувьд хэрэгжих ямар ч боломжгүй байгаа.
Мөн өнөөдөр Эрүүгийн хуулиар 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгийг үндэслэлгүй хөрөнгөжих зүйл ангиар шалгах бололцоотой. 99 саяар үндэслэлгүй хөрөнгөжсөн бол шалгах үндэслэл байхгүй гэсэн үг. Энэ хуулийн боломжуудыг хэрхэн нээж, хуульгүйгээр хөрөнгө хураах гэж байгаа гэдгийг би хуульч хүний хувьд огт ойлгоогүй.
Гэхдээ нэг талаар, Г.Занданшатар Ерөнхий сайдад нэг зүйл дээр баярласан. Ердөө жилийн өмнө ярихад элдвээр дайрч, гүтгэж, шоолж байсан хөрөнгө хураах хууль, түүний үзэл санаа өнөөдөр парламентын түвшинд яригдаж, Ерөнхий сайдын амаар гардаг болсон байна. Үүнд хувь хүний хувьд баярласан. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг дэмжиж байсан. Ажлыг нь үргэлжлүүлж буй Ерөнхий сайд Г.Занданшатар мөн уг асуудлыг ярилаа. Одоо энэ үгээ үйлдлээрээ харуулчихвал сайн байна. Өргөн барьсан хуулийн төслийг авлигын эсрэг багц хуулиудын хамт намрын чуулганаар оруулж, ямар нэг шалтаг тоочиж, өөрчлөлгүйгээр дотор талаас нь араа шүдийг нь хасаж таналгүйгээр сайхан дэмжээд өгөөсэй гэж хүсэж байна.
-УИХ-аас ажлын хэсэг байгуулсан ч намжчихсан “Ухаа худаг”-ийн асуудал хэрхэж байгаа вэ. Энэ намар хэлэлцүүлэх үү?
-Ухаа худгийн асуудал яг хэвэндээ байгаа. Ажлын хэсэгт нь байхгүй учир тодорхой мэдээлэлгүй байна. Асуудал сунжирвал ялагдах эрсдэл бий. Өнгөрсөн хугацаанд уг асуудал Монголын байгалийн баялаг, тэр дундаа Тавантолгой ордод эзэн суусан хэсэг дандаа ялж ирсэн. Өрсөлдөгчид нь дандаа гутаан доромжлогдож, муу хүн болж ирсэн. Энэ удаад бид уг асуудлыг яг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Ард түмэн ялах ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа. Ардын намын төлөөлөгч шүү дээ.
ХАРИН ЧИ Л ТЭДНИЙ БУУНЫ НОХОЙ ЮМ БИШ ҮҮ! К КК
Популист
Хиншүү Жэнко хоёрыг өмөөрөөд ирэхээр л танигдаад байна даа
Орсын тавиулын үнэнч дүү нь байгаа юм даа. Их л үнэний туйл ярьхаар яг эсрэгээрээ үнэн төрх нь байдаг нь бидний гачлан эдний шилдэг арга. Танигдсан шүү чи
Горьд муу дүлзэн
Аль эртнээс би ерөнхийлөгчид нэр дэьшихэд хэзээд бэлэн гээд яриад явдаг хүний хувьд тийм их хууль бус зүйл хийж явдаг гэхэд огт итгэхгүй бнаа
За да больж үздээ чи Зи Энхболд Жонхуу нарын гар хөл болж амь зогоож явдагийг чинь Өвөрхангайн бид нар АН ыхан ч мэднэ.
Чи шударга ёс тогтоохын төлөө юу хийсэн бэ, Яармагт спортын ордон барина гэж х�##�аас нэг найз чинь болох УИХ ын гишүүн Хосбаяр та 2-ийн ӨВМТХ ХХК татвар төлөгчдийн 16 тэрбумаар гараа угааж б�##�гас болгоод хаясан хэргийг чи сайд байхдаа АТГ дээр замхруулсан. Одоо шударга ёс ярьж явахаасаа ичдэггүй юм уу. Шударга ёс байдаг бол Хосбаяр та 2-т эрүү үүсгээд УИХ аас эгүүлэн татах ёстой за
л�##�арчин жонхуугаа намын дарга болгох гээд л үйлээ үзэж байхшив
Jenko, Danhyn utastai hvvheldei, yarj baiga vzel bodol n negl bish, namaa anduursan komunism gar bishvv