Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг Н.Алтаншагай нар өргөн барилаа

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өнөөдөр УИХ-ын дарга Н.Учралд /2025.12.12/ гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барьжээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 21.7 их наяд төгрөгийн гадаад төслийн зээлийн Монгол Улс авч ашиглан Дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлсэн байдаг.
Харин өнөөдрийн байдлаар Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр нь байгуулагдаж УИХ-аас соёрхон баталсан хэрэгжиж байгаа гадаад зээл, тусламжийн нийт 116 төсөл байгаагаас гадаад төслийн зээлийн 89 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн нийт зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 14.5 их наяд төгрөг байгаа бөгөөд эдгээр гадаад зээлийн гэрээ 95.5хувь 2030 гэхэд дуусах ёстой. Гэвч зээлийн ашиглалтын хэмжээ хангалттай түвшинд батлагдахгүй байгаагаас шалтгаалж эдгээр төслүүдийн хэрэгжилт удааширч, ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхгүй тохиолдолд 10 гаруй жил хэрэгжих эрсдэл бодитоор бий болсон байна.
Иймд өмнөх хугацаанд авсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй, энгийн нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд үр ашигтай ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан юм.
Энэ хууль батлагдсанаар 3-н том төслийн ажлыг бодитоор урагшлуулна. Үүнд:
1. Газрын тосны боловсруулах үйлдвэр
2. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
3. Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүд юм.
Мөн Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслийн жагсаалтад тусгагдсан, импортыг орлох, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх боломжтой, нийслэл Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудал болох хүрээлэн буй орчны бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.